Тоглолтын Анализ (SEL 3:3 KUL): “Монгол Бодонгууд” нь цувралыг тэнцүүллээ

665

Үндэсний “Дээд лиг”-ийн тэмцээний хагас шигшээ шатны “Хасын Хүлэгүүд”, “Сэлэнгэ Бодонгууд” багуудын цувралын ялагч 7 дахь тоглолтод шийдэгдэхээр боллоо. Цувралд 3:1 харьцаатай хожигдож байсан “Бодонгууд” ийнхүү 5 болон 6 дахь тоглолтод дараалан ялж, хожлын харьцааг тэнцүүлж чадлаа. 

Цувралын 6 дахь тоглолтын хувьд багуудын өрсөлдөөн эхэлснээс хойш хамгийн тэнцүүхэн өрсөлдөөнтэй мөн хамгийн цөөн онооны зөрүүтэй шийдэгдсэн тоглолт боллоо. Эхний хагаст “Бодонгууд” 47:36 харьцаатай тэргүүлсэн ч 3-р үед “Хүлэгүүд” 64:60 болгон ойртуулсан юм. Шийдвэрлэх 4-р үед гал гарсан ширүүн өрсөлдөөний эцэст “Бодонгууд” 84:83 харьцаатай хожлоо. 

Тоглолтын шилдэг болсон Ц.Сэргэлэнбаатар 12 оноо авахдаа 3 онооны шидэлтийг 50% оновчтой (3/6) гүйцэтгэжээ. Нэг нь бүр тоглолтын төгсгөлд багаа илүү гаргасан чухал шидэлт байлаа. Тэрээр энэ өдөр 31 минут талбайд тоглосон нь өмнөх тоглолтуудаас ялгарах гол үзүүлэлт юм. Энэ нь түүний алдааны үзүүлэлттэй шууд хамаатай бөгөөд тоглолтын турш ердөө нэг л алдаа гаргажээ. Өмнө нь цувралын 2 болон 3 дахь тоглолтод 5 алдаа гарган талбайг чөлөөлж, 1, 3 дахь тоглолтыг 4 алдаатай, 5 дахь тоглолтыг 3 алдаатай дуусгасан ч энэ удаад өөр байлаа. Түүний талбай дахь нөлөө багт нь нэн хэрэгтэй байгаа учраас аль болох удаан хугацаанд тоглох нь чухал байна. 

ДОВТОЛГООНЫ САМБАРТ +13…

Ц.Сэргэлэнбаатарын статистик үзүүлэлтээс гадна талбай дээрх хамгаалалтын нөлөө их байлаа. Тэрээр 2 удаа бөмбөг тасалж, мөн довтолгооны самбараас 3 удаа бөмбөг авчээ. Мөн А.Базаргүр довтолгооны самбараас 8 удаа бөмбөг авсан нь “Бодонгууд”-ын энэ тоглолтын хамгийн онцлох хувь тоглогчийн үзүүлэлт байлаа. Тэгвэл “Хүлэгүүд”  багаараа 9 удаа довтолгооны самбараас бөмбөг юм. 

“Бодонгууд” багаараа 22 удаа эсрэг багийн самбараас бөмбөг авсан бол “Хүлэгүүд” хамгаалалтын самбараасаа 23 удаа авчээ. Улмаар “Бодонгууд” нийт 72 удаа довтолсон нь өрсөлдөгчөөсөө 15-аар олон байлаа. Гэхдээ тэд 27-г нь оновчтой болгосон нь тааруу үзүүлэлт байсан бол нөгөө талд “аваргууд” 54.4%-ийн оновчтой (31/57) довтолжээ. 

Хоёр дахь боломжоор авсан оноогоор “Бодонгууд” 21:11 харьцаатай илүүрхэв. Үүнийхээ нөлөөнд самбар доор илүү олон удаа алдаа авч торгуулийн шидэлтээр 8 оноо авсан нь нэгхэн онооны зөрүүтэй дууссан энэ тоглолтод том зөрүү байв. Хожлын оноогоо ч тэд торгуулийн шугамны араас авсан юм. Торгуулийн шидэлтийн харьцаа: 14/17 – 6/10

СЭЛГЭЭНИЙ НӨЛӨӨ ЭРГЭВ…  

Өмнөх 5 тоглолтод бүгдэд нь сэлгээний тоглогчдын авсан оноогоор “Хүлэгүүд” илүүрхсэн. Тэгвэл энэ удаад “Бодонгууд” 30:25 харьцаатай илүү байсан нь өмнөх тоглолтуудаас ялгарах гол үзүүлэлт болов. Цувралын эхний 5 тоглолтод Хүлэгүүд”-ийн сэлгээний тоглогчид нь дунджаар 44.4 оноо авч байсан. Мөн 2 тоглолтод 60 оноо авч, 3 тоглолтод гарааны тоглогчдоосоо олон оноо аваад байсан юм. Тэгвэл энэ удаад сэлгээний тоглогчдын авсан оноо илт буурсан нь гол асуудлуудын нэг байлаа. 

“ГУРВААС БУУДАЛЦАВ”…

Цуврал эхэлснээс хойш багууд аль аль нь 2 онооны довтолгооноосоо илүү олон удаа 3 онооны шугамны араас шидсэн тоглолт боллоо. “Бодонгууд” 16/38, “Хүлэгүүд” 15/31 гэсэн оновчтой шидэж, аль аль нь багийнхаа нийт онооны талаас ихийг холын шидэлтээр авав. Түүнчлэн цувралд анх удаа 3 онооны шугамны араас олон шидсэн баг нь хожсон тохиолдол боллоо. 

“Хүлэгүүд”-ээс Жордан Толберт эхний хагаст нэг л удаа холоос шидэж 3 оноо авсан бол тоглолтын 2-р хагаст 4/5 оновчтой шидэж, эсрэг багийнхаа гол асуудал болж байв. Энэ тоглолтод нийт 21 оноо авсан тэрээр 18-г нь 2-р хагаст авсан юм. “Хүлэгүүд”-ийн хамгийн сайн тоглосон үе болох 3-р үед Толберт онцгой байж тоог тэнцүүлсэн юм. Мөн Э.Саруул-Эрдэнэ эхний хагаст холоос 3 шидэж 3 оруулсан ч 2-р хагаст тоглолт нь гарсангүй. Түүн дээр хийсэн хамгаалалтууд ч сайн болж эхэлсэн юм. 

Харин нөгөө талд Н.Батбаяр, Ахмад, О.Тулга нар тус бүр 4 удаа, Ц.Сэргэлэнбаатар 3 удаа холын шидэлтээ оруулж багаараа жигд байлаа. Н.Батбаярын шидэлтүүдийн хувьд эхний хагаст эсрэг баг нь оноо илүү гарах боломжуулыг няцааж байсныг дурдах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл сэтгэл зүйгээр сэргэх боломж өгөөгүй бөгөөд багаа илүү гаргасан юм. 

Бусад гурван тоглогчийнх нь шидэлтүүд харин 2-р хагаст Толбертод хариуг нь барьж чадсан. Тэдний ачаар “Хүлэгүүд” оноо илүү гарсан ч салж чадалгүй улмаар “Бодонгууд” тэргүүлэл авсан юм. О.Тулгын хувьд энэ цувралын эхний 5 тоглолтод тус бүр нэг л удаа холын шидэлтээ оруулж байсан бол энэ удаад 4 удаа хийсэн нь түүний багт маш хэрэгтэй байв.. Эхний шатанд “BCH Knights” багтай хийсэн цувралын гол баатар болсон түүний тоглолт энэ цувралд хангалттай нөлөө үзүүлж чадахгүй л байлаа. Тэгвэл маш чухал тоглолтын маш чухал эгзэгтэй мөчүүдэд түүний оноонууд багаа өрсөлдөөнд үлдээж чадаж байсан юм. 

Тоглолтын төгсгөлд хэн нь ч хожил авах боломжтой байсан. “Бодонгууд” оноо илүү явсан ч сүүлийн 2 минутад оноо авч чадаагүйн дээр дараалан 6 оноо алдаж тоо тэнцлээ. Гэхдээ тэднээс Н.Батбаяр цаг дуусахаас 5 секундийн өмнө торгуулийн хоёр шидэлтийнхээ нэгийг оруулсан нь багтаа ялалт авчирсан юм. Зөрөөд “Хүлэгүүд” довтлох хангалттай хугацаа байсан ч дасгалжуулагч төвийн тоглогч Толбертоор гурвын гаднаас довтолгоогоо явуулсан нь буруу шийдвэр боллоо. Нөгөө талаас Иан Миллер, Б.Билгүүн, Ч.Ихбаяр гээд илүү бөмбөг эзэмших чадвартай гол тоглогчид нь энэ өдөр тоглолттой байгаагүй нь энэ сонголтод нөлөөлсөн болов уу. 

Тиймээс энэ тоглолтод хэдий хожсон ч “Бодонгууд”-ын хувьд асуудалтай олон зүйл байлаа. Ялангуяа төгсгөл хийх тал дээр. Тэд хоёр легионертой тоглох үедээ хангалттай олон онооны зөрүү авч чадахгүй л бол 4-р үед оноогоо бариулсаар байна. Шийдвэрлэх 7 дахь тоглолтод ч олон оноо салахад хэцүү. Тиймээс төгсгөлд яаж тоглох нь тэдний хувьд чухал байна. 

Түүнчлэн төгсгөлд заавал Казинс гэлгүй тоглолттой байгаа үед нь Ахмадыг оруулахад ч буруугүй гэдэг нь харагдлаа. 6 дахь тоглолтод бол Ахмадыг оруулах нь бүр зөв байлаа. Өмнөх 5 тоглолтод бүгдэд нь 20+ оноо авч байсан Казинс энэ удаад 12 оноо авч тус цувралын хамгийн муу тоглолтоо үзүүллээ. Тэгвэл нөгөө талд түүний эсрэг тулж буй Толбертын энэ шатны хамгийн сайн тоглолт нь боллоо. Товчхондоо өмнөх 5 тоглолтоос олон талаараа тэс өөр тоглолт байлаа. Багууд ч өмнөх тоглолтуудад алдсан зүйлүүдээ засаж, илүү нягтарч, таамагласнаас нь өөрөөр тоглохыг мөн эсрэг багтаа хэмнэлээ алдахгүй байхыг хичээж байна.

“Бодонгууд” цаашид Казинсын тоглолт болохгүй байгаа үед баг яаж тоглох вэ, нэг хүнээс шалтгаалахгүй хамгаалалт довтолгооны системийг яаж ажиллуулах вэ гэдгээ ойлгоход чухал туршлага болсон тоглолт байлаа. Монгол тоглогчид нь энэ цувралд хамгийн сайн тоглосон тоглолт нь энэ болж, бүгд талбайд гарсан үүргээ биелүүллээ. Эцсийн дүнд Ахмад ч биш, Казинс ч биш “Монгол Бодонгууд” нь л тэднийг амжилтад хүргэх гол түлхүүр юм. 

Өмнөх тоглолтод “Бодонгууд” оноогоор илүү явсан ч “шатсан” үйлдлүүд харагдаж, гурван ч удаа техникийн алдаагаар торгуулсан. Тэгвэл энэ тоглолтод сэтгэл зүйн хувьд харьцангуй тайван тоглож, удирдлага алдсангүй. Энэ нь А.Базаргүр, Ц.Сэргэлэнбаатар, Н.Батбаяр гээд тус багийн самбарын тоглолт болон хамгаалалтыг авч явах гол монгол тоглогчдыг алдааны асуудлаас хол байлгасан нь давуу тал үүсгэлээ. Дараагийн тоглолтод ч тэд үүнийгээ хадгалах нь хамгийн чухал гэдэг нь харагдлаа. 

Цувралын 7 дахь тоглолт бол цэвэр сэтгэл зүйн өрсөлдөөн байх учиртай. “Аваргууд”-ын сэтгэл зүй илүү байх уу эсвэл барьсан багийн сэтгэл зүй илүү байх уу гэдгийг харах болно.