МСБХ-ны Үндэсний дээд лиг болон East Asian Super League-ийн хамтын ажиллагаа албан ёсоор эхэллээ

42

Азийн хамгийн хүчирхэг лигүүдийг нэгтгэсэн East Asian Super League-ийн 2025-26 оны улирлаас МСБХ-ны Үндэсний Дээд лигийн аварга багийг оролцуулах албан ёсны урилга ирснээр хоёр тал хамтран ажиллаж эхэлсэн билээ. Үүнтэй холбоотой тус лигийн Гүйцэтгэх захирал Henry Kerins, Үйл ажиллагааны менежер Steve Han болон Маркетингийн менежер Alex Oh нар хүрэлцэн ирж, энэ өдөр МСБХ-ны Үндэсний Дээд лиг зохион байгуулагчидтай албан ёсны анхны уулзалтыг хийлээ.

Уулзалтаар хоёр лигийн зохион байгуулалт, тоглогчдын бүртгэл, тоглолтын хуваарь, маркетинг, медиа төлөвлөгөө зэрэг үйл ажиллагааны дэлгэрэнгүй мэдээлэл харилцан солилцлоо.

East Asian Super League нь FIBA буюу Олон Улсын Сагсан бөмбөгийн Холбоонд хүлээн зөвшөөрөгдсөн хамтын ажиллагаатай бизнес лиг. Нэг баг нэг улиралд 6 тоглолт хийх ба үүнээс гурвыг нь өөрийн талбайд, гурвыг нь зочлон тоглох юм. Шагналын сан 2.5 сая доллар ба хожил бүрээсээ бонус авах зэрэг олон боломжуудтай аж. МСБХ-ы Үндэсний Дээд Лигийн багууд Азийн шилдэг багуудтай өрсөлдөхөөс гадна санхүүгийн нэмэлт орлого олох боломж нээгдэж байгаа юм. Тус лигт БНСУ, Япон, Тайвань, Хонгконг, Филлиппиний лигийн аварга багууд өрсөлддөг.

EASL нь Дэлхийн 18 улсад шууд дамжуулагддаг ба нэг тоглолтыг 8 сая үзэгч үздэг аж. Энэ хэрээр Монгол улсаа олон улсын түвшинд сурталчлах том боломж юм.

EASL-ийн удирдлагууд Монголын лигийн аварга баг тус лигт тоглох болж буйд баяртай байгаагаа илэрхийллээ.