Тоглолтын Анализ (SGA 3:3 BTM): “Металл” боломжгүй мэт зүйлийг бодит болгов

574

“Дээд лиг”-ийн плэйоффын хоёр дахь шатанд хоёр дахь жилээ дараалан учраа таарсан “Бишрэлт Металл”, “Эс Жи Эйпс” багуудын ялагч дахин долоон тоглолтоор шийдэгдэхээр боллоо. Цувралын 6 дахь тоглолтод “Металл” 97:110 харьцаатай хожиж, дараалан 3 хожсоноор цувралын хожлын харьцааг 3:0-ээс тэнцүүлж чадлаа. Тэд цувралын шийдвэрлэх 7 дахь тоглолтод хожвол “Дээд лиг”-ийн тэмцээнд шинэ түүхийг бүтээж, 3:0-ээр хожигдож байгаад хожсон анхны баг болно. 

НЭГ ҮЕД 36 ОНОО…

Цувралын 6 дахь тоглолтын хувьд эхний хагас бүхэлдээ “Эйпс”-ийн хэмнэлээр явлаа. Тоглолтын эхэнд гарааны бүрэлдэхүүнээсээ шууд 3 тоглогч солих зэргээр эсрэг багийн хэмнэлийг өөрчлөх гэсэн оролдлогуудыг хийсэн нь ч мөн нөлөөгөө үзүүлэв. Улмаар “Эйпс” эхний хагаст 52:43 харьцаатай тэргүүлсэн. Эхний үед “Металл”-аас гурван тоглогч нь 2 алдаатай болсныг тэд мөн давуу тал болгож чадсан. Түүнчлэн “Металл” багийн будагтай талбайн гол тоглогч Скотт энэ өдөр дахиад тоглолт нь болсонгүй. Тэр эхний хагаст торгуулийн шидэлтүүдээр ердөө 2 оноо л авлаа. Харин Байрон Уэсли эхний хагаст 7/8 оновчтой довтолж 19 оноо авсан нь онцлох үзүүлэлт байв. Нөгөө талаас Крис Клайбөрн 14 оноо авчээ.

Гэхдээ тоглолтын хоёрдугаар хагас эхлээд бүх зүйл бүтэн эргэсэн. Тэд 3-р үеийн цаг талдаа орох үед 9 онооны зөрүүг арилгаж, улмаар оноогоор ч илүү гарч чадсан юм. Сагсан бөмбөгийн спортод хамгийн чухал үе гэгддэг 3-р үед “Металл” гайхамшгийг толилуулж нийт 36 оноо авлаа. Энэ нь тус цуврал эхэлснээс хойш нэг үед хамгийн олон оноо авсан тохиолдол боллоо. Ингэхдээ эсрэг багтаа 16 оноо алдаж, +20 онооны зөрүү гаргаснаар шийдвэрлэх 4-р үеийн өмнө 11 онооны тэргүүллийг авч чадсан юм. Хагас шигшээ шатны нөгөө учраа  “Хасын Хүлэгүүд”, “Сэлэнгэ Бодонгууд” багуудын цуврал долоон тоглолтод ч тэр нэг үед хамгийн олон оноо авсан тохиолдол нь 31 байсан билээ.  

УЭСЛИ СҮҮЛИЙН 2 ТОГЛОЛТОД НИЙТ 89 ОНОО…

“Металл” тоглолтын 3-р үеийн дунд 4 минут гаруйн хугацаанд дараалан 22 оноо авахдаа эсрэг багтаа торгуулийн шидэлтээр нэг оноо л алдав. Үүний сүүлийн 12 оноог дараалсан 4 холын шидэлтээр авсан бөгөөд гурвыг нь Уэсли оруулсан юм. Тэрээр тоглолтын 3-р үед 17 оноо авч шилдэг тоглолтыг үзүүллээ. Өмнөх тоглолтод энэ цувралд 30+ оноо авсан анхны тоглогч болоод байсан тэрээр энэ удаад 45 оноо авсан супер үзүүлэлттэй тоглолтыг дуусгав. 

Ингэхдээ 81%-тай буюу 17/21 гэсэн маш өндөр хувийн оновчтой довтолсон юм. Холын зайн шугамны араас 9 шидсэний 6 нь цагаригт орж, торгуулийн шидэлтүүдээ алдаагүй (5/5) гүйцэтгэсэн байна. Мөн 11 удаа самбараас бөмбөг авч, 2 удаа бөмбөг таслан, 2 ашигтай дамжуулалт өгчээ. Тэр ердөө 2 удаа л бөмбөг алдсан бөгөөд нийт үзүүлэлтийн статистикаар +54 үзүүлэлттэй тоглолтыг дуусгасан энэ цуврал эхэлснээс хойш хувь тоглогчоос гарсан хамгийн гойд үзүүлэлт байв. 

БАЯСАА, УУГАА, УЭСЛИ НИЙТ 91 ОНОО…

Түүнээс гадна багийн ахлагч Т.Ууганбаяр болон А.Энхбаясгалан нарын шигшээ багийн тоглогчид тун сайн байлаа. А.Энхбаясгалан 8/14 довтолж 24 оноо авсан бол Т.Ууганбаяр 9/13 довтолж 22 оноо авчээ. Ингэхдээ А.Энхбаясгалан 5 удаа холын шидэлтээ оруулж, 37 минутыг талбайд өнгөрүүлэхдээ бүх талаар тун алдаа багатай тоглож чадсан юм. Т.Ууганбаярын хувьд 8 ашигтай дамжуулалт өгч, 5 удаа самбараас бөмбөг авч, 2 удаа бөмбөг тасалсан байна. Мөн тэд багийнхаа хамгаалалт дээр ч нэг чухал үүрэг гүйцэтгэж чадсан юм. Ийнхүү “Металл” багийн тулгуур болсон тус гурван тоглогч нийт 91 оноо авсан нь эсрэг багийн нийт онооноос ердөө зургаагаар дутах үзүүлэлт болов. Мөн Девон Скотт 2-р хагаст илүү дээр байж 11 оноо, нийт 13 оноо авсан бөгөөд 10 удаа самбараас бөмбөг авчээ. 

Энэ өрсөлдөөнд тоглолт ирэх тутам тоглолтын агуулгаа сайжруулж, яван чангарсаар буй “Металл” тус цувралд анхны 100 онооны босго давсан тоглолтыг үзүүллээ. Тоглолт эхнээсээ нээлттэй, довтолгоо зонхилсон хэмнэлтэй байсан бөгөөд “Эйпс”-ийн хурдан довтолгоотой тоглолтыг “Металл” өөрсдийнх нь эсрэг 3-р үед яруу тодоор үзүүллээ. Тэдний хамгаалалтаас довтолгоонд орох хурд болоод оновч, эргээд нягт хамгаалалт нь тус тоглолтын хамгийн гол давуу тал, эргэлтийн цэг нь байлаа. Мөн тэдний бөмбөгний шилжилт, багийн тоглолт нь давуу байдал үүсгэсэн хэвээр. Довтолгооны үзүүлэлтүүдийн хувьд “Эйпс” дахиад илүү боломжуудыг үүсгэсэн ч хувь, оновчийн хувьд “Металл” илүү байв.  

Довтолгоо: 34/80 – 39/62
Холын шидэлт: 11/37 – 12/22
Торгуулийн шидэлт: 18/27 – 20/23 

Энэ тоглолтод 12 удаа холын шидэлтээ оруулсан нь “Металл”-ын хувьд өмнөх таван тоглолтынхоос давсан үзүүлэлт байв. Энэ цувралд тэд нэг тоглолтод хамгийн олондоо 10 удаа гурван онооны шидэлтээ оруулсан юм. Эхний хагаст л гэхэд “Эйпс” холын зайнаас 19 шидэж 5 оруулсан бол “Металл” 11 шидэж 5 нь оновчтой болсон. Мөн довтолгооны тоогоор 42:28 гээд “Эйпс” илт илүү явсан. Харин “Металл” нэг үзүүлэлтээр илүү байсан нь оновчтой дамжуулалтын тоо (4:8) байсан юм. 

“Металл” багийн гурван тоглогч ийнхүү бүх тоглогчийг оноогоор тэргүүлсэн бол “Эйпс”-ээс Крис 22 оноогоор багаа тэргүүллээ. Мөн М.Өлзий-Орших 20 оноо авсан бол өмнөх тоглолтод онцгой байсан Б.Тулуй 16 оноо авлаа. Тэрээр 6/15 буюу 40%-ийн оновчтой довтолсон нь тааруу үзүүлэлт байсан ч сэтгэл зүйн хувьд эсрэг багийнхаа эрчтэй хамгаалалтын эсрэг түүн шиг зоригтой, итгэлтэй довтолж байсан тоглогч энэ удаад байсангүй. “Эйпс” сэлгээний тоглогчдын оноогоор 43:15 харьцаатай илүүрхэж, арван өөр тоглогч нь оноо авсан. Гэвч 2-р хагаст талбай дээрх багийн тоглолт, бөмбөгний болон хамгаалалтын шилжилт эсрэг багаасаа яах аргагүй дутуу байлаа. 

Ийнхүү бид Монголын сагсан бөмбөгийн холбооны Үндэсний “Дээд лиг”-ийн тэмцээний хагас шигшээ шатны хоёр талын өрсөлдөөнд аль алинд нь долоо дахь тоглолтыг үзэхээр боллоо. Өнгөрсөн жил багууд энэ шатанд учраа таарахад “Металл” 4:3 харьцаагаар хожиж байсан удаатай. Тэд 3:0 гэсэн нөхцөл байдлаас боломжгүй мэт зүйлийг бодитой болгоод ирлээ. Тэд үнэхээр гайхамшгийг бүтээж, 4 дараалан хожиж чадвал энэ Монголын “Дээд лиг”-ийн өнгөрсөн 30 жилийн түүхэн дэх анхны тохиолдол болох юм. 

Яг одоогоор уг цувралд агуулгын хувьд илүү тоглолтыг үзүүлж, сэтгэл зүйн хувьд ч давуу байдалтай байгаа баг нь “Бишрэлт Металл” болоод байна. Харин “Эс Жи Эйпс” багийн хувьд баригдаж, давуу байдлаа алдсан боловч дутуу зүйл байхгүй. Бүх зүйл дахин шинээр эхэлж байна л гэсэн үг. Тэд нэг хожиход л цааш шалгарах боломж нь 100% байсан хэвээр. “Эйпс” энэ цувралд эргэн ирж чадах эсэхийг одоо тэдний дасгалжуулагчийн ажиллагаа болон багийн сэтгэл зүй нь л шийдэхээр болоод байна.