СП ФАЛКОНС 12:0 ТӨВ АЗАРГАНУУД
Дээд лигийн нэгдүгээр тойргийн зургаа дахь долоо хоног “СП Фалконс” болон “Төв Азарганууд” багуудын тоглолтоор эхэлсэн.
Тус тоглолтод “СП Фалконс” 12:0-ээр хожсон ч энэ үр дүнг хараад гайхах хүн олон байсангүй. Учир нь “Төв Азарганууд” эхний зургаан тоглолтынхоо дөрөвт 10-аас дээш гоолын зөрүүгээр хожигдоод байна. Нэг ч гоол оруулаагүй гэсэн сөрөг үзүүлэлттэй яваа “Төв Азарганууд”-ын гоолын зөрүү одоогоор -68 хүрч ээ.
Лигийг хожигдолоор эхлүүлсэн “СП фалконс”-ын залуус тоглолтоос тоглолтод өнгөрсөн улиралын сайн формдоо орохын төлөө хичээж байна. Учир нь тэд ирэх сард Азийн тивийн клубүүдийн “Challenge Cup”-п өрсөлдөх юм.
ХАНТЕРС 0:2 ЭРЧИМ
Ч.Мөнхбат дасгалжуулагчтай “Хантерс” клуб дээд лигт анх удаа өрсөлдөж байгаа ч хүчтэй бүрэлдэхүүнтэй, олон жилийн түүхтэй багуудын эсрэг сайн тоглож, энэ хүртэл дөрвөн оноо аваад байсан.
Хамгаалалтаас сөрөг довтолгоонд шилжин тоглож, муугүй үр дүнд хүрээд байсан “Хантерс”-ын хамгаалалтыг “Эрчим”-ийн залуус, дасгалжуудагчдын баг амархан эвдэж чадлаа.
“Эрчим”-ийн гоолуудыг Г.Төгөлдөр /65’/, Хирояа /79’/ нар оруулсан бөгөөд уг хоёр гоол жигүүрээс торгуулийн талбайруу дамжуулсан хөндлөн дамжуулалтаас эхлэлтэй байсан юм.
Хоёр дараалж чухал хожил авсан “Эрчим” 13 оноотой хүснэгтийн дэд байрт бичигдэж байна.
УЛААНБААТАР 3:3 ХОВД
Таван тоглолтоос нэг хожил авсан ч тоглолтын чанар нь өмнөх жилийнхээс хэдэн шат ахисан баг бол “Ховд” клуб. Үүнийгээ ч батлан харуулж “Улаанбаатар” клубтэй 3:3-аар тэнцлээ.
“Улаанбаатар” клубийн 7 дугаартай хагас хамгаалагч А.Дөлгөөн долоо дахь минутад тоглолтын эхний гоолыг булангийн цохилтоос мөргөж оруулсан. “Ховд” клубийн булангийн цохилтын хувилбар 33 дахь минутад тооны харьцаа 1-1 болж тэнцэв. Гоолын эзэн Япон тоглогч Кавагүши Юши байлаа.
Хоёрдугаар үе эхлээд 54 дэх минутад “Улаанбаатар” клубийн довтлогч Ота Шион багтаа тэргүүллийг авчирлаа. Тэргүүллээ хадгалаад хожлоор дуусгах боломжтой байсан ч хамгаалагч Б.Додгүү 87 дахь минутад сэлгээгээр суухдаа хоёр дахь шар хуудсаар торгуулж, багаа хүн дутуу үлдээсэн.
Уг үйл явдалаас ердөө хоёрхон минутын дараа “Ховд” клубийн хагас хамгаалагч П.Энхбилэг алсын цохилтоор гоол оруулж, тоо 2:2 боллоо.
Хүн дутуу үед багийн ахлагч О.Мижиддорж өөрийн ур чадвар, хичээл зүтгэлийг харуулан багтаа торгуулийн цохилт цохих эрх авч чадсан. Үүнийг нь ч А.Тэмүүжин алдалгүй ашиглаж, “Улаанбаатар” 90+4 дэх минутад дахин тэргүүлээд эхэлсэн.
“Ховд” клубийн залуус эцэсээ хүртэл бууж өгөлгүй тэмцсэний хүчинд 90+7 дахь минутад тооны харьцааг 3:3 болгон тэнцүүллээ. Үндсэн цаг дуусахаа өмнө О.Мижиддорж эсрэг багийнхаа ашигтай довтолгоог зогсоож, мөн л хоёр дахь шар хуудасаа авав.
Зургаан гоолтой, хоёр улаан хуудастай, торгуулийн цохилттой тун хүнд тоглолтын дараа багууд нэг нэг оноотой зургаа дахь долоо хоногийг өндөрлүүллээ.
ХАНГАРЬД 2:0 БРЕРА ИЛЧ
Дээд лигийн өнгөрсөн улиралын дэд аварга “Хангарьд” зургаа дахь долоо хоногийн өрсөлдөгч “Брера Илч”-ийг 2:0-ээр хожлоо.
Ц.Билгүүний хаалганд цохисон цохилт замдаа хамгаалагчид ойгоод, хаалгачийн бага талд гоол болж орсон. Эхний хагасын 22 дахь минутад ингэж тэргүүллийг авсан “Хангарьд” төд удалгүй дараагийн гоолоо бүртгүүлсэн. Япон тоглогч Акиба хурц өнцөгөөс хүчтэй цохилтоор гоол оруулж, тооны харьцааг 2:2 болгосон нь энэ байлаа.
Сүүлийн хагаст ямар нэгэн гоол орсонгүй “Эрдэнэтийн Хангарьд” үр дүнгээ хамгаалж, 12 оноотой хүснэгтийн дөрөвдүгээр байрт бичигдэж байна. Харин “Брера Илч” дөрвөн оноотой хүснэгтийн есдүгээр байр руу ухарлаа.
ДЭРЭН 2:1 ХОРОМХОН
Талбай дээрх тамирчид төдийгүй, үзэгч хөгжөөн дэмжигчдийн хувьд ч ширүүхэн өрсөлдөөнд дунд өрнөх болсон “Дэрэн”, “Хоромхон” багуудын тоглолт 2:1-ээр “Дэрэн”-ийн талд шийдэгдлээ.
Тун сайн тоглолтуудаараа багтаа хувь нэмэрээ оруулж буй Түвшинжаргалын Дөлгөөн 13 дахь минутад гоол оруулж, цэнгэлдэхэд цугласан хөгжөөн дэмжигчдээ баярлуулаад амжлаа.
Лигийн шилдэг довтлогчдын нэг Н.Наранболд 54 дэх минутад тооны харьцааг тэнцүүлсэн ч аварга авах зорилготой “Дэрэн”-ээс оноо салгахад нэг гоол хангалтгүй байв.
Энэ улиралд “Дэрэн”-д шинээр нэгдсэн Япон довтлогч Фүнами Ютаро 76 дахь минутад хожлын үнэтэй гоолыг хийлээ.
Зургаан тоглолтын дараа “Дэрэн” лигийг 16 оноотой тэргүүлсэн хэвээр үлдлээ. “Бишрэлт Хоромхон” есөн оноотой хүснэгтийн зургаадугаар байрт бичигдэж байна.