Дээд лиг II долоо хоногийн тойм: “Эрчим” эхний хоёр тоглолтдоо 18 гоол орууллаа

54

ХОРОМХОН 0:4 ЭРЧИМ 

Нээлтийн тойрогт “Төв Азарганууд”-ыг 14:0-ээр бут ниргэсэн “Эрчим” энэ удаад “Хоромхон”-ыг 0:4-ээр илүүрхлээ. 

Бага насандаа Аргентин улсын хоёр ч клубт тоглож, хөлбөмбөгчиний замналаа эхлүүлсэн Япон легионер Коү Готоү “Хоромхон”-ы эсрэг хоёр гоол оруулав. Ингэснээр Коү Готоү нийт есөн гоолтой болж мэргэн буучдын жагсаалтыг хол тасархай тэргүүлж эхэллээ. 

“Эрчим” клубийн өөр нэгэн шинэ Япон тоглогч Тоши Макимото мөн хоёр гоол оруулав. Гоол оруулсан тоглогчдоос гадна хамгаалалтыг онцлохгүй байхын аргагүй.

Туршлагатай хамгаалагч Ц.Энхжаргал, хаалгач А.Сайханчулуун “Эрчим”-ийн ар талыг найдвартай хамгаалж байна. 

ХОВД 7:0 ТӨВ АЗАРГАНУУД 

Эхний хоёр тойрогт 18 гоол оруулж, нэг ч гоол алдаагүй амжилттай багийг дээр онцолсон бол одоо сөрөг үзүүлэлттэй болсон багийн бичих нь.

“Төв азарганууд” нээлтийн хоёр долоо хоногт 21 гоол алдаж, нэгийг ч оруулж чадаагүй гэсэн тааруухан эхлэлийг тавилаа. 

Энэ удаад “Ховд” клуб “Төв Азарганууд”-ыг 7:0-ээр хожлоо. Сонирхолтой нь энэхүү долоон гоолыг Кристофер Жерардо /2/, Кавагүши Юши /2/, Табата Шого /2/, Ёшиока Рэн /1/ гэсэн легионер тоглогчид өөрсдийн нэр дээр бүртгүүлэв. 

СП ФАЛКОНС 2:0 ХАНТЕРС

Лигийн шинэ цэрэг “Хантерс”-ийн ээлжит чанга учраа нь өмнөх улирлын аварга “СП Фалконс” байлаа.

“Хантерс” өмнөх тоглолттой адил нягт хамгаалж, хурдан довтолгооноос өөрсдийн боломжийг үүсгэх тактиктай тоглосон. Гэвч аваргуудын хүчирхэг довтолгоог барьж тогтоох хэцүү хүндхэн даалгавар 30 дахь минутад талаар болж, Бразил хагас хамгаалагч Андрей Феррейра “СП Фалконс”-т тэргүүлийг авчирсан юм. 

Хоёрдугаар үед “СП Фалконс” багийн ахлагч М.Төгөлдөр чөлөөт цохилтоос гоёмсог нэгэн гоолыг оруулж, “Шонхрууд” шинэ улирлын эхний гурван оноогоо халаасаллаа.

ХАНГАРЬД 0:2 УЛААНБААТАР

Нийслэлийн нэр төрийг хамгаалагч “Улаанбаатар” клуб 2024-2025 оны улирлыг гайхалтай эхлүүлж, нээлтийн хоёр тоглолтод өмнөх жилийн аварга “СП Фалконс”-ыг 1:0, мөнгөн медальт “Хангарьд”-ыг 2:0-ээр хожлоо. 

Ота Шион гэх шинэ Япон легионер “Улаанбаатар” клубийн эхний гоолыг 74 дэх минутад оруулсан. Үлдсэн хугацаанд “Хангарьд” үр дүнг өөрчлөхийн төлөө хэд хэдэн довтолгоо өрнүүлсэн ч амжилттай болгож чадсангүй. 

Харин шүүгчийн мэдлийн цагт “Улаанбаатар” клубийн залуу тоглогч У.Тэмүлэн тоглолтын эцсийн цэг болсон гоолыг орууллаа.

ДЭРЭН 3:2 БРЕРА ИЛЧ 

Дээд лигт олон жил тоглож буй туршлагатай, чадварлаг тамирчдаар бүрэлдэхүүнээ зузаалсан “Брера Илч” клуб “Дэрэн”-ийн эсрэг хүчтэй өрсөлдөөн үзүүлсэн ч оноо зулгааж чадсангүй. 

Дархан-Уул аймгаас төрөн гарсан авьяаслаг тоглогчдын нэг А.Содмөнх 14 дэх минутад тэргүүлийг авчирсан. Монголын дээд лигт тун сайн идээшин тоглож буй Япон тоглогч Саито Ато 41 дэх минутад тоог 0:2 болгож, “Брера Илч” эхний хагасыг том давуу талтай өндөрлүүлэх боломж үүсэв. 

Гэсэн ч эхний үеийн шүгэл дуугарахаас өмнө “Дэрэн” клубийн жигүүрийн хамгаалагч Э.Эрхэмбаяр гоол оруулсан нь тоглолтын эргэлтийн цэг байсан гэхэд буруудахгүй. 

Э.Эрхэмбаярын гоолоос урам зориг авсан “Дэрэн”-ийн залуус шийдвэрлэх хагаст шийдэмгий тоглолтыг үзүүлж эхлэв. Тийм дээ ч Н.Ананд 77 дахь минутад тоог тэнцүүлж, цэнгэлдэх хүрээлэн “Дэрэн”-ийн хөгжөөн дэмжигчдийн дуунд дарагдаад эхэлсэн. 

Тэнцээний гоолоос ердөө таван минутын дараа Фүнами Юүтаро багийнхаа гурав дахь гоолыг оруулснаар “Дэрэн” үндсэн цагт 3:2-оор хожиж, хөгжөөн дэмжигчдэдээ том бэлэг барилаа.