ДЭРЭН 4:2 ХОВД
Дээд лигийн дөрөв дэх долоо хоногийн эхний тоглолт “Дэрэн”, “Ховд” багуудын хооронд болоход “Дэрэн” 4:2-оор хожлоо.
“Ховд”-ын хаалгачийн хаагаад ойж гарч ирсэн бөмбөгийг Т.Дөлгөөн нэмж гоол болгосноор “Дэрэн” 19 дэх минутад тооны харьцааг нээсэн юм. Хариу гоолыг “Ховд”-ын Япон легионер Ёшиока Рэн 32 дахь минутад оруулснаар эхний хагас 1:1-ээр өндөрлөв.
Гэвч сүүлийн хагас эхлээд нүд ирмэхийн зуурт “Дэрэн”-ийн Япон довтлогч Фунами Ютаро хоёр гоол оруулж, тооны харьцаа 48 дахь минутад 3-1 болж холдсон. Удаах гоолыг мөн л “Дэрэн”-ээс оруулсан бөгөөд гоолын эзэн нь Б.Батмөнх байлаа.
Энэ улиралд “Ховд” клубт нэгдсэн Б.Цэрэнбаяр 54 дэх минутад тоог 4:2 болгосон ч үлдсэн хугацаанд үр өөрчлөгдөөгүй. “Дэрэн” улиралын 10 дахь оноогоо авч хүснэгтийг тэргүүлж эхэллээ.
ХОРОМХОН 13:0 ТӨВ АЗАРГАНУУД
Гол тоглогчдоо бусад багуудад алдаж, залуу бүрэлдэхүүнтэй болсон “Төв азарганууд” клубийн шинэ улиралын эхлэл хар дарсан зүүд мэт байна.
Эхний гурван тойрогт 25 гоол алдаж, гурав хожигдсон “Төв Азарганууд” энэ долоо хоногт “Хоромхон”-д 13:0-ээр хожигдлоо.
“Хоромхон”-ы довтлогч Б.Мөнх-Эрдэнэ энэ тоглолтод таван гоол оруулж, мэргэн буучдын жагсаалтын хоёрдугаарт найман гоолтой бичигдэж эхэллээ. Өөр нэг тоглогч “Төв Азарганууд”-ын эсрэг гоол оруулсан нь Сатторов Мироншох байв.
УЛААНБААТАР 1:0 БРЕРА ИЛЧ
Өнгөрсөн долоо хоногт “Хантерс”-тай оноо хувааж, тун сэтгэл дундаар байгаа харагдсан “Улаанбаатар”-ын залуус энэ удаад хүчтэй бүрэлдэхүүнтэй “Брера Илч”-ийг буулган авлаа.
Үндэсний шигшээ багийн ахлагч Х.Цэнд-Аюуш тэргүүтэй олон чадварлаг, туршлагатай тоглогчидтой “Брера Илч” муу тоглолт үзүүлээгүй ч ганц том алдаа гаргасан нь хожигдолын шалтгаан болов.
Эхний хагасын 39 дэх минутад “Улаанбаатар”-ынхан эсрэг багийн хаалгач, хамгаалагчдыг өөрийн бүсэд нь шахаж, хаалгачийн дутуу цэвэрлэсэн бөмбөгийг А.Тэмүүжин 20 орчим метрийн зайнаас цохиж хожлын үнэ цэнтэй гоолыг орууллаа.
Урмын дасгалжуулагч Андреас Шпирээр удирдуулсан “Улаанбаатар” клуб улиралын гурав дахь хожлоо авлаа.
ХАНГАРЬД 1:4 ХАНТЕРС
Дөрөв дүгээр долоо хоногийн хамгийн том дуулианыг дээд лигт анх удаа дэвшин тоглож буй “Хантерс” дэгдээлээ.
Өнгөрсөн жилийн мөнгөн медальт “Хангарьд” тоглолт эхлээд хоёр минут өнгөрөөд байхад Г.Билгүүний гоолоор тэргүүлээд эхэлсэн. Орхон аймгийн “Хангарьд” клубийн төлөө хоёргүй сэтгэлээр хүчин зүтгэж, хөдөлмөрөө үнэлүүлж яваа Г.Билгүүнд энэ гоол их үнэ цэнтэй байв.
Тэнцээний гоолыг 19 дэх минутад “Хантерс”-ын БНСУ-ын легионер Ан Сэжүн хийсэн. Өнгөрсөн улиралд нэгдүгээр лигт хамтдаа тоглосон Монгол, Солонгос тоглогчид нэг баг болж чадаж байгаагаа энэ тоглолтоор харууллаа.
Хоёрдугаар үед тэргүүллийг авахыг хүсч байсан “Хангарьд”-ын хамгаалагчид хоорондоо үл ойлголцож, Э.Мөнгөнбаганыг хаалгандаа чөлөөтэй цохиулсан нь гоол болчихов.
Хэт урагшаа довтолж байсан “Хангарьд”-ын хамгаалалтын цоорхойг “Хантерс”-ын сөрөг довтолгоо амжилттай эвдэж, үндсэн цагт 1:4-ээр Ч.Мөнхбат дасгалжуулагчийн баг хожлоо. Дээд лигт тоглохын төлөө сонирхогчийн түвшинээс маш олон зүйлийг туулж ирсэн М.Бямбасүрэн шийдвэрлэх цаг мөчид хоёр гоол оруулж багийнхаа хожилд том хувь нэмэр оруулсан юм.
СП ФАЛКОНС 3:1 ЭРЧИМ
Энэ долоо хоногийн оргил тоглолт “СП Фалконс”, “Эрчим” багуудын хооронд болоход өнгөрсөн жилийн аваргууд 3:1-ээр хожлоо.
Тоглолтын дөрвөн гоол цөм эхний хагаст бүртгүүлэв. “СП Фалконс”-ын чадварлаг хагас хамгаалагчдын нэг М.Батхишиг 5 дахь минутад гоолын салхийг хагалсан ч түүнээс ердөө ганцхан минутын дараа Коү Готоү тоог тэнцүүлсэн юм.
Дээд лигийн хамгийн хурдан тоглогчдын нэг Б.Намсрай 42 дахь минутад М.Жансерикийн гоёмсог дамжуулалтаар гоол оруулж, багтаа тэргүүллийг авчирсан. Харин 3:1 болгосон гоолыг Серби легионер Неманья Курушевац хүчтэй цохилтоор орууллаа.
Хүчтэй өрсөлдөгчөөсөө чухал гурван оноо авсан “СП Фалконс” зургаан оноотой болж хүснэгтийн тавдугаар байрт бичигдэж эхэллээ.