Монголын сагсан бөмбөгийн холбооны Үндэсний “Дээд лиг”-ийн тэмцээний хагас шигшээ цувралд учраа таарсан “Эс Жи Эйпс”, “Бишрэлт Металл” багуудын цуврал 3:0 харьцаатай үргэлжилж байсан. Дахин хожигдох эрхгүй болоод байсан “Металл” дараалан 4 тоглолтод хожиж байж цааш шалгарах хүнд нөхцөл байдалтай тулгарсан юм. Цувралын 4 дэх тоглолт эхлээд “Эйпс” мөн сайн байж, эхний хагасыг 46:37 харьцаатай илүү дуусгасан. Улмаар 2-р хагаст ч хэмнэлээ хадгалж, 4-р үеийн дунд гэхэд 76:61 харьцаатай тэргүүлж байв. Энэ үед олон үзэгч, ялангуяа “Эйпс”-ийн дэмжигчид цуврал энэ тоглолтоор дуусахаар боллоо гэж бодсон биз. Гэхдээ хариулт нь үгүй байлаа.
Тоглолтын сүүлийн 5 минутын дотор “Металл”-ын залуус 15 онооны зөрүүг ойртуулж чадлаа. Улмаар цаг дуусахаас 29 секундийн өмнө оноо илүү гарч, улмаар үндсэн цагт 79:81 харьцаатай хожлоо. “Эйпс”-ийн хувьд тоглолтын төгсгөлд довтолгооны хоёр ч боломж гаргасан ч эхний удаад нь Акоут бөмбөгөө алдаж, дараа нь М.Өлзий-Орших шидэлтээ алдсанаар тоглолтын цаг дууссан юм.
Т.МЭНДБАЯР, Б.СҮХБАТ НАР ОНЦГОЙРОВ…
Тоглолтын 4-р үеийг 6 онооны илүүтэй эхлүүлсэн “Эйпс” баг эхний 5 минутад 15 онооны тэргүүлэл авахад Т.Мэндбаяр онцгой тоглолтыг үзүүллээ. Тэрээр 3 онооны шидэлтээ оруулсныхаа араас лигийн шилдэг хамгаалагч гэдгээ баталж, дараалан 2 удаа бөмбөг тасалсныг нь Б.Тулуй дараалан оноо болгосон юм. Улмаар баг нь дараалсан 9 оноо авав. “Эйпс” 4-р үеийн эхний 5 минутад 14 оноо авахдаа эсрэг багтаа ердөө 5 оноо л алдав. Энэ үед Б.Тулуй 6 оноо, Т.Мэндбаяр 5 оноо авлаа. Т.Мэндбаярын хувьд энэ тоглолтод 9 оноо авсан нь цувралын өмнөх 3 тоглолтод авсан нийт 9 оноотой нь тэнцэнэ. Мөн 24 минут талбайд тоглосон нь өмнөх тоглолтуудаас харьцангуй өссөн үзүүлэлт байсан төдийгүй 5 ашигтай дамжуулалт өгч, 5 удаа самбараас авсны 2 нь довтолгооны самбар, 2 таслалт, 1 хаалт гээд бүх талаар маш ашигтай тоглов.


Гэвч “Металл” багаас нэг тоглогч түүнийг давахуйц онцгой байсан нь Б.Сүхбат. Тэрээр энэ өдөр холын зайн шугамны араас 6 удаа оруулж (9 шидэж) 18 оноо авснаас шийдвэрлэх 4-р үед 9 оноо авсан юм. “Металл” тоглолтын сүүлийн 2 минутад өрсөлдөгч багтаа оноо алдаагүйн дээр өөрсдөө дараалан 9 оноо авлаа. Үүний 6-г нь Б.Сүхбат хоёр дараалсан холын шидэлтээр багтаа авчирсан нь том гавьяа болж, багаа ялалтад хүргэсэн. Нэмээд түүний хамгаалалт ч шийдвэрлэх үед багийнхаа тоглолтод чухал нөлөө үзүүллээ. Б.Сүхбат, Т.Мэндбаяр нарын аль алиных нь хувьд уг цуврал эхэлснээс хойших хамгийн сайн тоглолт нь энэ боллоо.
Б.Сүхбатын хувьд ингэхдээ сэлгээнээс гарч тоглосон гэдгээрээ онцлогтой. Ердөө хоёрхон онооны зөрүүтэй шийдэгдсэн энэ тоглолтод “Металл”-ын давуу байсан гол зүйл сэлгээний тоглогчдын оноо 14-р илүү (17:31) байсан нь юм. Нэмээд торгуулийн шидэлтээр авсан оноогоор Металл 15 оноо авсан бол “Эйпс” 8 шидсэний 4 нь оноо болжээ. Харин бусад бүх үзүүлэлтээр багуудын зөрүү ойролцоо байлаа.
Өмнөх тоглолтыг торгуулийн улмаас өнжсөн А.Энхбаясгалан энэ өдөр 21 оноогоор багаа тэргүүлсэн. Мөн багийн ахлагч Т.Ууганбаяр 12 оноо, 10 оновчтой дамжуулалт өгсөн гээд тус багийн гол монгол тоглогчид нь үүргээ сайн биелүүллээ. Т.Ууганбаяр энэ цуврал эхэлснээс хойш “Металл”-аас оновчтой дамжуулалттай дабль дабль хийсэн анхны тоглогч боллоо. Харин легионер тоглогчдынх нь үзүүлэлт өмнөх тоглолтуудтай харьцуулахад хангалтгүй байлаа. Уэсли 12 оноо, Скотт 11 оноотой тоглолтыг дуусгажээ. Өөр талаас нь харвал монгол тоглогчид нь сайн байвал “Металл” легионерууд нь яаж ч тоглосон хожиж чадна гэдгийг бас харуулж чадлаа.
БУДАГТАЙ ТАЛБАЙН ГАДНА…
Цуврал эхэлснээс хойш урд шугамдаа тогтмол илүүрхэж, эхний 3 хожлыг дараалан аваад байсан “Эйпс” энэ өдөр төгсгөл муу байлаа. Тэднээс 4-р үеийн төгсгөлд Крис Клайбөрн аргагүй үгүйлэгдэв. Өмнөх тоглолтын төгсгөлд цавины гэмтэл нь сэдэрсэн байдалтай байсан тэрээр энэ өдөр талбайд гарсангүй. Мөн багийн гарааны холбогч М.Өлзий-Орших 15 оноо авсан нь өмнөх хоёр тоглолттой харьцуулахад хангалтгүй үзүүлэлт юм. Түүнээс гадна Б.Тулуй, Ден Акоут нар л 10+ оноо авчээ.


Акоутын хувьд тоглолтын эхний 3 үед сайн тоглож 18 оноо, 9 самбар авч, 5 хааж, 3 удаа бөмбөг тасалсан. Гэхдээ тэр 4-р үед довтолгоонд огт ашиггүй байсан төдийгүй торгуулийн шидэлтээр л нэг оноо авав. Хамгаалалтад ч тэр давуу тал болсонгүй. Учир нь эсрэг баг нь жижиг, хурдтай тоглогчдоо гаргасан байсан учраас самбарт, будагтай талбайд тоглох биш урд шугамны тоглогчдоороо шидэлт зонхилсон тоглолтыг үзүүлж, энэ нь ч зөв нүүдэл боллоо. Тэд 4-р үед багаараа нийт 5 удаа гурван онооны шидэлтээ оруулжээ.


Шийдвэрлэх 4-р үед “Металл” багийн дасгалжуулагч Акоутыг эхний 3 үед сайн тоглосон гээд түүний эсрэг Скоттыг гаргасангүй. Эсрэгээрээ Уэслиг талбайд гаргаж, хамгаалалт, довтолгоонд илүү хурдан шилжилттэй тоглосон нь давуу тал боллоо. Хэрвээ өндөр тоглогчдоо оруулж, будагтай талбайд тоглох гэж оролдсон бол тоглолтын дүн тэдний талд эргэхгүй байсан нь ойлгомжтой. Өнөө л самбарын биш урд шугамны тоглогчдоороо давуу тал гаргасан баг нь энэ цувралд хожоод байгаа зүй тогтол үргэлжиллээ.
Тус цуврал цааш үргэлжлэх тусам хоёр талын дасгалжуулагчдын өрсөлдөөн болон тоглогчдын сэтгэл зүй хэр байх нь ихээхэн анхаарал татаж байна. Түүнчлэн “Эйпс”-ээс Крис Клайбөрн талбайд эргэн ирэхэд юу болох вэ гэдэг нь чухал. Тэр үед “Металл” урд шугамдаа энэ тоглолтоо хадгалж чадах эсэх нь эргэлзээтэй болно. “Эйпс”-ийн хожсон 3 тоглолтод Клайбөрнийн багтаа үзүүлж байсан нөлөө их байсан билээ.
Сүүлийн 3 улирал дараалан “Дээд лиг”-ийн хагас шигшээд өрсөлдөж буй “Бишрэлт Металл”-ын залуус ийнхүү 3:0-ээр хожигдож явсан энэ цувралын 4 дэх тоглолтын 4-р үед 15 онооны дутууг барьж хожлоо. Ялах хүсэл тэмүүллээр дүүрэн байгаа тэд энэ хожлыг авснаар багийнхаа сэтгэл зүйг хэр хүчтэй байгаа гэдгийг хангалттай харуулж чадлаа. Гэхдээ тэд энэ “цохилт”-ыг дахиад 3 удаа угсруулан өгч чадах болов уу..?