ОХУ 5:0 Саудын Араб
Гоол: 12 мин Юрий Газинский
43 мин Денис Черишев
71 мин Артем Зюба
90 мин Денис Черишев
90 мин Александр Головин
Хөлбөмбөгийн ДАШТ Орост эхэллээ. Тус тэмцээний салхийг уламжлал ёсоор зохион байгуулагч орон болох ОХУ, шар тивийн төлөөлөл Саудын Арабын шигшээ багтай хийсэн юм.
Сүүлийн 7 тоглолтод хожил аваагүй оросууд дэлхийд чансаагаар 70-д, харин гурван нөхөрсөг тоглолтод дараалан хожигдсон Саудын Арабын баг 67-д жагссан. Энэ нь ДАШТ-ий салхийг хагалж буй хоёр орон нийлээд хамгийн муу чансаатайд тооцогдож байлаа.
Гэхдээ талбайн эздийг аз, од ивээдэг. Москвагийн “Лужники” цэнгэлдэхэд хуран цугларсан 78 мянган үзэгч үүний гэрч болсон юм.
Оросын “Краснодар” клубт хүчин зүтгэдэг хагас хамгаалагч Юрий Газински 12 дахь минутад гоолын салхийг хагалав. Хачирхалтай нь, энэ нь түүний шигшээдээ хийсэн анхны гоол байлаа. Энэ жил 28 настай, шигшээдээ ердөө 6 тоглолт хийсэн эрийг ДАШТ-д оролцох 23 тоглогчийн тоонд оруулсан дасгалжуулагч Станислав Черчесовын шийдвэрт гайхах хүн олон байсан. Харин тэр энэ гоолоороо эргэлзсэн бүхэнд хариулт өгсөн юм. Түүнчлэн ДАШТ-ий анхны гоолыг мөргөж оруулсан нь 20 жилийн өмнө Бразил – Шотландын тоглолтод Сезар Сампайо эхний гоолыг мөргөж оруулснаас хойших анхны тохиолдол болжээ.
Хэдийгээр эхний гоолыг оруулж, талбайн эзэд хожиж байсан ч “Ногоон шонхорууд” бөмбөг илүү эзэмшихийг хичээж байв. Тоглолтын 20 дахь минутад Алан Загоев шөрмөсний гэмтлийн улмаас талбайг орхиж, Испанийн “Вильареаль”-д данстай Денис Черышев талбайд гарлаа.
Аз болоход оросуудад энэ сэлгээ сайнаар нөлөөлж, Денис Черышев ч зүгээр нэг талбайд гараагүйгээ харуулсан. 43 дахь минутад гоолын зөрүүг холдуулаад зогсохгүй тоглолтын шилдгээр шалгарав. Тэрбээр ДАШТ-ий нээлтийн тоглолтод сэлгээнээс гарч ирээд гоолдсон анхны тоглогч болсон юм. Гурав дахь гоолыг мөн л сэлгээгээр орж ирээд удаагүй Артем Зюба мөргөж оруулсан бол шүүгчийн мэдлийн 94 дэх минутад ОХУ-ын шигшээ багийн хамгийн залуу тоглогч, 22 настай Александр Головин чөлөөт цохилтоос ганган гоолыг гүйцэтгэж, баг нь өрсөлдөгчөө 5:0-ээр хожлоо.
Ийнхүү оросууд эх орондоо болж буй хөлбөмбөгийн ДАШТ-ий эхний өдөр л рекорд тогтоов. Урьд өмнө нь гэртээ хийсэн анхны тоглолтод өрсөлдөгчөө 5:0-ээр буулгаж авсан тохиолдол үгүй.