2024 оны Чөлөөт бөхийн УАШТ эхний өдрийн медальтнууд

566

Эмэгтэйчүүдийн 53 кг-ын финалд “Аврагч” спорт хорооны бөх, ДАШТ-ий мөнгөн медальт Б.Хулан нь олимп, дэлхийн хүрэл медальт, гавьяат тамирчин Б.Болортуяаг цэвэр ялж тэмцээний анхны алтан медалийн эзэн болов.

Энэ жингийн хүрэл медалийг “Аваргууд академи”-ийн Ч.Отгонтуяа хүртсэн. Тэрбээр медалийн төлөөх барилдаанд “Алдар”-ын Г.Отгонжаргалыг буулгаж авсан юм.

2024 оны УАШТ-ий 68 кг-ын жинд долоон бөх зодоглосноос “Женко” клубийн тамирчин, өсвөрийн Ази тивийн аварга Э.Одзаяа, өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчид гэсэн гурван насны ангиллаар Азийн аваргаас медаль хүртсэн П.Номин-Эрдэнэ нар алтан медалийн төлөө шалгарч, барилдлаа.

Үзэгчдийг шуугиулсан, эл өрсөлдөөнд П.Номин-Эрдэнэ 4:3-аар ялж, аваргын алтан медалийг хүртэв. Харин Э.Одзаяа насанд хүрэгчдийн УАШТ-ээс анхны медалиа авсан нь энэ.

Сонирхуулахад, Э.Одзаяагийн хувьд ДАШТ-ий нэг мөнгө, гурван хүрэл медальт, гавьяат тамирчин О.Насанбурмаагийн төрсөн эгч О.Мягмарсүрэнгийн охин билээ.

Эл жинд хүрэл медалийг өсвөр үе, залуучуудын УАШТ-д дөрвөн удаа түрүүлсэн, 15 хүртэлх насны Азийн АШТ-ий хүрэл медальт А.Даваажаргал хүртэв.

57 кг-ын жинд “Хилчин” спорт хорооны тамирчин, ДАШТ-ий хүрэл медальт З.Занабазар, “Төгс” дэвжээний бөх 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт Б.Мөнх-Эрдэнэ нар үзүүрт шалгарч, алтан медалийн төлөө барилдлаа.

Б.Мөнх-Эрдэнэ нэг минут дутуу байхад өрсөлдөгчөө даралтад оруулсан ч, З.Занабазар хүнд нөхцлөөс амархан гарсан. Гэвч Б.Мөнх-Эрдэнэ хий зайгүй, нягт барилдаж 7:3-аар ялснаар 23 хүртэлх насны УАШТ-д түрүүлсэн амжилтаа Насанд хүрэгчдийн УАШТ-д мөн давтлаа.

Азийн наадмын хүрэл медальт Н.Насанбуян, 23 хүртэлх насны Азийн АШТ-ий хүрэл медальт ОУХМ М.Даваабанди нар энэ жинд хүрэл медаль хүртсэн юм.

70 кг-ын жинд “Хилчин” спорт хорооны тамирчин, залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, 23 хүртэлх насны Азийн аварга Э.Тэмүүлэн, “Алдар” спорт хорооны тамирчин, 23 хүртэлх насны Азийн АШТ-ий хүрэл медальт Ц.Чинзориг нар алтан медалийг булаалдав.

Эл барилдаанд ялсан Цэрмаагийн Чинзориг Монгол Улсын аваргаар тодорлоо.

Хүрэл медалийг Спортын Төв сургуулийн тамирчин Ш.Дэлэг, “Дархан Хасу”-гийн Э.Төгсжаргал нар зүүсэн юм.

2024 оны УАШТ-ий 97 кг-ын жинд “Алдар” спорт хорооны тамирчин, Азийн АШТ-ий хүрэл, 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт, Улсын харцага Г.Ганхуяг, Азийн АШТ-ий хошой мөнгөн медальт ОУХМ Улсын начин Ө.Батзул нар шалгарсан. Ө.Батзул начин барилдалгүйгээр өрсөлдөгчдөө ялалтыг өгсөн тул Г.Ганхуяг Монгол Улсын аваргад түрүүллээ.

Эх сурвалж: Монголын чөлөөт бөхийн холбоо