Дээд лиг III долоо хоногийн тойм: Томчуудад халгаатай долоо хоног…

75

ТӨВ АЗАРГАНУУД 0:4 ХАНГАРЬД 

Дээд лигийн энэ долоо хоног “Төв Азарганууд” болон “Хангарьд” багуудын тоглолтоор эхэлсэн. 

Харамсалтай нь “Төв Азарганууд” клуб тоглолтыг долоон тоглогчтой эхлүүлсэн. Хөлбөмбөгийн дүрмэнд тоглолтыг долоон тоглогчтой эхлүүлж болдог ч тухайн багийн нэг тоглогч талбайд орхиход тоглолт дуусна гэж заасан байдаг. 

Тоглолтын явцад “Төв Азарганууд”-ын нэг тоглогч бэртэл авч талбайг чөлөөлсөнөөр, шүүгч эцсийн шүглийг үлээж “Хангарьд” 4:0-ээр хожлоо. Гоолуудыг … нар оруулав.

ХОВД 3:4 ХОРОМХОН 

“Ховд”, “Хоромхон” багуудын тоглолт бямба гарагийн 16:15 цагт, нартай сайхан цаг агаартайд эхэлсэн ч хоёр баг “гоолын бороо” оруулав.

Хоёр баг эхнээсээ харилцан довтолгоотой нээлттэй тоглолтыг үзүүлж, нэгдүгээр үе 3:2-оор “Ховд” клубийн давамгайлал дор өндөрлөсөн юм. Энэ таван гоолыг хоёр багийн Япон тоглогч нар хийсэн. “Ховд”-оос Кавагүши Юши эхний гоолыг оруулж, Ёшиока Рэн 27’, 45+4’ минутад хоёр гоол бүртгүүллээ. Харин “Хоромхон”-оос Мироншох 27’, Кайто Рюү 34’ нар гоолдлоо. 

Үлдсэн 45 минут “Хоромхон”-ы тэр дундаа довтлогч Б.Мөнх-Эрдэнийн шоу тоглолт болж өнгөрсөн гэхэд хилсдэхгүй. Хоёрдугаар давхарт тоглох чадвараараа Монголын №1 довтлогч гэгддэг Б.Мөнх-Эрдэнэ үүнийгээ батлах мэт мөргөлтүүдийг хийж 77 дахь минутад тоог тэнцүүлэн, 90+3’ дээр багтаа тэргүүлийг авчирсан юм. 

Гайхалтай эргэн ирэлт хийж хүчтэй өрсөлдөгчөө хожсон “Хоромхон” зургаан оноотой болж хүснэгтийн тавдугаар байр руу дэвшлээ.

ХАНТЕРС 1:1 УЛААНБААТАР 

Дээд лигт анх удаа хүч үзэж буй “Хантерс”-ийн эхний дөрвөн тойргийн өрсөлдөгч нь өнгөрсөн улиралд эхний дөрөвт орсон багууд. 

Лигийн анхны гоол, эхний оноогоо том багуудаас авах хүнд даалгаварыг Ч.Мөнхбат дасгалжуулагчтай “Хантерс”-ийн залуус амжилттай биелүүллээ. 

Хөлбөмбөгчиний замналаа “Арвис” клубээс эхлүүлэн дээд лигийн“Андууд сити”, “Арвис”, “Улаанбаатар”, “Баварианс” клубүүдэд тоглож явсан туршлагтай довтлогч Э.Мөнгөнбагана 43’ минутад гоол оруулав. Уг гоол нь “Хантерс” клубийн дээд лигийн түүхэн дэх анхны гоол болон түүхэнд тэмдэглэгдэн үлдэж байгааг онцлууштай. 

Эхний хоёр тоглолтод тун сайн ажилласан “Хантерс”-ийн хамгаалалт “Улаанбаатар” клубийн довтолгоог 78 дахь минут хүртэл барьж тогтоосон. Тэнцээний гоолыг 2023 оны Монголын шилдэг хөлбөмбөгчин Гэрэлт-Одын Бат-Оргил оруулав. 

Үлдсэн хугацаанд аль нэг багийн хаалганы тор хөдөлсөнгүй. Хүчирхэг “Улаанбаатар” клубт тэнцээ хангалтгүй байсан бол “Хантерс”-ын залууст урам зоригийг нь сэргээн үнэ цэнтэй оноо байлаа. 

ЭРЧИМ 2:2 ДЭРЭН 

“Эрчим”, “Дэрэн” гэсэн өндөр зэрэглэлийн багуудын тоглолт ширүүн өрсөлдөөнтэй, шийдэмгий төгсгөлүүдтэй, үзүүштэй болж өнгөрлөө. 

Тоглолт эхлээд ердөө гурван минут өнгөрөөд байхад “Дэрэн”-ийн Япон легионер Фунами Ютаро онооны самбарт нэрээ бичүүлсэн нь нэгдүгээр үеийн ганц гоол байв. 

“Эрчим”-ийг довтолгоондоо анхаарч, хамгаалалтын сиймхий гаргасны “Дэрэн”-ийн довтлогч Б.Өсөх-Ирээдүй ашиглаж тооны харьцаа 71 дэх минутад 0:2 болж холдсон юм. 

Лигийн хошой аварга “Дэрэн” хоёр гоолын зөрүүгээ хадгалах 20 гаруй минут байсан “Эрчим”-ийн шилдэг наймаа Коү Готоү 81’, 85’ дээр угсаруулан гоолдож, өөрийгөө хэр ур чадвартай довтлогч вэ гэдгийг том тоглолтод харууллаа. 

БРЕРА ИЛЧ 1:0 СП ФАЛКОНС 

Энэ долоо хоногийн сүүлчийн тоглолтод “Брера Илч” “СП Фалконс”-ыг хожиж мөн л шуугиан дэгдээлээ. 

Лигийн эхний хоёр тоглолтоосоо оноо авч чадаагүй “Брера Илч” энэ удаад аваргуудтай хийх тулаандаа сайтар бэлдсэн нь илт байлаа.

“Брера Илч”-ээс талбайн төвд Х.Цэнд-Аюуш, Леонал Себастьян тэргүүтэй биеийн хүчний тоглолт сайтай тоглогч нар “СП Фалконс”-ын довтолгоог нэн даруй нурааж байв. Өмнөх тоглолтуудын адил А.Содмөнх, Сайто Ато гэсэн хурдтай тоглогчид “СП Фалконс”-ын хамгаалагчдыг тайван суулгаагүй. 

Аргентин легионер Леонал Себастьян 30 дахь минутад чөлөөт цохилтоос гоол оруулсан нь гурван онооны үнэ цэнтэй байсан юм. Лигийн хамгийн хүчирхэг довтолгоотой багийн олон аюултай цохилтыг “Брера Илч”-ийн хаалгач О.Тэмүүлэн хааж, энэ хожилд том хувь нэмэр орууллаа. 

Өнгөрсөн улиралд Дээд лиг, Холбооны цом, энэ улиралын эхэнд Супер цом гэсэн гурван том тэмцээнд түрүүлсэн “СП Фалконс” улиралын эхний гурван тоглолтынхоо хоёрт нь хожигдлоо. Удахгүй Азийн тивийн тэмцээнд өрсөлдөх аваргуудын хөгжөөн дэмжигчид баг нь өмнөх тоглолтоо хурдан ороосой хэмээн хүсэж буй.