“Дэрэн” оноо алдаж, “СП Фалконс” хүснэгтийг тэргүүллээ

47

ХАНГАРЬД 1:3 БИШРЭЛТ ХОРОМХОН

Хүснэгтийн зургаадугаар байрт бичигдэж байгаа ч дээр яваа багуудаасаа оноо холдоогүй яваа “Бишрэлт Хоромхон” тун чухал ялалт байгууллаа.

Тэд өнөөдрийн өрсөлдөгч “Хангарьд” клубийг үндсэн цагт 3:1-ээр хожиж, дээрээ яваа “Улаанбаатар” клубтэй адил 22 оноотой болов.

Залуу тоглогч Э.Тэгшжаргал 16 дахь минутад гоол оруулж “Бишрэлт Хоромхон” тэргүүллийг гартаа авсан. Удаах гоолыг багийнхаа төдийгүй лигийн шилдэг довтлогч Н.Наранболд 26 дахь минутад өөрийн нэр дээр бүртгүүлсэн юм.

“Хангарьд”-ын довтлогч З.Тэмүүлэн “Бишрэлт Хоромхон”-ы хамгаалалтыг 65 дахь минутад эвдэж, тооны харьцааг 1:2 болгон ойртууллаа. Орхон аймгийн нэр төрийг хамгаалагчид оноо авахын төлөө урагш довтолсоор байсан нь эсрэг багт давуу тал болчхов.

“Бишрэлт Хоромхон”-ы Узбекистан тоглогч Азамат Абдулалилов 84 дэх минутад тоглолтын эцсийн цэг болсон гоолыг орууллаа.

Чухал гурван оноо авсан “Бишрэлт Хоромхон”-ыг дараагийн гурван долоо хоногт  “Дэрэн”, “СП Фалконс”, “Улаанбаатар” гэсэн хүчтэй өрсөлдөгчид хүлээж байна.

ХАНТЕРС 1:1 БРЕРА ИЛЧ 

Хүснэгтийн долоо, наймдугаар байрт зуузай холбон яваа “Хантерс”, “Брера Илч” багуудын тоглолт эвийн гэрээгээр өндөрлөлөө. 

Бэртэл гэмтэлээс үүдэн ахлагч Х.Цэнд-Аюуш тэргүүтэй олон тоглогч багтаа тусалж чадахгүйд хүрээд буй. Тиймдээ ч “Брера Илч”-ийн залуус хамгаалалтдаа түлхүү анхаарч, сөрөг довтолгооноос боломжуудаа хайж байлаа. 

Эхний хагас гоолгүй өндөрлөсөн ч хоёрдугаар үеийн эхэнд сэлгээгээр орж ирсэн Э.Мөнгөнбагана багтаа торгуулийн цохилт авчирч, Солонгос тоглогч К.Есүнг амжилттай гүйцэтгэв. Тийнхүү “Хантерс” клуб тоглолтын үндсэн цаг дуустал тэргүүлж байсан ч 1:0 үр дүн аргагүй баталгаагүй гэдэг нь дахин нотлогдлоо. 

Тодруулбал “Брера Илч” багийн ахлагч Э.Мөнх-Эрдэнэ 90+2 дахь минутад тэнцээний гоолыг оруулсан юм. Хэдий төвийн хамгаалагч ч гэлээ Э.Мөнх-Эрдэнэ эсрэг багийн торгуулийн талбайд тун тайван тоглож, зүүн хөлийн гоёмсог цохилтоор гоол оруулан, багаа хожигдолоос аварлаа. 

ДЭРЭН 1:1 АЗАРГАНУУД 

Энэ долоо хоногийн хамгийн том шуугианы эзэд нь хүснэгтийн сүүл мушигаж яваа “Төв Азарганууд” клуб байлаа. 

Учир юу вэ гэвэл “Төв Азарганууд” аваргын төлөө өрсөлдөж байгаа, одоогоор хүснэгтийн хоёрдугаар байрт эрэмблэгдэж яваа хүчирхэг “Дэрэн”-тэй 1:1-ээр тэнцэв. 

“Төв Азарганууд” клубийн залуу тоглогч Т.Түвшинбаяр 16 дахь минутад гоолын салхийг хагалж баг нь тэргүүлээд эхэлсэн юм. Гэсэн ч “Дэрэн” клубт тогтвортой олон жил тоглож байгаа Б.Ууганбат 19 дэх минутад хүчтэй цохилтоор, гайхалтай нэгэн гоолыг оруулж, тоог тэнцүүлэв. 

Тоглолтын эцсийн шүгэл дуугартал “Дэрэн”-ийн залуус аюултай довтолгоо зохион байгуулж байсан ч амжилттай болгож чадсангүй. Тоглолт тэнцээгээр өндөрлөхөд “Төв Азарганууд”-ын хамгаалалтын шугам тэр дундаа хаалгач Б.Хүслэн тун сайн тоглосон гэдгийг онцлох нь зүйтэй. 

Тийнхүү өнгөрсөн долоо хоногт “Бишрэлт Хоромхон”-ыг хожсон “Төв Азарганууд” энэ удаад “Дэрэн”-ээс оноо зулгааж чадлаа. 

СП ФАЛКОНС 5:0 ХОВДЫН ХҮЛЭГҮҮД 

Аваргын цомыг хамгаалагч “СП Фалконс” хоёрдугаар тойргийн тав дахь долоо хоногийн өрсөлдөгч “Ховдын Хүлэгүүд” клубийг 5:0-ээр илүүрхэлээ. 

Тоглолтын эхний хагаст “СП Фалконс”-ын хамгаалагч О.Энх-Оргил өөрийн ур чадварыг харуулан хүчтэй цохилтоор гоол оруулж, багтаа тэргүүллийг авчирсан. 

Харин шийдвэрлэх үед М.Батхишиг хоёр, М.Төгөлдөр, Даниил Мусаткин нар тус тус нэг гоол оруулж, “СП Фалконс” итгэл төгс гурван оноо халаасалсан юм. 

Хэдий тооны харьцаа таван гоолын зөрүүтэй ч тоглолтын уур амьсгал ширүүн өрнөж, есөн шар хуудас өргөгдөж, “Ховдын Хүлэгүүд” багийн хамгаалагч А.Эрдэмбилэг хоёр шар хуудас авч талбайг чөлөөллөө.

УЛААНБААТАР 2:1 ЭРЧИМ 

Энэ долоо хоногийн оргил тулаанд “Улаанбаатар” клуб 2:1-ээр хожиж, хүснэгтийн эхэн хэсэгт бичигдэж байгаа багуудын өрсөлдөөнийг улам сонирхолтой болголоо. 

Улирлын хоёрдугаар тойрог эхлээд  ганган формтой байгаа Г.Төгөлдөр 58 дахь минутад тооны харьцааг нээж, багтаа дахин нэг удаа тус хүргэв. 

Тэгвэл нөгөө талаас бэртэл гэмтэлээс эргэн ирж, мөн л гайхалтай тоглолтоо үзүүлж эхлээд буй О.Мижиддорж 74 дэх минутад тоог тэнцүүллээ. 

Хэн хэнд нь тэнцээ хэрэггүй учраас багууд хожлын гоол оруулахын төлөө улайран довтолж байсан юм. 

Тоглолт эвийн гэрээгээр өндөрлөхөд хэдхэн минут үлдээд байсан ч шүүгч “Улаанбаатар” клубийн талд 11 метрийн торгуулийн цохилт зааж, О.Мижиддорж 90+7 дахь минутад хожлын гоолыг орууллаа. 

Энэхүү чухал тоглолтын дараа “Эрчим” 26 оноотой үлдсэн бол “Улаанбаатар” 25 оноотой болж ойртон ирлээ.