Дээд лиг V долоо хоногийн тойм: Энэ долоо хоногийн оргил тулаанд “Эрчим” хожлоо

89

ТӨВ АЗАРГАНУУД 0:21 ДЭРЭН 

Эхний дөрвөн тоглолтдоо 38 гоол алдаад байсан “Төв Азарганууд” энэ удаад “Дэрэн”-д 21:0-ээр хожигдлоо. 

“Төв Азарганууд” ердөө таван тоглолтод 59 гоол алдаж, нэг ч гоол оруулаагүй нь урьд хожид байгаагүй тааруу үзүүлэлт болж байна. 

Аварга авах зорилготой “Дэрэн” өрсөлдөгчдөө өршөөл үзүүлэлгүй, өөрсдийн үндсэн тоглолтоо үзүүлэв. Япон легионер Фүнами Ютаро найман, Ц.Далайцэрэн тав, Б.Өсөх-Ирээдүй гурван гоол орууллаа. 

ХОВД 0:1 СП ФАЛКОНС 

Эхний дөрвөн тоглолтынхоо хоёрт нь хожиж, хоёрт нь хожигдоод байсан “СП Фалконс” энэ удаад “Ховд” клубийг 1:0-ээр хожлоо. 

“Ховд” клубийн хамгаалалт нягт ажиллаж, эхний хагаст гоол алдалгүй дуусгахад ойрхон байсан ч санаснаар нь болсонгүй. 

Тоглолтын 43’ дахь минутад “СП Фалконс”-ыг зүүн хөлтэй, чадварлаг, туршлагатай хагас хамгаалагч М.Батхишиг гоол оруулсан. Гэхдээ тэрээр зүүн хөлөөрөө цохиж буй мэт хуурмаг даралт хийж, эсрэг багийн хамгаалагчийн аргалаад баруун хөлөөрөө энэ гоолоо хийсэн юм. 

Хоёрдугаар үед аль аль багаас гоол оруулж чадалгүй үндсэн цаг 1:0-ээр “СП Фалконс”-ын хожлоор өндөрлөв. “СП Фалконс” есөн оноотой тав, “Ховд” гурван оноотой есдүгээр байрт бичигдэж байна. 

БРЕРА ИЛЧ 0:0 ХАНТЕРС

2024-2025 оны улирал эхлээд хүлээлтээс давсан тоглолт үзүүлж байгаа бол “Хантерс” гэхэд буруудахгүй биз ээ. 

Эхний дөрвөн долоо хоногт “Дэрэн”, “СП Фалконс”, “Улаанбаатар”, “Хангарьд” гэсэн багуудтай учраа таарсан “Хантерс” дөрвөн оноотой гарч ирсэн нь шинэ цэргүүдийн хувьд алга ташимаар амжилт байлаа. 

 “Брера Илч”, “Хантерс” багууд өнгөрсөн дөрвөн тоглолтдоо их төстэй арга барилаар тоглож байв. Хамгаалалтаас сөрөг довтолгоо хийж, чөлөөт цохилтуудаас өөрсдийн боломжоо үүсгэхийг зорьж тоглодог багууд энэ удаад хоорондоо таарч тоглоод, гоолгүй тэнцлээ. 

ЭРЧИМ 3:2 УЛААНБААТАР 

Хүчирхэг бүрэлдэхүүнтэй “Эрчим”, “Улаанбаатар” багуудын тоглолт харилцан довтолгоотой, олон гоолтой, үзүүштэй сайхан болсоны эцэст “Эрчим” 3:2-оор яллаа. 

Тоглолтын 5 дахь минутад “Эрчим”-ийн Япон легионер Тоши Макимото Г.Батбилгүүний гоёмсог дамжуулалтаар гоол оруулж, тооны харьцааг нээсэн. Хариу гоолыг “Улаанбаатар”-ын Япон довтлогч Ота Шион 45+2 дахь минутад оруулж, эхний хагас 1:1-ээр өндөрлөв. 

Хоёрдугаар үе эхлээд гурван минут өнгөрөөд байхад “Улаанбаатар” клуб болон шигшээ багийн довтлогч О.Мижиддорж зүүн хөлийн хүчтэй цохилтоор гоол хийж, багтаа тэргүүллийг авчирсан. Харамсалтай нь энэ тэргүүлэл удаан үргэлжилсэнгүй 50’ дахь минутад “Эрчим” багийн Б.Ган-Эрдэнэ тоог 2:2 болгон тэнцүүлсэн юм. 

Ялагчийн хувь заяаг шийдсэн гоолыг “Улаанбаатар” клубийн хагас хамгаалагч А.Дөлгөөн өөрийн хаалгандаа санамсаргүй байдалаар оруулсан. Агаараар ирсэн бөмбөгийг цээжээ хаалгачдаа дамжуулж өгөх гэсэн боловч үл ойлголцож, авто гоол оруулсанаар “Эрчим” 54 дэх минутад тэргүүлийг гартаа авав. 

Үлдсэн хугацаанд “Эрчим” хамгаалалтдаа алдаа гаргалгүй үр дүнгээ хамгаалж хожил авсанаар, 10 оноотой хүснэгтийн хоёрдугаар байрт бичигдэж эхэллээ. Харин “Улаанбаатар” тэдэнтэй адил оноотой ч  гоолын зөрүүгээр яг ард нь шил даран явж байна. 

ХОРОМХОН 0:3 ХАНГАРЬД

Дээд лигийн арвин түүхтэй “Хоромхон”, “Хангарьд” багуудын тоглолтод Эрдэнэтийн “Хангарьд” 0:3-аар хожлоо. 

38 дахь минутад “Хангарьд”-ын Япон тоглогч Мишима Юта тооны харьцааг нээсэн. “Эрчим” клубээс “Хангарьд”-руу шилжсэн Мишима Юта бэртэл гэмтэлээс шалтгаалан өөрийн тоглолтоо бүрэн гүйцэд харуулж чадахгүй байгаа ч “Хоромхон”-ы эсрэг чухал нэгэн гоол оруулсан нь энэ байлаа. 

Эхний хагасын цаг дуусаад шүүгч гурван минут сунгаад байх үед Г.Гантогтох гоол оруулж, “Хангарьд” том давуу талтай нэгдүгээр үеийг өндөрлүүлэв. 

“Хоромхон” энэ тоглолтоос оноо авч чадвал эхний гуравт орж ирэх боломжтой байсан. Гэсэн ч “Хангарьд” тэдэнд боломж олгосонгүй 90+3 дахь минутад “Хараацай” клубээс төрөн гарсан авьяаслаг залуу тоглогч Б.Дөлгөөн гоол оруулж, тоглолтын эцэсийн цэгийг тавилаа.