СП ФАЛКОНС 0:1 УЛААНБААТАР
Сүүлийн хоёр жилийн аваргууд болох “СП Фалконс”, “Улаанбаатар” клубүүд 2024-2025 улирлын нээлтийн тоглолтыг хийлээ.
21 жилийн түүхэндээ анх удаа дээд лигийн аваргын цомыг өргөсөн “СП Фалконс” өнгөрсөн улирлын бүрэлдэхүүнээ шинэчлээгүй бол “Улаанбаатар” клуб Франц, Япон улсаас шинэ легионер тоглогчдыг багтаа элсүүлсэн байв.
Хоёр баг адил 4-3-3 хувилбарыг сонгосон бөгөөд харилцан довтолгоотой үзүүштэй хөлбөмбөгийг толилууллаа. Хүч тэнцүү хоёр багийн тоглолт эхний хагаст гоолгүй өндөрлөсөн.
Сүүлийн хагаст энэ тоглолтын цор ганц гоолыг “Улаанбаатар” клубт шинээр нэгдсэн Франц, Португал гаралтай хөлбөмбөгчин Диэтрих Энзо 50’ дахь минутад оруулав. А.Дөлгөөний булангийн цохилтоос дамжуулсан бөмбөгийг мөргөж гоол болгосноор Франц легионер Энзо нийслэлийн багийн төлөөх анхны гоолоо бүртгүүлсэн юм.
ХОВД 0:1 ХАНГАРЬД
Бүрэлдэхүүндээ ихээхэн шинэчлэл хийсэн “Ховд” нээлтийн тойрогт өнгөрсөн жилийн дэд аварга “Хангарьд”-д том шалгуур болж чадлаа.
“Ховд” клубийн гарааны 11 тоглогчийн 10 нь энэ улиралд шинээр нэгдсэн тоглогчид байсан гэхээр баруун хязгаарын төлөөлөл 2024-2025 оны улиралд том зорилготой орж ирсэн нь тодорхой харагдана.
Тоглогчдоос гадна өнгөрсөн улиралд “Аллианс” багийг удирдаж Нэгдүгээр лигт түрүүлсэн Д.Анхбаяр, “Хараацай” клубийн Н.Баттулга нар дасгалжуулагчийн багт ажиллахаар болсон.
Харин “Хангарьд” багтаа төдийлөн өөрчлөлт оруулалгүй шинэ улирлаа эхлүүлсэн. Чадварлаг Япон легионеруудын нэг Комура Юта 20 дахь минутад гоол оруулсан нь гурван онооны үнэ цэнтэй байлаа.
ХАНТЕРС 0:3 ДЭРЭН
Нэгдүгээр лигийн аварга “Хантерс” дээд лиг дэх анхны тоглолтоо хүчирхэг “Дэрэн”-ийн эсрэг хийхээр оноолт таарсан билээ. Ч.Мөнхбат дасгалжуулагч нэгэн цагт “Дэрэн”-г дасгалжуулж явсан тул энэ багийн арга барил, тамирчдын ур чадварыг маш сайн мэднэ. Тиймдээ ч өөрийн бүсэд хамгаалалт хийж, сөрөг довтолгоонд шилжих тактиктай тоглов.
Гэсэн ч “Дэрэн” бөмбөгийг илүүтэй эзэмшиж, ойрын зайн дамжуулалтаар, богино хугацаанд олон довтолгоо хийж, тоглолтын эхнээс санаачилгыг гартаа авсан юм. Эхний хагасын 23’ минутад “Рүүни” хочит Түвшинжаргалын Дөлгөөн өөрийн хурд, авьяас чадварыг харуулж, багийнхаа энэ улирлын анхны гоолыг орууллаа.
“Дэрэн” клубийн төдийгүй Монголын шигшээ багийн шилдэг хагас хамгаалагчдын нэг Б.Батмөнх 70 дахь минутад алсын цохилтоор тоог 2:0 болгосноор лигийн шинэ цэрэг “Хантерс” хүнд байдалд орж эхэлсэн. Харин тоглолтын эцсийн цэг болсон гоолыг “Дэрэн” клубийн довтлогч Б.Өсөх-Ирээдүй 80’ минутад шигтгэлээ.
ЭРЧИМ 14:0 ТӨВ АЗАРГАНУУД
Шинэ улирлын өмнөх солилцоо наймааны цонхоор “Төв Азарганууд” клубийн ихэнх туршлагатай тоглогчид өөр клубүүд руу шилжсэн. Багийн бүрэлдэхүүнд орсон энэ том өөрчлөлтийг нөхөж хэн тоглох вэ? гэдэг асуултын хариулт хэдхэн хоногийн өмнө тодорхой болсон.
Шинэ залуу тоглогчдоор багаа бүрдүүлсэн “Төв Азарганууд”-ыг лигийн 13 удаагийн аварга “Эрчим” эхний тойрогт 14:0-ээр бут ниргэж, дээд лигийн баг бүрэлдэхүүнээ зузаан байлгах шаардлагатайг сануулга өгсөн гэхэд хилсдэхгүй.
“Эрчим” клубийн шинэ цэрэг Япон легионер Коү Готоү энэ тоглолтод долоон гоол оруулж, дээд лигийн эхний тоглолтдоо долоон гоол оруулсан анхны легионер тоглогч боллоо.
Эрч хүчтэй легионеруудаас гадна “Эрчим” клубийн хамтаар дээд лигт есөн удаа түрүүлсэн Ц.Энхжаргал тоглогчийн хувиар дахин талбайдаа гарч, гоол оруулсан нь энэ тоглолтын онцлох үйл явдлуудын нэг байлаа.
БРЕРА ИЛЧ 0:2 ХОРОМХОН
Итали эзэдтэй болж багтаа маш том шинэчлэл хийсэн “Брера Илч” клуб хэрхэн тоглох нь Монголын хөлбөмбөг сонирхогчдын анхаарлын төвд байлаа. Шигшээ багийн ахлагч Х.Цэнд-Аюуш, түүнтэй хамт “Төв Азаргануудад” тоглож байсан Э.Мөнх-Эрдэнэ, Б.Өлзий-Од, Ц.Түмэнжаргал, О.Энх-Амгалан, Г.Ёндонжамц гээд олон тоглогчид “Брера Илч”-д ирсэн.
Тэдний өрсөлдөгч дээд лигийн арвин түүхт “Хоромхон” клуб ямар ч багт амар өрсөлдөгч биш гэдгээ энэ удаад дахин харууллаа. Тоглолтын эхний хагас гоолгүй өндөрлөсөн бол 62’ минутад “Хоромхон” клубт энэ зун нэгдсэн Б.Мөнх-Эрдэнэ гоол орууллаа. Мэдээж мөргөсөн.
“Брера Илч” тооны харьцааг тэнцүүлэхийг хичээж хэд хэдэн аюултай довтолгоо зохион байгуулсан ч амжилттай болгож чадсангүй. Ялангуяа залуу, хурдтай хагас хамгаалагч А.Содмөнх “Хоромхон”-ы хамгаалалтыг хэд хэд сандаргаад амжсан.
Гэвч үндсэн цаг дуусаж шүүгчийн мэдлийн дөрвөн минут өргөгдсөний дараа лигийн хашир туршлагатай довтлогч Ням-Осорын Наранболд 11 метрийн торгуулийн цохилтыг амжилттай гүйцэтгэснээр “Хоромхон” 2:0-ээр хожлоо.