Александр Головин гэж хэн бэ?

1346

Хөлбөмбөгийн ДАШТ-ий нээлтийн тоглолтод “галзуурч”, Оросын багийн довтолгооны гол найруулагч, хоёр гоолын дамжуулалт, нэг гоолын эзэн болсон 22 настай хагас хамгаалагч Александр Головин одоо хөлбөмбөг сонирхогчдын анхаарлын төвд байна. “Лужники” цэнгэлдэхэд цугларсан 78 мянган үзэгчийг уулга алдуулж, суудлаас нь өндөлзүүлсэн энэ тоглогч бол ОХУ-ын шигшээ багийн хамгийн залуу тоглогч. Нутгийнхаа “ЦСКА Москва”-д хүчин зүтгэдэг Головин хөлбөмбөг сонирхогчдод, ялангуяа Английн хөлбөмбөг үздэг хүмүүсийн хувьд хэдийнэ танил болсон хүн.

Головин Сиберийн Калтан хотод төрж өссөн. Хүүхэд насандаа футзал тоглож, хөлбөмбөгчин болох гараагаа эхэлсэн тэрбээр 2009 онд “Новокузнецк” багт данстай болж, гурван жилийн дараа 16 насандаа “ЦСКА Москва”-д ирсэн юм. “ЦСКА” 2013-14 оны улиралд Европын өсвөрийн лигт хүч сорьсон нь Головиний хувьд өөрийгөө харуулах сайхан боломж байлаа. Энэ лигт “Манчестер Сити”, “Бавари Мюнхен” зэрэг томчуудын эсрэг 6 тоглолтод 2 гоол, 2 дамжуулалт гүйцэтгэсэн нь үндсэн бүрэлдэхүүнд багтах хангалттай шалтгаан болов.

Үндсэн бүрэлдэхүүнд анхны тоглолтоо Оросын цомд хийж, “Химик”-ийг 2:1-ээр хожсон тоглолтын 88 дахь минутад сэлгээгээр талбайд гарсан. Харин лигт 2015 оны гуравдугаар сард “Мордовиа”-г 4:0-ээр ялсан тоглолтын төгсгөлд сэлгээгээр орж ирсэн.

Үндсэн багт хийсэн эхний улиралдаа 10 тоглолтод оролцсон бол дараа жил нь өөрийгөө таниулж чадсан юм. Головин 23 тоглолтод оролцож, гурван гоол оруулсан. Ялангуяа Оросын цомын хагас шигшээд “Краснодар” багийн эсрэг хоёр гоол оруулж, багаа ялалтад хөтөлсөн удаатай. Энэ улирлын дараа анх удаа шигшээдээ дуудагдаж, Беларусийн эсрэг сэлгээнээс талбайд гарч, 16 минутын дараа эхний гоолоо оруулсан түүхтэй. Дараа нь Литвийн эсрэг хоёрдугаар довтлогчоор гараанд гарсан. Тэр үед Оросын шигшээг удирдаж байсан, одоо “Халл Сити”-гийн дасгалжуулагч Леонид Слуцки залуу одыг ихэд үнэлж, тэр ямар ч ясгүй юм шиг л уян хатан тоглож байна гэж магтжээ.

Слуцки хэвлэлд өгсөн нэгэн ярилцлагадаа “Оросын шигшээд би Головинд илүү анхаарал тавьдаг. Учир нь тэр хамгийн залуу нь. Мөн шигшээдээ хийсэн эхний хоёр тоглолтод хоёр гоол оруулсан нь түүнийг ямар авьяаслаг болохыг баталж буй хэрэг” гэж ярьж байв.

Харин энэ улиралд А.Головинийг илүү олон хүн мэддэг болсон. Европа лигийн хагас шигшээд Английн “Арсенал” баг өрсөлдөгч ОХУ-ын “ЦСКА Москва”-г 4:1-ээр хожиход Оросын багийн нэр төрийн ганц гоолыг Головин хаалттай цохилтоос оруулсан юм.



Энэ гайхалтай гоолын дараа “Арсенал”-ын босс Арсэн Уэнгэр түүнийг сонирхож байгаагаа мэдэгдэж байв. Ямартай ч Головиний зах зээл дахь үнэ 20 сая евро гэж “ЦСКА Москва” баг үнэлсэн.  Харин Саудын Арабын эсрэг чөлөөт цохилтоос гоол оруулсны дараа олон хүн түүнийг магтаж, багтаа авахыг хүсэх болсон нь тодорхой. Оросын “RT” цахим хуудастай хамтарч ажиллаж буй “Манчестер Юнайтед” багийн дасгалжуулагч Жозе Моуриньо түүнийг анхааралдаа авчээ. Португал мэргэжилтэн өнгөрсөн сард Австрийн эсрэг хийсэн нөхөрсөг тоглолтыг үзээд Головинийг анхааралдаа авсан аж.

Ж.Моуриньогийн хувьд Алан Загоев бэртэл авснаар А.Головин төвийн хагас хамгаалалт руу шилжиж, довтолгоог найруулах үүрэг хүлээсэн. Энэ нь Оросын багт сайнаар нөлөөлж, тэд 5 гоол оруулсан гэнэ. Түүнчлэн Италийн “Ювентус” клуб энэ зун түүнийг өөрийн болгохын төлөө хүн захад өрсөлдөхөөр төлөвлөж байна.