Дэлхий нийт хөлбөмбөгөөр амьсгалж буй энэ цаг үед ДАШТ-ий хоёр дахь өдрийн гол дуулиан Криштиану Роналду байлаа. Испани болон Португалын шигшээ багийн тоглолтын өмнө К.Роналдуг татвараас зайлсхийсэн хэрэгт Испанийн шүүхээс ял оноож, португал эр үүнийг хүлээн зөвшөөрсөн юм. Тэрбээр Испанийн шүүхэд 18.8 сая еврог төлж, 2 жил хүртэл хоригдох ял авсан юм. Гэхдээ Испани улсын хуулиар хоёр жил хүртэлх хоригдох ялыг мөнгөн торгуулиар сольж болдог. Аргентинийн хөлбөмбөгчин Леонил Месси татвараас зугтсан хэргээр 21 сар хорих ял сонссон ч өдөрт ойролцоогоор 400 орчим еврогийн торгууль төлж, эрх чөлөөгөө худалдаж авч байв. Яг ийм зүйл К.Роналдуд болно.
Испанийн шүүх К.Роналдуг 2011-2014 оны улиралд 43 сая еврогоос олсон орлогынхоо татварыг төлөөгүй гэж буруутгасан юм. Түүнчлэн 2015-2020 он хүртэлх байгуулсан нэгэн гэрээнээс олсон орлогоос нийт 28.4 сая еврогийн татвар төлөхөөс бултсан болохыг тогтоосон.
Тэгвэл гэм буруутай гэдгээ К.Роналду хүлээн зөвшөөрсөн нь хэргийг цаашид хүндрүүлэх хүсэлгүй байгаатай холбоотой юм.
Хэдийгээр Испанид гэмт хэрэгтэн болсон ч хэдхэн цагийн дараа Португалын баатар гэдгээ дахин нотоллоо. Испанийн шигшээ багийн эсрэг торгуулийн цохилтоос гоолын салхийг хагалснаар К.Роналду хэмээх нэрээ домгуудтай хамт цаасан дээр үлдээсэн. Тэрбээр дөрвөн дэлхийн аваргад дараалан гоол оруулсан дөрөв дэх тоглогчоор бүртгэгдсэн юм. Энэ залуугаас өмнө домогт Пеле, Уве Сеелер, Мирослав Клозе нар ийм амжилтад хүрч байв.
Гэхдээ испаничууд тийм ч амар бууж өгөх баг биш. ДАШТ-д түрүүлэх хамгийн өндөр магадлалтай гэгдэж байгаа тэд 24 дэх минутад хариуг нь барьж, “Атлетико Мадрид”-ын довтлогч Диего Кошта тооны харьцааг тэнцүүлсэн.
Хэдийгээр дөрвөн дэлхийн аваргад дараалан гоол оруулсан бахдам үзүүлэлт ч Роналду нэгээс илүүг шигтгэж үзээгүй байлаа. Тэгвэл португал довтлогч саяхан “Манчестер Юнайтед” багтайгаа таван жилээр гэрээгээ сунгасан хаалгач Дэвид Де Хеагийн алдааны ачаар анх удаа хоёр дахь гоолоо оруулснаар эхний хагас өндөрлөсөн.
Харин хоёрдугаар хагаст испаничууд өөрсдийнхөө тоглолтын арга барилаар өрсөлдөгчөө сандаргаж байлаа. Эхний хагаст К.Роналдугийн ачаар олж авсан багахан “амжилтдаа” сэтгэл нь ханасан португалчууд довтлох бус хамгаалалт руу шилжсэн нь авьяасаар ундарч байдаг испаничуудад гоол оруулах олон боломж үүсгэсэн. Хоёр дахь гоолын эзэн Диего Кошта 55 дахь минутад, Начо 58 дахь минутад тус тус гоол оруулснаар давамгайлал “Ялагдашгүй армада” руу шилжсэн. Энэ үеэс К.Роналду тэргүүтэй португалчууд ихэд бухимдаж, шүүгчээс багагүй сануулга авсан юм.
Харин 87 дахь минутад Пике хаалганаас 18 метрийн зайд К.Роналду дээр алдаа гаргав. Энэ бол тоог тэнцүүлэх сайхан боломж байлаа. Тэр ч маш сайн төвлөрч, тун ч гайхалтай цохилтоор Испанийн хаалганд гурав дахь гоолыг оруулж, хет трикийн эзэн боллоо. ДАШТ-ий түүхэнд 51 дэх хет трик, К.Роналдугийн замналд 51 дэх хет трик давхцсан нь сонин. Гэхдээ өдгөө 33 настай К.Роналду ДАШТ-ий түүхэнд хамгийн ахмад насандаа хет трик гүйцэтгэсэн тоглогч болж, түүхэнд нэрээ үлдээлээ.
Ийнхүү К.Роналду ДАШТ-ий мэргэн буучийн жагсаалтыг итгэл төгс тэргүүлж эхэллээ. Чингэхдээ дэлхийн хамгийн шилдэг багийн эсрэг гурван гоол оруулав. Түүнд дахиад хоёр тоглолт бий. Тэд нь Африкийн Морокко, Азийн Иран улс. Б хэсэгт багтсан Испани, Португал оноо хувааснаар энэ хэсгийг Ираны шигшээ баг тэргүүлж эхэллээ. Харин хэсгээсээ нэгээр шалгарч гарахын тулд хөрш орнууд хэн нь олон гоол хийхээ үзэх даалгавартай хоцров. Хэдийгээр Морокко, Ираны багууд тивдээ хамгаалалт сайтай, гоол бага алддаг багуудад тооцогдох ч өнөө цагийн хамгийн шилдэг довтолгооны системтэй Испани, дэлхийн шилдэг тоглогчийг эгнээндээ багтаасан Португал тэдний хамгаалалтыг шалгах болно.