Тоглолтын Анализ (SGA 3:4 BTM): “Металл”-ын түүхэн ялалт

274

Монголын сагсан бөмбөгийн 30 дахь удаагийн “Дээд лиг”-ийн тэмцээний аваргын төлөө өрсөлдөх хоёр дахь баг тодорлоо. Хагас шигшээ шатанд өрсөлдсөн “Бишрэлт Металл”, “Эс Жи Эйпс” багуудын цувралын шийдвэрлэх 7 дахь тоглолт 67:61 харьцаатай өндөрлөж, “Металл” баг лигийн шигшээ шатанд гурав дахь улирлаа дараалан шалгарч байна. Ингэснээр тэд “Дээд лиг”-ийн тэмцээний 30 жилийн түүхэнд плэйоффын цувралд 3:0 харьцаатай хожигдож яваад 4 дараалж хожсон анхны баг болж, нэгэн гайхамшигтай түүхийг бичиж чадлаа. Урьд өмнө манай лигт хэзээ ч ийм зүйл болж байсангүй. 

“Металл” цувралын эхэнд хоёр тоглолт дараалан сүүлийн мөчид ойрхон оноогоор хожигдож, нэг тоглолт А.Энхбаясгалангүй тоглон хожигдоод байсан. Гэвч Цепелис дасгалжуулагч 4 дэх тоглолтоос багаа хэрхэн тоглуулах учраа олж, сэтгэл зүйн хувьд ч бүрэн сэргэж чадсан юм. Цувралын 4 дэх тоглолтын төгсгөлд 5 минутын дотор 15 онооны дутууг барьж хожсон нь “Металл”-ыг энэ цувралд үлдээж, улмаар шигшээ шатанд гарах эргэлтийн цэг болж хувирсан. Улмаар 5, 6 дахь тоглолтуудад тэд тэс өөр байж 4-р үеийг онооны илүүтэй эхлүүлж, улмаар төгсгөл хүртэл илүүгээ хадгалж хожлын харьцааг тэнцүүлээд байлаа.

ХАМГИЙН МУУ ДОВТОЛГООТОЙ ТОГЛОЛТ… 

Цувралын 7 дахь тоглолтын хувьд эхний хагас 35:37 харьцаатай өндөрлөсөн. Өмнөх тоглолтод нэг үед 36 оноо авч байсан “Металл” багийн хувьд эхний хагаст 35 оноо авна гэдэг эрс өөр үзүүлэлт байлаа. Гэхдээ эндээс тодорхой харагдсан нэг зүйл нь багууд хамгаалалтад маш нягт тоглохыг зорьж байсны зэрэгцээ довтолгоонд ч аль аль талаас олон алдаанууд харагдаж байв. Энэ нь тамирчдын “заавал хожих ёстой, алдаж болохгүй” гэсэн сэтгэл зүйн дарамтыг өөртөө үүсгэж, хэтэрхий хичээж тоглож байсантай холбоотой болов уу. 

Тодруулбал “Бишрэлт Металл” баг энэ цуврал эхэлснээс хойш өмнөх 6 тоглолтод бүгдэд нь дөчөөс дээш хувьтай довтолж байсан бол энэ тоглолтод 36.2% (25/69) оновчтой довтолсон нь цувралын хамгийн тааруу үзүүлэлт нь болжээ. Жишээлбэл тэд өмнөх тоглолтод 62.9%-ийн оновчтой довтолж байсан юм. “Металл” эхний хагаст л гэхэд 26 удаа хоёр онооны довтолгоо гүйцэтгэснээс 9 нь л оновчтой болсон байна. “Эйпс”-ийн хувьд ч 33.3% (22/66) оновчтой довтолсон нь мөн энэ цуврал дахь хамгийн муу довтолгооны үзүүлэлт нь болжээ. Цуврал эхэлснээс хойш багууд аль аль нь үргэлж 70+ оноо авч байсан бол энэ удаад хамгийн цөөн оноо авсан тоглолт нь боллоо.

Эхний хагаст багуудын гол зөрүүтэй үзүүлэлт гэвэл “Металл” багийн хувьд өнөө л бөмбөгний шилжилт, оновчтой дамжуулалтын илүү байлаа. Тэд эхний хоёр үед 10 ашигтай дамжуулалт өгсөн нь эсрэг багаас хоёр дахин их байв. Мөн чөлөөт шидэлт энэ цувралын турш “Эйпс”-ийн анхаарах асуудлуудын нэг байсан. Долоо дахь тоглолтод эхний хагаст 4/8, тоглолтын турш 11/19 оновчтой шидсэн нь мөн л хангалтгүй байсан юм. 

ТОГЛОЛТЫГ ШИЙДЭХ ТОГЛОГЧ… 

Цувралын өмнөх хоёр тоглолтод нийт 89 оноо аваад байсан Байрон Уэсли энэ удаад 26 оноо авсан нийт тоглогчдыг тэргүүлсэн үзүүлэлт боллоо. Түүнээс өөр 20+ оноо авсан тоглогч энэ тоглолтод байсангүй. Мөн Уэйсли 7 удаа самбараас бөмбөг авч, 3 хаалт хийж, эсрэг багийн тоглогчдоос нийт 8 удаа алдаа авчээ. Тэр 4-р үеийн төгсгөлд дахин нэг тоглолтод хожил хожигдлыг шийдэж чадлаа. 

Нөгөө талаас “Эс Жи Эйпс”-ийн ахлагч М.Өлзий-Орших 18 оноогоор багаа тэргүүлэхийн зэрэгцээ 2 удаа хаалт хийсэн нь онцлох үзүүлэлт боллоо. Нэмээд 7 удаа самбараас бөмбөг авсан ч ердөө 1 оновчтой дамжуулалттай тоглолтыг дуусгасан. Тэр энэ цувралын эхний 6 тоглолтод 7.5 оновчтой дамжуулалт дунджилж байсан юм. Мөн эхний хагаст 14 оноо авсан ч тоглолтын 2-р хагаст ердөө 4 оноо авсан нь хангалтгүй үзүүлэлт байв. Ингэхдээ сүүлийн 19 минутын хугацаанд торгуулийн шидэлтээр л нэг оноо авчээ. Тэр шийдвэрлэх мөчид довтолгоонд хариуцлагыг өөр дээрээ авч, зоригтой тоглох хэрэгтэй байсан ч багийн ахлагч, багийн лидерийн үүргийг гүйцэтгэсэн тоглолт гаргаж чадсангүй. Зөвхөн М.Өлзий-Орших гэлтгүй “Эйпс”-ийн энэ цувралд хожигдсон гол шалтгаануудын нэг энэ юм. 

Төгсгөлийн мөчид зоригтой, итгэлтэй тоглолтыг үзүүлж чаддаг Крис Клайбөрн гэмтлээс шалтгаалж нэг тоглолт өнжсөн төдийгүй сүүлийн 2 тоглолтод тийм ч сайн байсангүй. Улмаар сүүлийн тоглолтын дундуур гэмтэж (гуяны арын булчин) цааш тоглох боломжгүй болсон юм. Энэ цувралд оролцсон 5 тоглолтдоо 19.6 оноо дунджилсан Крис энэ удаад талбайд 9 минутыг өнгөрүүлсэн ч оноо аваагүйн дээр -4 статистиктай талбайг орхилоо. 

Харин монгол тоглогчдоос нь “Металл”-ын хамгаалалтын эсрэг алдахаас айхгүй дайрч чадаж байсан ганц тоглогч нь Б.Тулуй. Гэхдээ эхний хагаст техникийн алдаа аваад байсан тэрээр 4-р үед довтолгооны самбараас бөмбөг авах үедээ спортын бус алдаагаар торгуулж тоглолтыг үргэлжлүүлэх боломжгүй болсон нь тун харамсалтай явдал боллоо. Энэ явдалд шүүгчдийн шийдвэртэй үзэгчдийн ихэнх нь санал нийлээгүйг дурдах нь зүй болов уу. Тус цувралд өөрийгөө хэн гэдгээ харуулж чадсан Б.Тулуй энэ тоглолтод 30 минут талбайд тоглож, 16 оноо авахын зэрэгцээ 8 удаа самбараас (довтолгооны 3) бөмбөг авчээ. Хэрэв тоглолтын төгсгөлд тэр талбайд байсан бол ялалт нөгөө тийш эргэж болохыг ч бас үгүйсгэхгүй. Гэхдээ энэ удаагийн лиг түүнд хувь тоглогчийн талаас тун ололт, амжилттай байлаа. Ирээдүйд ямар их боломж байгаа нь ч харагдлаа. 

Товчхондоо “Эйпс” энэ цувралд багийн тоглолтоор дутахын зэрэгцээ тоглолтыг шийдэх сэтгэл зүйтэй, зоригтой дайчин, “clutch” тоглогчдоор ч бас дутлаа. Илүү характертай тоглогч хэрэгтэй байна. Тэгээд дасгалжуулагч тэдний хожигдлын хариуцлагыг гол хүн болох нь ойлгомжтой болов уу. Лале Горуновичийн ажиллагаа нөгөө талаас дутуу байсан ба цувралын турш алдаатай олон шийдвэрүүд гаргалаа. Мөн 7 дахь тоглолтод тактикт хэт анхаарснаас биш тоглогчдынхоо сэтгэл зүйд анхаарсан зүйл тоглолтын үед лав харагдсангүй. Шийдвэрлэх 7 дахь тоглолт бол ердөө л сэтгэл зүйгээр шийдэгддэг “тулаан” байдаг. 

“МЕТАЛЛ”-ЫН ГАРААНЫ ДӨРӨВ…

“Металл”-аас өмнөх тоглолтод довтолгооны гурван гол тоглогч нь нийлээд 91 оноо авч байсан бол энэ удаад Т.Ууганбаяр, Уэсли нарын тоглогчид нь том давуу тал үүсгэлээ. Тодруулбал оноо ойрхон явсан тоглолтын 4-р үед баг нь 15 оноо авсны 9 нь Уэсли, 5 нь Т.Ууганбаярын авсан оноо байв. Багийн ахлагч Т.Ууганбаяр тоглолтын турш нийт 17 оноо авсан (7/13 довтолгоо) бөгөөд 6 самбар (довтолгооны 3) авч, 6 ашигтай дамжуулалт өгчээ. Тэр сүүлийн 3 тоглолтод нийт 26 ашигтай дамжуулалт өгсөн нь бүх тоглогчийг тэргүүлэх үзүүлэлт юм. Мөн шийдвэрлэх 7 дахь тоглолтод огт сэлгээнд суухгүй, 40 минут бүтэн тоглосон нь хамгийн онцлох үзүүлэлт нь байлаа. 

А.Энхбаясгалан энэ удаад хангалттай сайн байгаагүй ч 39 минут талбайд тоглож, тоглолтын турш хамгаалалт, довтолгооны тэнцвэрийг барьж чухал үүрэгтэй тоглолоо. Тэрээр 2/15 оновчтой довтолсон хэдий ч 10 самбар авч, 4 оновчтой дамжуулалт, 2 бөмбөг таслалт, 1 хаалт хийжээ. Б.Сүхбат мөн адил ямар нэг онцгой үзүүлэлттэй байгаагүй ч 30+ минут талбайд тоглож, багийнхаа тоглолтын хэмнэлийг хадгалах гол тоглогчдын нэг байхын зэрэгцээ 3 оновчтой дамжуулалт өгчээ. 

Ийнхүү “Металл” гарааны тоглогчдынхоо ойлголцол дээр тулгуурлаж, багийнхаа хамгаалалт довтолгооны системийг хадгалж чадсаны үндсэн дээр хожиж чадлаа. Оновчтой дамжуулалтаар л гэхэд 18:8 харьцаатай илүү дууссан нь ч үүнтэй нь шууд холбоотой байлаа. Тэдний сэлгээнээс 4 тоглогч талбайд орсноос Скотт л 10+ минут талбайд тогложээ. Өөрөөр хэлбэл “Металл”-ын дасгалжуулагч гарааны үндсэн 4 тоглогчоо 30+ минут талбайд тоглуулж, чухал тоглолтод аль болох эрсдэл гаргалгүй хамгийн нягтаараа тоглохыг хичээсэн нь зорьсон үр дүнд нь хүргэж чадлаа. 

Энэхүү хүнд тоглолтод “Металл” багийн авсан нийт 67 онооны 53-ыг гарааны тоглогчид нь авсан бол сэлгээнээс ердөө хоёр тоглогч л (нийт 14) оноо авчээ. Үүнээс 13 оноог нь багтаа авчирсан Девон Скотт цувралын сүүлийн тоглолтуудад хангалтгүй байсан ч энэхүү шийдвэрлэх тоглолтод өмнөхөөс харьцангуй сайн байлаа. Үлдсэн нь З.Энхтөр 4-р үед торгуулийн шидэлтээр авсан чухал 1 оноо байв. Харин “Эйпс”-ийн сэлгээнээс таван өөр тоглогч нийт 13 оноо авчээ. 

АКОУТ БОЛОН Т.МЭНДБАЯРЫН ДАВУУ ТАЛ ХААЧИВ? 

“Эйпс”-ээс энэ цувралд хамгийн сайн байсан тоглогч бол маргаангүй Ден Акоут. Долоо дахь тоглолт багаасаа хамгийн удаан буюу 34 минут талбайд тоглож, 11 оноо, 8 самбар авчээ. Багийн гол холбогч М.Өлзий-Орших 1 оновчтой дамжуулалт бүртгүүлж байгаа тоглолтод төвийн тоглогчийнх нь довтолгооны нөлөө сайн байх үндэс байсангүй. Тэр эхний хагаст оноо авч чадаагүйн дээр 3-р үед торгуулийн шидэлтээр л 2 оноо авсан юм. Гэхдээ Акоут хамгаалалтад сайн байж 2 удаа бөмбөг тасалснаас гадна 6 удаа хаалт хийсэн нь онцлууштай. “Эйпс” 4-р үед 13 оноо авсны 9 нь Акоутын авсан оноо гэдгээс л бусад тоглогчдын довтолгооны оролцоо шийдвэрлэх үед ямар байсныг харж болно. Энэ бол өнөө алдахаас айх, хариуцлага хүлээж чадахгүй байгаа байдалтай шууд холбоотой. 

Өөрөөр хэлбэл шийдвэрлэх үед багийнхаа оноог Акоут л хөдөлгөж байлаа. Гэхдээ багийн тоглолтоор гэхэд хэцүү. Довтолгооны самбараас аваад нэмэх, өөрөө бөмбөгөө авч орох довтолгоонууд нь илүү олон байсан. Акоут энэ цувралд Скоттыг илүүрхэж, хувийн ур чадвараар үнэхээр давуу талтай байсан ч дасгалжуулагч нь түүнийг зохих хэмжээнд ашиглаж чадсангүй. Холбогчдынхоо тоглолтыг ч, багийнхаа довтолгооны системийг ч түүнтэй уялдуулж чадсангүй. Тиймээс Акоут ганцаараа хэчнээн сайн байгаад сагсан бөмбөг багаар тоглодог спорт учраас хожил тэднийх болсонгүй. Хэрвээ гэж байхгүй ч Акоутыг түшиглэсэн хувилбарууд олон явж, түүнийг илүүтэйгээр ашигласан бол энэнээс ч илүү тоглох бүрэн нөөц боломжтой легионер байлаа. Гэвч түүний потенциалын ядаж талыг нь ашиглаж чадвсан болов уу. Эсрэг багийн төвийн тоглогч нь 5 алдаатай болоод суухад Лале дасгалжуулагч түүнийг нь дагуулаад Акоутыг суулгаж, улмаар хожигдсон тоглолт ч энэ цувралд бий. 

Сүүлийн тоглолтод Акоутыг 4-р үеийн төгсгөлд дамжуулалтаар хангаж байсан тоглогч нь Т.Мэндбаяр байсан. “Эйпс”-ийн гол хамгаалагчдын нэг Т.Мэндбаяр энэ тоглолтод сэлгээнээс гарсан ч талбайд 22 минутыг өнгөрүүлсэн юм. Түүний гол үүрэг эсрэг багийн довтолгооны гол тоглогч Уэслиг хамгаалах байсан бөгөөд энэ ажлаа ч сайн хийсэн. Харин эсрэгээрээ түүний шидэлт багийнхаа довтолгоонд тодорхой хэмжээгээр сул тал болж байлаа. Энэ нь зөвхөн энэ тоглолтод гарч буй зүйл биш учраас “Металл”-ын хамгаалалт Т.Мэндбаярыг гурвын гадна байгаа үед нь орхиж, улмаар бусад дөрвөн тоглогчийг нь хурдан шилжилттэй хамгаалж, бөмбөгтэй тоглогч дээр давхар хамгаалалт үүсгэх зэргээр авч байлаа. Т.Мэндбаяр ч 3 удаа сул гарч 3 онооны шидэлт гүйцэтгэснээ оруулж чадсангүй. Үүнд нь тоглолтын төгсгөлд баг нь 3 оноо дутуу байхад гүйцэтгэсэн шидэлт ч багтана. 

“Металл”-ын хувьд түүнийг сул шидүүлсэн ч энэ нь муу хамгаалалт болохгүй гэж үзсэн нь ойлгомжтой тул сүүлийн довтолгоонууд дээр нь М.Өлзий-Орших, Ц.Санчир зэрэг аюултай шидэгчдийг илүү анхаарч хамгаалах боломж гарч байв. Энэ тоглолтод “Эйпс”-ийн 2 тоглогч нь талбайг орхисон нь багийн тоглолтод нөлөөлсөн нь ойлгомжтой. Гэвч өмнөх тоглолтуудад ч тэр Т.Мэндбаярыг талбайд оруулах үед бусад 4 байрлалдаа зайлшгүй довтолгооны санаачилга сайтай тоглогчдыг оруулж, довтолгоо хамгаалалтын тэнцвэрийг хадгалах хэрэгтэй байсныг дасгалжуулагч мэдрэхгүй байсаар цуврал дууслаа. 

Тоглолтыг шийдэх зүйл биш юм шиг боловч энэ цувралд маш нөлөөтэй, давуу, сул талуудын алийг нь ч авчирч болох чухал байрлал энэ байсан. Нэг ёсондоо Т.Мэндбаяр эсрэг багийн гол хүнийг хувь авах, багийн хамгаалалтыг сэргээх гэхчлэн олон давуу байдлыг багтаа авчирч байгаа ч эргээд довтолгоогоор түүнийх нь үр дүнг гаргах чадвар дасгалжуулагчид нь байсангүй. Тэгвэл нөгөө талд “Металл” нягт хамгаалалт, эргээд цэгцтэй довтолгоо, шийдвэрлэх мөчид оноо авах чадварыг сүүлийн 4 тоглолт дараалан үзүүлж, бид гайхалтай цуврал, гайхалтай ялалтын гэрч боллоо. 

Ийнхүү “Металл” хагас шигшээ цувралд 2 жил дараалан “Эйпс” багийг 7 тоглолтын эцэст буулган авч, шигшээ гарлаа. Аваргын төлөөх цувралд ч хоёр дахь жилээ дараалан “Хасын Хүлэгүүд”, “Бишрэлт Металл” багуудын өрсөлдөөнийг үзэхээр боллоо. Шигшээ шатны өрсөлдөөн даваа гарагт эхэлнэ.