Энэ жилийн “Дээд лиг”-ийн эхний 7 цуврал гарсан өрсөлдөөнөөс “Хасын Хүлэгүүд” баг
цааш шалгарч сүүлийн 9 лигийн хугацаанд 8 дахь удаагаа аваргын төлөө өрсөлдөхөөр
шалгарлаа. Сагсан бөмбөгийн спортод шийдвэрлэх 7 дахь тоглолтын хувьд цэвэр
сэтгэл зүйн тулаан байдаг учиртай. Лигийн 8 удаагийн аварга “Хүлэгүүд” энэ тоглолтын
эхнээс өөрсдийн туршлага, аварга багийн сэтгэл зүйг харуулж, олон биш ч онооны
тэргүүлэлтэй явсаар байсан. Улмаар 3-р үеийг 3 онооны илүүтэй дуусгасан тэд 4-р үед
хамгийн сайн тоглолтоо гаргаж, +5 онооны зөрүү гаргаснаар үндсэн цагт 87:79
харьцаатай хожсон юм.

“Хүлгүүд” энэ тоглолтод хожсон гол зөрүү багийнх нь гараа, сэлгээний тамирчдын жигд
тоглолтынх нь давуу тал байлаа. Цувралын турш давуу тал нь болж буй энэ байдал 5,
6 дахь тоглолтод хангалттай нөлөө үзүүлж чадаагүй. Гэвч энэ удаад өөр байсныг хэд
хэдэн үзүүлэлтээр харуулж болно. Сэлгээний тоглогчдын авсан оноогоор л гэхэд
“Хүлэгүүд” 54:31 харьцаатай илүүрхлээ. Гэхдээ “Бодонгууд”-ын сэлгээ 31 оноо авсныг
Ахмад Гилберт дангаараа авсан бол “Хүлэгүүд”-ийн сэлгээнээс 5 тоглогч нийт 54 оноо
авчээ. Ингэхдээ сэлгээний 3 тоглогч нь 10-аас дээш оноо авч, тэр дундаа С.Биндэрьяа,
Иан Миллер нар тоглолтыг шийдвэрлэх хэмжээний чухал нөлөө үзүүлэв.
“Бодонгууд”-аас Ахмадын оноон дээр нэмээд Казинс, Н.Батбаяр нар тус бүр 19 оноотой
тоглолтыг дуусгалаа. Өөрөөр хэлбэл тэд багаараа 79 оноо авсны 69-г нь тус 3 тоглогч
бүртгүүлсэн байна. Үлдсэн 10 оноог А.Базаргүр, О.Тулга нар тав таваар нь авчээ.
Ийнхүү тоглолтын турш “Бодонгууд”-аас нийт 5 тоглогч харин “Хүлэгүүд”-ээс нийт 10
тоглогч оноо авчээ. “Хүлэгүүд”-ийн дасгалжуулагчдын тоглогчдодоо олгож буй хугацаа,
минутын жигд хуваарилалтыг онцлох хэрэгтэй. Наанадаж тоглогчдынхоо амралт
ачааллыг тэнцүүлсэн нь бүх тоглолтод хожил авчраагүй ч урт цувралд тэдний хамгийн
гол ялгарах зүйл, давуу тал болж, эцэст нь ялалтад хүргэлээ.

“Бодонгууд”-ын хувьд өмнөх 2 тоглолтод дараалан хожихдоо самбарт ялангуяа
довтолгооны самбарт илүүрхсэн нь чухал нөлөөтэй байсан. Тэгвэл энэ удаад
“Хүлэгүүд” 43:33 харьцаатай самбарт илүү байж мөн довтолгооны самбараас 10 удаа
авсан нь өрсөлдөгчөөсөө таваар олон байв. Үүнийхээ нөлөөгөөр “Хүлэгүүд” өрсөлдөгч
багаасаа илүү олон довтолгоо (69:57) гүйцэтгэсэн юм.
Түүнчлэн довтолгоонд “Хүлэгүүд”-ийн багийн тоглолт бөмбөгний шилжилтийн хувьд
илүү байлаа. Тэд нийт 22 оновчтой дамжуулалт бүртгүүлсэн нь эсрэг багаас 10-аар
олон байсан нь бас нэгэн чухал давуу тал болсон юм. Аваргуудын нэгэндээ итгэх итгэл,
нэгдмэл байдал мөн энэ бүрэлдэхүүнээрээ илүү удаан хугацаанд тоглосон,
туршлагатай тоглогчид нь энэ шатыг олон удаа давсан гээд давуу талууд олон байсан.
Нэг тоглогчоос шалтгаалах зүйл ч бага байлаа. Гарааны тоглогчдын нэг нь тоглолтгүй
байлаа гэхэд сэлгээний тоглогчид нь асуудалгүй нөхөж, багийн систем, тоглолт нь хэн
нэгнээс шалтгаалалгүй ямар ч үед ажиллаж чадаж байлаа. Тэд нэг эсвэл хоёр хүнээр
биш багаар тоглож, цувралд яллаа.
ХОЖИЛ БҮРД ӨӨР ӨӨР ТОГЛОГЧ…
Багийн ахлагч Б.Билгүүн энэ тоглолтод 18 минутыг талбайд өнгөрүүлж 7 оноо, 4
самбар авч, 2 удаа бөмбөг тасалсан ч 5 алдаатай болж тоглолтоос хөөгдсөн юм. Харин
С.Биндэрьяа энэ цуврал эхэлснээс хойш хамгийн сайн тоглолтоо үзүүлсэн нь түүний
орон зайг нөхөж, багийнхаа хожилд чухал нөлөө үзүүллээ. Энэ өдрийн “x-factor” байсан
тэрээр 21 минут талбайд тоглохдоо бөмбөг алдаагүй бөгөөд түүнийг талбайд байх үед
баг нь +13 үзүүлэлттэй байв. Мөн 5/6 оновчтой довтолж, нийт 16 оноо, 6 самбар авч,
өөр дээрээ нийт 7 удаа алдаа авсан юм.

Иан Миллерийн хувьд энэ чухал тоглолтод ямар сэтгэл зүй өндөртэй, зоригтой тоглогч
вэ гэдгээ харууллаа. Тэрээр сүүлийн хоёр тоглолтод сайн байгаагүй ч энэ удаад 24
оноогоор багаа тэргүүлж, 5 оновчтой дамжуулалт өгсөн. Мөн шийдвэрлэх 4-р үед 7
оноо авч багийнхаа хожилд чухал үүрэгтэй тоглолоо. Түүнчлэн өмнөх тоглолтод тун
сайн байсан Толберт 12 оноо, 11 самбар авч дабль дабль хийсэн. Ингэхдээ
довтолгооны самбараас 4 удаа авсан бөгөөд 4 удаа ашигтай дамжуулалт өгчээ.
Товчхондоо “Хүлгүүд”-ийн хожсон тоглолтуудад хоёр гадаад тоглогч нь үүргээ биелүүлж
чадсан бол дагаад нэг монгол тоглогч довтолгоонд зайлшгүй “цоорч” байлаа.
Тодруулбал эхний тоглолтод Э.Саруул-Эрдэнэ 13 оноо, 3 дахь тоглолтод Б.Билгүүн 15
оноо, 4 дэх тоглолтод Ч.Ихбаяр 18, оноо авсан бол сүүлийн тоглолтод
С.Биндэрьяагийн тоглолт, үзүүлсэн нөлөөг онцлохоор байлаа.
“БОДОНГУУД”-ЫН АЯЛАЛ ДУУСЛАА…
“Бодонгууд”-аас энэ тоглолтод Н.Батбаяраас бусад монгол тоглогчдынх нь тоглолт
үнэхээр хангалтгүй байлаа. Энэ нь зөвхөн энэ удаад л тулгарсан асуудал биш бөгөөд
өмнө нь хожигдсон тоглолтуудад үүний адил байсан. Мөн 4-р үед буюу талбайд нэг
легионер тоглох үед заавал Казинс гэлгүй Ахмадыг цагийг нь олоод оруулбал илүү
ашигтай байх нөхцөл байдал хэд хэдэн тоглолтод ажиглагдсан. Тэр бол
“Бодонгууд”-аас яах аргагүй энэ цувралын гол баатар байлаа. Хэнийг хэзээ гэдэг нь
маш чухал. Гэхдээ энэ асуудлыг 7 дахь тоглолтод ч шийдэж чадсангүй. Ахмад Гилберт
энэ тоглолтод багаа оноогоор тэргүүлсэн ч шийдвэрлэх 4-р үед оноо авч чадаагүй нь
үүнтэй шууд холбоотой.


Казинсын хувьд манай лигт тоглосон бүх тоглолтдоо 20+ оноо авч байсан ч сүүлийн
хоёр тоглолтод чадсангүй. Дасгалжуулагчаас жижиг ч байсан хамаагүй ямар нэг
өөрчлөлт хэрэгтэй байсан боловч зөвхөн тоглогчдодоо найдсан тоглолтууд
үргэлжилсээр цуврал дууслаа. “Бодонгууд”-ын хувьд энэ жилийн лигийг ийнхүү
өндөрлүүлж байгаа ч лигт тоглосон 2 дахь улирлаа хагас шигшээд орж чадсан нь
онцлууштай. Дараа улиралд илүү хүчтэй эргэн ирэх нь ч ойлгомжтой биз. Тэгэхдээ
гадны од гэхээсээ илүүтэй Монгол багт монгол тоглогчдын суурь болоод нөөц, тэдэнд
тохирсон систем, дасгалжуулагч нэн тэргүүний асуудал байдаг гэдгийг мөн ойлгож авсан биз.



Ийнхүү “Хасын Хүлэгүүд” баг сүүлийн хоёр улирал дараалан лигийн аваргын төлөө
тоглохоор шалгарлаа. Тэд хамгийн сүүлд 2017, 2018 оны улирлуудад дараалан
түрүүлж аваргаа хамгаалж байсан билээ. “Хүлэгүүд” баг ийнхүү хүндхэн өрсөлдөөний
эцэст “Дээд лиг”-ийн 9 дэх аваргын цомоо хүртэхийн төлөө шигшээ шатанд шалгарлаа.