Үндэсний “Дээд лиг”-ийн хагас шигшээ цувралд 3:0 харьцаатай хожигдож байсан “Бишрэлт Металл” 4 дэх тоглолтын сүүлийн 5 минутад 15 онооны зөрүүг барьж, 79:81 харьцаатай хожсон. Улмаар цуврал цааш үргэлжлэхээр болж, тэд дахин 3 хожил авах шаардлагатай болсон юм. Гэхдээ 5 дахь тоглолтын хувьд дундаа 6 өдрийн амралттай байсан нь өмнөх тоглолтуудаас ялгаатай байлаа. Зэрэг хоёр тэмцээний тоглолтуудыг хийж байсан “Металл” багт энэ нь сайнаар нөлөөлсөн нь ойлгомжтой.


Цувралын 5 дахь тоглолтод “Металл” мөн л төгсгөлийг сайн хийж, дахин хоёр онооны зөрүүтэй буюу 82:80 харьцаатай хожлоо. Гэхдээ энэ удаагийн тоглолтод “Металл” эхнээсээ оноогоор хошуучилж байснаараа ялгаатай байсан юм. Тэд энэ тоглолтын турш эсрэг багаасаа оноо дутуу байгаагүйн дээр 37 минут 54 секундын хугацаанд оноогоор тэргүүлсэн. “Металл”-ын хувьд энэ нь цуврал эхэлснээс хойших нийт 5 тоглолтоос хамгийн сайн үзүүлэлт нь боллоо. Харин үлдсэн хоёр минут гаруйн хугацаанд багуудын оноо тэнцүү байжээ.
ДАСГАЛЖУУЛАГЧ ЛАЛЕ ГОРУНОВИЧ!
Эхний хагаст “Метал” 43:36 харьцаагаар тэргүүлж дууссан. Харин 3-р үе аль аль багийн хувьд хамгийн тааруу тоглосон үе нь байлаа. “Металл”-ын тоглолт ялангуяа довтолгоо нь төдийлөн болж өгсөнгүй. Сул шидэлтүүд нь ч орохгүй байлаа. Гэхдээ нөгөө талд “Эйпс” үүнийг нь ашиглаж чадсангүй. Зөрөөд оноо авах боломжтой олон довтолгоонуудаа алдсаар байв. Тухайн үед дасгалжуулагч тоглолт нь болохгүй байгаа тоглогчдоо талбайд байлгасаар байсанд шүүмжлэлтэй хандахаар байлаа. Тухайлбал энэ цувралд сайн тоглож байсан тоглогчдын нэг Э.Мөнхбаяр энэ өдөр 20 минут талбайд тоглохдоо 0/10 гэж довтолж, огт оноо авсангүй. Үүнийх нь 7 нь холын шидэлт байсан бөгөөд хамгаалагчгүй шидсэн тохиолдлууд ч хэд хэд байв.




Хамгийн олондоо 14 онооны зөрүү үүссэн энэ тоглолтын 4-р үеийг “Эйпс” 11 онооны дутуу эхлүүлсэн ч Т.Мэндбаяр, Н.Ганбаатар нарыг солилцоогоор оруулсан нь үр дүнгээ өглөө. Тэд Ден Акоутын хамт довтолгооны самбарт ашигтай тоглож, хоёр дахь боломжуудыг дараалан үүсгэж эхэлсэн. Улмаар багийнхаа оноог богино хугацаанд ахиулж, онооны зөрүүг нэг хүртэл ойртуулж чадсан юм. Үүнийг батлах үзүүлэлт гэвэл “Эйпс” хоёр дахь боломжоор авсан оноогоор 3:23 харьцаатай, сэлгээний тоглогчдын авсан оноогоор 12:26 харьцаатай илүүрхэв.
Ден Акоут энэ өдөр сайн байж 18 оноо, 14 самбар авч, 2 удаа эсрэг багийн довтолгоог хаажээ. Харин нөгөө талд түүний эсрэг тулсан Девон Скоттын тоглолт нь тааруу сайнгүй байлаа. Энэ байдлаар тоглолт үргэлжилсэн бол “Эйпс” хожиж болохуйц байсан ч Скотт 4 дэх алдаагаа гаргахдаа нэмээд техникийн алдаагаар торгуулж талбайг чөлөөлөв. Гэвч энэ нь “Металл” багт ашигтайгаар эргэлээ. Учир юу вэ гэвэл нэгдүгээрт “Эйпс”-ийн дасгалжуулагч үүнийг дагаад талбайд хамгийн ашигтай байсан тоглогч Акоутаа суулгасан нь нь хамгийн буруу шийдвэр боллоо. Тэдний будагтай талбай дахь давуу тал шууд байхгүй болсон юм.
Хоёрдугаарт Скотт сууснаар солилцоогоор орж ирсэн Байрон Уэсли тоглолтын төгсгөлд хожил, хожигдлыг шийдэж чадсан. Сүүлийн 3 минут орчмын хугацаанд “Металл” нийтдээ 4 оноо авсныг нь Уэсли ганцаараа багтаа авчирсан. Ингэхдээ сүүлийн хоёр оноог нь тоглолтын төгсгөлд тоо тэнцүү байх үед дундын зайнаас оруулж, багаа хожилд хүргэлээ. Дараа нь “Эйпс” үлдсэн 6 секундийн хугацаандаа амжаад довтолсон ч Клайбөрн 3 онооны шидэлтээ алдсан юм.




Өмнөх тоглолтыг өнжсөн Крис Клайбөрн эргэн талбайд гарсан нь “Эйпс”-ийн хувьд маш сайн явдал болсон. Гэхдээ энэ тоглолтод 15 оноо авсан нь тийм ч хангалттай үзүүлэлт байсангүй. Ийнхүү цуврал 3:2 харьцаатай болж, “Металл” дараалсан хоёр хожил авлаа. Хэдийгээр “Эйпс” багт хожих бүрэн боломж байсан ч дасгалжуулагчийн тааруу шийдвэрүүд хожигдлын гол шалтгаануудын нэг боллоо. Тоглогчдын байдал ч өдөр бүр харилцан адилгүй. Тиймээс тухайн өдөр тоглолттой байгаа тоглогчдоо хэрхэн ашиглаж, болохгүй байгаа тамирчдаа яаж багийнхаа сул тал болгохгүй байх талаар Горуновичид анхаарах зүйлс байна. Давуу байгаа талуудаа түлхүү ашиглах, түүнийгээ хадгалах түүнчлэн чухал үед болж байгаа зүйлсээ өөрчлөхгүй байх нь ч чухал. Мөн эсрэг баг нь эргэн ирэлт хийж буй энэ нөхцөл байдалд тоглогчдынхоо хувь зан чанар, сэтгэл зүй дээр ч илүү анхаарч ажиллах хэрэгтэй болж байна.
ЭНЭ ЦУВРАЛД 30+ ОНОО АВСАН АНХНЫ ТОГЛОГЧ…
Байрон Уэсли энэ өдөр 34 оноо авсан нь бүх тоглогчийг тэргүүлэх үзүүлэлт боллоо. Тэрээр өмнөх 4 тоглолтод 20.75 оноо дунджилж байсан юм. Мөн энэ цуврал эхэлснээс хойш нэг тоглолтод 30+ оноо авсан анхны тоглогч Уэсли боллоо. Тэр энэ тоглолтод 34 минут талбайд тоглохдоо 12/19 оновчтой довтолж, 11 удаа самбараас бөмбөг аван, 4 оновчтой дамжуулалт өгчээ. Түүнчлэн торгуулийн шугамны араас 8 шидэж 7 оноо авсан гээд 4 үеийн турш алдаа багатай нягт тоглолтыг үзүүлсэн юм. Уэслиг талбайд байх үед баг нь +7 үзүүлэлттэй тоглосон байна. Шийдвэрлэх хоёрдугаар хагаст 20 оноо авсан нь энэ тоглолтод хувь тоглогчийн үзүүлсэн хамгийн том нөлөө боллоо.

“Бишрэлт Металл” багаас А.Энхбаясгалан, Т.Ууганбаяр, Б.Сүхбат нарын гарааны гол монгол тоглогчид нь 10+ оноо авлаа. Тэд өрсөлдөгч багаасаа давуу байсан гол үзүүлэлт нь оновчтой дамжуулалт, бөмбөгний шилжилт байлаа. Тодруулбал “Металл” багаараа 24 оновчтой дамжуулалт бүртгүүлсэн нь эсрэг багаасаа наймаар олон байв. Багийн ахлагч Т.Ууганбаярын хувьд баг нь хожсон сүүлийн хоёр тоглолтод 10 ашигтай дамжуулалт өгсөн үзүүлэлт гаргалаа.
“Металл”-ын хувьд энэ тоглолтын гол асуудал Скотт, Б.Сүхбат гэсэн хоёр чухал тоглогч нь 5 алдаатай болж талбайг орхисон явдал байлаа. Хэдий тэд хожлоо авч чадсан ч дараагийн тоглолтод анхаарах гол зүйлсийнх нь нэг алдааны асуудалд орохгүй байх болж байна. Мөн тоглогчид хяналтаа алдахгүй байх тал дээр анхаарах хэрэгтэй гэдэг нь харагдлаа. Б.Сүхбатын 5 дахь алдаа довтолгооны үед шаардлагагүй байдлаар гарсан бол Скотт 4 дэх алдаан дээрээ нэмээд техник авч талбайгаас гарсан.
Нөгөө талд Б.Тулуй энэ цувралын хамгийн сайн тоглолтоо үзүүллээ. Тэрээр эхний хагаст бүх тоглогчийг 17 оноогоор тэргүүлж нийт 27 оноо авсан байна. Ингэхдээ 9/12 оновчтой довтолж, 3 онооны шугамны араас 4 удаа шидэж бүгдийг нь цагаригт оруулсан юм. Багууд энэ тоглолтод адил 9 удаа 3 онооны шидэлтийг оруулсан ч оновчийн хувьд зөрүүтэй байлаа. “Эйпс” 22 холын шидэлтээ алдсан (9/31) бол “Металл” 10 удаа алдсан (9/19) байна. Мөн торгуулийн шидэлтэд “Металл” багаараа сайн байж, 85%-ийн оновчтой (17/20) гүйцэтгэсэн. Тэгвэл “Эйпс” 9 удаа торгуулийн шидэлт алдсан (25/34) бөгөөд хоёрдугаар хагаст 5 удаа чөлөөт шидэлтээ алдсан байна. Тоглолтын 4-р үед тэд олон боломжууд гаргаж байсан ч торгуулийн шидэлтүүдээ алдсаны нөлөөгөөр оноо илүү гарч чадахгүй байсан юм. Нийт довтолгооны хувиар 43%:34% харьцаатай “Металл” илүү (28/64) байв.

Эхний 3 тоглолтод “Эйпс”-ийн гол давуу тал болж байсан урд шугамны хоёр гол тоглогч нь болох Крис Клайбөрн, М.Өлзий-Орших (33 минут) нар энэ тоглолтод адил 12 удаа довтолж, ес есөн удаа алджээ. Мөн тус бүр 3 удаа бөмбөг алдсан байна. Тэдний тоглолтоос багийнх нь хожил хожигдол, цаашдын амжилт 100% шалтгаалах учиртай. Эсрэгээрээ Т.Ууганбаяр, Уэсли нар нөгөө талд хамгаалалт, довтолгоонд сайн байж багаа хожилд хөтөллөө.
Монголын сагсан бөмбөгийн холбооны Үндэсний “Дээд лиг”-ийн тэмцээний 2024/25 оны улирлын хагас шигшээ цувралд учраа таарсан “Бишрэлт Металл”, “Эс Жи Эйпс” багуудын цуврал ийнхүү цааш 6 дахь тоглолтоор үргэлжлэхээр боллоо. Дараагийн тоглолт лхагва гарагт болно. Хагас шигшээ шатанд бид дахин 7 дахь тоглолт үзэх үү. Эсвэл..?