Монголын спортын оны шилдгийг шалгаруулах “Бөртэ чоно-2024” тэргүүн дээд шагнал гардуулах ёслол Улсын драмын эрдмийн театрт арванхоёрдугаар сарын 19-нд болно. Наадам зохион байгуулах ажлын хэсэг өнөөдөр хуралдаж, хийх ажлын төлөвлөгөө, ажил үүргийн хуваарилалтыг хэлэлцэж, өмнөх наадмуудаас илүү шинэлэг хэлбэрээр зохион явуулна хэмээв.
Энэ өдрийн хурлыг Биеийн тамир, спортын улсын хорооны дарга О.Баттулга удирдан явуулж зохион байгуулах комиссын гишүүд болох МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, ажлын албаны дарга Ц.Цэнд-Аюуш, БТСУХ-ны Спортын бодлогын хэрэгжилтийн хэлстийн дарга Ж.Баасансүрэн, МҮОХ-ны зөвлөх А.Ундрал, Улсын драмын эрдмийн театрын уран сайхны удирдагч Б.Хишигзаяа, Соёл урлагийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах шинжээч Г.Ичинхорлоо нар оролцов.
Өмнөх наадмуудыг МҮОХ-ноос зохион байгуулж ирсэн бол энэ удаагийн наадмыг ССАЖЗЯ, Биеийн тамир, спортын улсын хороо, Соёл урлагийн газар, УДЭТ, МҮОХ хамтран зохион байгуулах юм. 22 дахь удаагийн “Бөртэ чоно-2024” наадмын ерөнхий найруулагчаар Урлагийн гавьяат зүтгэлтэн, УДЭТ-ийн ерөнхий найруулагч Ч.Түвшин ажиллах бөгөөд ёслолыг “Тэнгэр” телевиз орон даяар шууд дамжуулан хүргэнэ.
Монголын спортын сэтгүүлчдийн санал асуулгаар тодруулдаг “Бөртэ чоно” наадмыг анхлан санаачилсан нь МҮОХ-ны дэд ерөнхийлөгч агсан Ц.Дамдин бол анхны “Бөртэ чоно” цомыг ДАШТ-ий хошой мөнгөн медальт, гавьяат тамирчин О.Пүрэвбаатар хүртэж байв. Харин энэ цомыг хамгийн олон хүртсэн нь олимпын наадмын хүрэл медальт, ДАШТ-ий алт, хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар бөгөөд тэрбээр 2004, 2006, 2009 онуудад “Бөртэ чоно” цомыг гардаж байжээ.
Эх сурвалж: Биеийн тамир, спортын улсын хороо