Тоглолтын Анализ (KUL 1:1 BTM): “Хүлэгүүд”-ийн монгол тоглогчид цувралд орж ирлээ

189

“Дээд лиг”-ийн шигшээ цувралын 2 дахь тоглолтод “Хасын Хүлэгүүд” 81:83 харьцаатай хожиж, цувралын харьцаа 1:1 болон тэнцлээ. Эхний тоглолтын төгсгөлд онооны зөрүүг барьж, улмаар нэмэлт цагт хожлын шидэлтээр ялсан “Бишрэлт Металл” энэ өдөр эсрэгээрээ байлаа. Тэд 4-р үеийн төгсгөлд сүүлийн 1:38 секундийн хугацаанд хоёр онооны зөрүүг арилгаж чадалгүй байсаар хожигдол хүлээлээ.

Цувралын 2 дахь тоглолтод багууд эхнээсээ оноо тэнцүүхэн явсан бөгөөд нэг үед хамгийн олондоо 4 онооны зөрүү гаргажээ. Улмаар тоглолтын сүүл хэсэгт хамгаалалтаараа уралдаж, хэн хэн нь оноо авалгүй байсаар “Хүлэгүүд” 2 онооны илүүгээ хадгалж хожлыг авлаа. Гэхдээ “Хүлэгүүд” тэргүүлж “Металл” хөөх хэмнэлээр тоглолт үргэлжилсэн бөгөөд хамгийн олондоо 15 онооны (2-р үед) зөрүү гаргаж чадсан. Мөн тэд энэ тоглолтын үндсэн цагийн 40 минутын 36-д нь оноогоор хошуучилжээ. Өөрөөр хэлбэл тоглолтын онооны зөрүү ойрхон дууссан ч “Хүлэгүүд” дөрвөн үеийн турш онооны тэргүүлэлтэй байж, хэмнэлээ алдахгүй явж чадаж байсан нь тэднийг давуу байсныг хангалттай илтгэх үзүүлэлт юм.

Өмнөх тоглолтод самбар болон довтолгооны самбар, оновчтой дамжуулалт гээд багийн үзүүлэлтүүдээр “Хүлэгүүд” илүү байсан ч хожиж чадаагүй. Харин энэ удаад багийн бүх үзүүлэлтүүд ойролцоо байлаа. Аваргуудын давуу байсан гол үзүүлэлт нь довтолгооны хувь (30/55 – 31/64) байлаа. Тэр дундаа холын шидэлтийн хувьд багууд адил 25 шидэж Хүлэгүүд 13 хийсэн бол “Металл” 8 шидэлтээ оруулжээ. Сэлгээний тоглогчдын авсан оноогоор дахин илүүрхэж +14 (15:29) онооны зөрүү гаргасан байна.

ӨДӨР БҮР ӨӨР ХҮН…

Лигийн 8 удаагийн аварга “Хасын Хүлэгүүд” багаас энэ тоглолтод 11 тоглогч талбайд гарсны 7 нь 20-оос дээш минут талбайд тоглосон юм. Тэднээс Ч.Ихбаяр 18 оноо авсан нь багаа тэргүүлэх үзүүлэлт боллоо. Тэрээр 3 онооны шугамны араас алдалгүй шидэж (4/4) 12 оноо авсан бөгөөд нийт довтолгоо нь 7/9 оновчтой байсан нь маш сайн гүйцэтгэл байлаа. Мөн Б.Билгүүн 15, Жордан Толберт 13 оноо, Д.Мөнхтүвшин, Б.Барсболд нар тус бүр 11 оноо гээд таван тоглогч 10+ оноо авчээ. Б.Барсболдын хувьд 5 ашигтай дамжуулалт өгөхийн зэрэгцээ 5 удаа бөмбөг тасалсан нь онцлууштай. Гэвч 7 удаа бөмбөгөө алдсан нь тун тааруу үзүүлэлт болсон юм.

Багийн туршлагатай тоглогч Д.Мөнхтүвшин энэ тоглолтод цувралын эхний тоглолттой харьцуулахад хамгийн өссөн үзүүлэлт гаргасан тоглогч байлаа. Тэрээр цувралын эхний тоглолтод ердөө 3 минут гаруй хугацааг талбайд өнгөрүүлж 2 оноо л авч байсан бол энэ удаад 12 минут тоглож 3 онооны шугамны араас нийт 9 оноо (3/6) авчээ. Харин хамгийн буурсан үзүүлэлт гаргасан нь легионер тоглогч Иан Миллер. Өмнөх тоглолтод багаасаа хамгийн олон буюу 25 оноог бүртгүүлж байсан тэрээр энэ удаад 21 минут талбайд тоглосон ч огт оноо авалгүй тоглолтыг дуусгав. Мөн оновчтой дамжуулалт болон хамгаалалтын үзүүлэлтүүд, довтолгооны найруулга гээд бүх талаар сайн байж чадсангүй.

Гэхдээ “Хүлэгүүд” хагас шигшээ цувралд ч тэр нэг зүйлээр бусад багаас ялгаатай байсан нь тоглолт бүрд өөр тоглогч багаа оноогоор тэргүүлдэг. Тоглолт бүрд өөр өөр тоглогч цоордог. Энэ нь эсрэг багийнхаа судалгаа, таамгийг эвдэж, тодорхойгүй байдлыг үүсгэдгээрээ давуу талбай. Тэдний бүрэлдэхүүний тэнцвэртэй байдлын хамгийн том илрэл нь эндээс харагддаг. Мөн тоглолтынх нь довтолгооны агуулга ямар ч үед хэнээр ч явж болдог учраас түшиглэх тоглогч нь өдөр бүр өөр өөр гэхэд болохоор…

“Хүлэгүүд” энэ удаад довтолгоонд багаараа жигд байж, оноо авсан 7 тоглогч нь бүгд 50 болон түүнээс хувьтай довтолсон байна. Харин Иан Миллер ганцаараа 50-аас доош (0/4) хувийн оновчтой довтолжээ. Мөн Толберт ч тус тоглолтод хангалттай сайн байсангүй. Тэр 13 оноо, 6 самбар, 4 бөмбөг таслалт бүртгүүлсэн ч багаасаа хамгийн удаан буюу 35 минут талбайд тоглосонтой харьцуулбал энэ нь хангалттай үзүүлэлт биш. Түүний араас орох удаан хугацаанд тоглосон тамирчин Э.Саруул-Эрдэнэ 25 минут тоглосон байна.

Цувралын эхний тоглолтод “Хүлэгүүд” багийн монгол тамирчид нийт 37 оноо авч байсан бол энэ удаад 70 оноо буюу +33 онооны үзүүлэлт гаргаж, бүрэн утгаараа өрсөлдөөнд орж ирлээ. Легионер тоглогчид биш монгол тоглогчид нь сайн тоглолтыг үзүүлж байж тэд энэ цувралд ялна гэдгийг туршлагатай тоглогчид нь маш сайн мэднэ. Легионеруудынх нь тоглолт ч тогтвортой байсангүй. Өмнөх тоглолтод Толбер, Миллер нар нийлээд 45 оноо авсан бол энэ удаад 13 оноотой тоглолтыг дуусгажээ.

“МЕТАЛЛ” Ч БАС..?

Харин “Металл” багийн хувьд довтолгооны самбарт 13:4, хоёр дахь боломжоор авсан оноогоор 16:6 харьцаатайгаар илүүрхсэн нь хамгийн нэмэх үзүүлэлттэй статистик нь байлаа. Өмнөх тоглолтод Скотт эрт хөөгдөж гарсны нөлөөгөөр самбар илт дутуу (-13) тоглосон тэд энэ удаад багаараа самбарт сайн тэмцэж, 32:25 харьцаатай илүү дуусгаж чадсан.

Багийн ахлагч Т.Ууганбаяр энэ тоглолтод нийт 20 оноо авлаа. Түүний оролтууд 4 үеийн турш хамгаалахад хүнд байсан бөгөөд 10 оновчтой дамжуулалт өгч, 10 удаа самбараас бөмбөг авснаар энэ цувралд төдийгүй энэ жилийн лигийн плэйоффт трипл дабль хийсэн анхны тоглогч боллоо. Мөн 8 удаа бөмбөг тасалжээ. Гэхдээ 4 удаа бөмбөг алдсан ч 37 минут талбайд тоглосон гэхэд тийм ч муу үзүүлэлт биш байлаа.

Энэ тоглолтод хамгийн олон оноо авсан 5 тоглогчийн эхний 4 нь “Металл”-ийн тоглогчид байсан. Т.Ууганбаяр бүх тоглогчийг оноогоор тэргүүлсэн бол Уэсли 16 оноо, А.Энхбаясгалан, З.Энхтөр нар 15 оноо авчээ. З.Энхтөр хагас шигшээ цувралын 7 тоглолтод нийт 15 оноо авч байсан бол энэ өдөр нэг тоглолтод 15 оноо авч онцгойрлоо. Ингэхдээ холын зайнаас 3/3 оновчтой шидэж, нийт довтолгоо нь 5/6 оновчтой байсан юм. “Металл” энэ өдөр 19 удаа (Хүлэгүүд 15) бөмбөг тасалсны 3-ыг нь З.Энхтөр бүртгүүлжээ. Эсрэг багийн хамгаалалтын анхаарал түүн дээр сул байгаа орон зайг маш сайн ажиглаж бас ашиглаж чадлаа.

Өмнөх тоглолтод Уэсли гангарсан бол энэ удаад Т.Ууганбаяр онцгой байж, З.Энхтөр “x-factor” болсон гээд “Металл”-ын залуус бид ч бас тоглолт бүрд харилцан адилгүй байж чадна гэдгээ харуулсан ч үр дүн харин тэдний талд байсангүй. Тэгэхээр дан ганц
үүгээр хожилд хүрэхгүй нь харагдлаа. Хослуулах зүйлс ч бас олон байгаа төдийгүй өөрсдийн үндсэн тоглолт, онцлог, давуу талуудаа илүүтэй гаргах нь чухал юм.

ГАРАА, БАРИАНЫ ЯЛГАА…

“Металл” тоглолтын эхнээс оноогоор дутуу байсан ч хамгаалалтын гүйцэтгэл болон сэтгэл зүй тун сайн байж чадсан. Тэд 4-р үед дараалсан бөмбөг таслалтуудынхаа нөлөөгөөр онооны зөрүүг ойртуулж, улмаар бүр илүү гарч чадсан ч тоглолтын төгсгөлд “суулаа” гэж дүгнэхээр тоглолт боллоо. Учир нь төгсгөлд А.Энхбаясгалан сул 3 онооны шидэлтээ алдаж, араас нь Т.Ууганбаяр сул 2 оноо авах боломжоо мөн алдлаа. Тиймээс “Металл” баг энэ өдөр хожигдсон гол асуудал гол тамирчдынх нь ачаалал их байсантай хамаатай. Мөн хамгаалалтад зарцуулж буй их эрч хүч нь эргээд тэдний довтолгооны оновч бага байх шалтгаануудын нэг болж байна.

Девон Скотт энэ цувралд дахин тоглох боломжгүй болсон бол гэмтэл авсан Н.Мөнхчөдөр тоглохгүй байсан хэвээр. Ингэснээр Уэсли (7/15), Т.Ууганбаяр (8/19), А.Энхбаясгалан (5/13) нар дахин нэг удаа сэлгээнд суухгүй шахам тоглож, довтолгоонуудынх нь оновч ч тааруу байлаа. Харин “Хүлэгүүд” хангалттай солигдож тоглож байгаагийнхаа нөлөөгөөр ачааллаа бууруулж, тоглолтын төгсгөлд хэн нь ч талбайд байсан амьсгаа багатай тоглож чадаж байна.

Ийнхүү чухал хоёр тоглогч нь байхгүй орон зайг З.Энхтөр хамгаалалтын үүргээсээ гадна довтолгоонд сайн нөхөж чадсан. Түүнээс гадна А.Батхуяг ч бас тодорхой орон зайг нөхөж чадлаа. Өмнөх тоглолтод 13 минутыг талбайд өнгөрүүлсэн ч оноо авч чадаагүй тэрээр энэ өдөр 9 оноо авч (14:43 минут) сайн тоглолоо. Ингэхдээ багийнхаа 4-р үеийн эхний 7 оноог дараалан авч, чухал мөчид онооны зөрүүг арилгах эхлэлийг тавьж чадсан нь түүний байгуулсан гол гавьяа юм. А.Батхуяг 4/5 оновчтой довтолж, +8 статистиктай тоглолтыг дуусгажээ. Цувралын эхний тоглолтын анализ дээр хэдий “Металл” хожсон А.Батхуягийн оролцоо чухал байгааг онцолж байсан. Тэгвэл энэ удаад тэр чимээгүй байсангүй. Энэ цувралд яах аргагүй “Металл” багт хамгийн хэрэгтэй “нууц хөзөр” болох тоглогчдын нэг.

Уэслигийн холын шидэлтүүд энэ өдөр орсонгүй, 1/7 оновчтой шидсэн бөгөөд нийтдээ 16 оноо авсан нь хангалтгүй байлаа. Учир нь өмнөх 4 тоглолтод дунджаар 36.2 оноо авч байсан тоглогч энэ үзүүлэлтийнхээ талд нь ч хүрсэнгүй. “Металл”-ын ачааллын өөр нэг илрэл бол үеийн төгсгөлүүд юм. Тун чухал байсан 3-р үеийн төгсгөлдөө Ч.Ихбаярыг дараалан гурваас шидүүлж 6 оноо алдсан бол 4-р үеийн төгсгөлд Б.Билгүүнд мөн 3 оноо алдсан юм. Үеийн эхэнд болон дунд энэ оноонуудыг алдахгүй байсан ч төгсгөлийн мөчүүдэд өөр байлаа.

Товчоор дүгнэхэд тоглогчдын торгууль, гэмтэл зэргээс шалтгаалаад багууд гарааны хэсэгт адил хурдтай уралдаж болох ч барианд орох хурд ялгаатай байна. Цаашид “Металл”-аас нэг хүн, “Хүлэгүүд”-ээс хэд хэдэн хүн буухиалж гүйж байгаа мэт уралдаан болж мэдэх дүр зураг ажиглагдаж эхэллээ. Торгуулийн улмаас нэг тоглолт өнжсөн улирлын үнэ цэнтэй тоглогч А.Азбаяр дараагийн тоглолтоос эргэн талбайд гарч багтаа хүч нэмээд эхэлнэ гэхээр “Металл”-ын асуудал бүр л нэмэгдэнэ.
Гэхдээ 3 дахь тоглолт энэ сарын 26-нд болсны дараа шигшээ цуврал тавдугаар сарын 17-ныг хүртэл завсарлах тул “Металл” дунд нь тоглолт хийх ч арай сэргээд ороод ирэх боломж бий. Тиймээс тэд эхний ээлжид 3 дахь тоглолтод үлдсэн бүхнээ шавхаж, үр дүнгээ авахаас өөр аргагүй. Харин эхний хожлоо авсан “Хүлэгүүд” цаашид ч улам эрчээ авах магадлал өндөр. Тоглолт, эрч хүч, сэтгэл зүй гээд бүх талаар явах тусам чангарах баг нь “Хүлэгүүд” гэдэг нь хамгаас тодорхой харагдаж байгаа билээ.