Тоглолтын Анализ (KUL 2:2 BTM): “Металл” шигшээ цувралд анх удаа 2 хожлоо

235

Монголын сагсан бөмбөгийн холбооны “Дээд лиг”-ийн тэмцээний 2024/25 оны улирлын шигшээ цуврал 21 өдрийн дараа эргэн үргэлжиллээ. Учир нь лигийн аваргын төлөө өрсөлдөж буй “Хасын Хүлэгүүд”, “Бишрэлт Металл” багууд аль аль нь Азийн “Аваргуудын лиг”-ийн тэмцээний зүүн бүсийн урьдчилсан шатны тоглолтуудаа энэ тавдугаар сард хийсэн юм. Шигшээ цуврал эхний 3 тоглолтын дараах байдлаар 2:1 харьцаатай лигийн өнгөрсөн улирлын аварга “Хасын Хүлэгүүд” багийн давамгайлал дор үргэлжилж байв.

Цувралын 4 дэх тоглолтод багууд эхнээсээ тун тэнцүүхэн, өгөө аваатай тоглолоо. Тэр ч утгаараа тоглолтын туршид онооны тэргүүлэл нийт 14 удаа солигдсон байна. Цувралын өмнөх тоглолтод шагайгаа гэмтээгээд байсан А.Энхбаясгалан эргэн талбайдаа гарч, сэлгээнээс тоглолтод оролцсон нь “Металл” багийн хувьд маш сайн мэдээ байв. Харин “”Хасын Хүлэгүүд” багаас багийн лидер Б.Билгүүн гэмтлийн улмаас талбайд гараагүй ч улирлын үнэ цэнтэй тоглогч А.Азбаяр хоёр тоглолт өнжөөд эргэн тоглож эхэллээ. 

ГАРААНЫ ӨӨРЧЛӨЛТ… 

“Бишрэлт Металл” багийн дасгалжуулагч Эванголес Цепелис энэ удаад легионер тамирчин Байрон Уэслигээс бусад гарааны тоглогчдоо сольж, А.Батхуяг, Н.Мөнхчөдөр, З.Энхтөр, С.Дугар-Эрдэнэ нарыг гараанд гаргасан нь том өөрчлөлт байлаа. “Хүлэгүүд” багаас бүрэлдэхүүний жигд оролцоогоор илт дутаж байсан тэд сэлгээний тоглогчдоо энэ цувралын өрсөлдөөнд оруулж ирэхэд тун чухал шийдвэр боллоо. Гарааны өөрчлөлтийн нөлөөгөөр “Металл”-ын сэлгээний тоглогчид энэ цувралд анх удаа 20-с дээш оноо авсан үзүүлэлтийг бүртгүүлж, нийт 34 оноотой тоглолтыг дуусгалаа. Багийн ахлагч Т.Ууганбаяр болон Энхбаясгалан нар шигшээ цуврал эхэлснээс хойш анх удаа сэлгээнээс тоглосон тохиолдол нь боллоо. 

“Металл” эхний хагасыг 40:44 харьцаатай онооны дутуутай дуусгасан. Эхний 2 үед Уэсли 22 оноо авч довтолгоонд ганцаараа багаа чирсэн тоглолтыг үзүүлж байсан бол бусад тоглогчдын оролцоо хангалттай байсангүй. Энэ нь мөн гарааны тоглогчид солигдсонтой ч бас холбоотой байсан нь ойлгомжтой. Гэхдээ 3-р үеэс эхлээд “Металл” багийн гол тоглогчид нь тоглолтод нөлөөгөө үзүүлж эхэлсэн. Тодруулбал эхний хагаст оноо аваагүй байсан А.Энхбаясгалан, Б.Сүхбат нар 2-р хагаст тус бүр 8 оноо авлаа. Ялангуяа Б.Сүхбат бүх оноогоо тоглолтын шийдвэрлэх 4-р үед авснаараа онцлогтой байлаа. Мөн Т.Ууганбаяр эхний хагаст ердөө 2 оноо авсан ч 2-р хагаст 16 оноо авч сайн тоглолт үзүүлсэн юм. 

“Хүлэгүүд” эхний хагаст оновчтой дамжуулалтаар +6, самбар +8, довтолгооны оролдлого +5 гээд багийн үзүүлэлтүүдээр  тун давуу байсан ч 2-р хагас өөр байсан юм. “Металл” 3-р үеийн эхнээс сайн тоглолтыг үзүүлж, онооны тэргүүллийг авсан ч маш эрт алдааны асуудалд орсон нь сөргөөр нөлөөллөө. Улмаар дараалсан торгуулийн шидэлтүүдээр сул оноонууд өгч үеийн төгсгөлд онооны тэргүүллээ алдсанаар 4-р үеийг  4 оноо дутуу эхлүүлсэн юм. 

ЖИЖИГ ТАВТ БА ТӨГСГӨЛ

“Металл”-аас тоглолтыг эхлүүлсэн гарааны бүрэлдэхүүн хэдийгээр өөрчилсөн ч 4-р үед буюу тоглолтыг дуусгасан бүрэлдэхүүнээ харин өөрчилсөнгүй. Тэд 4-р үед А.Энхбаясгаланг төвийн байрлалд гаргаж, Т.Ууганбаяр, Уэсли, З.Энхтөр, Б.Сүхбат гэсэн хурдтай хамгаалагчдаа гарган жижиг тавтаар тоглосон нь нөлөөгөө үзүүллээ. Эхний хагаст гол тоглогчдоо аль боломжит байдлаараа нөөж байсан тэд энэ тавтынхаа онцлогоор 4-р үед хамгаалалт, довтолгоонд илүү хурдан шилжилттэй тоглож чадсан. Ингэснээр эсрэг баг нь сэлгээ, бүрэлдэхүүний жигд байдлаа ашиглан тоглолтын төгсгөлд илүү эрч хүчтэй тоглоод байсан давуу байдлыг байхгүй болгож, 4-р үед тун сайн хамгаалж чадсан нь өмнөх тоглолтуудаас ялгарах гол зүйл байлаа.   

Мөн энэ тавт нь шийдвэрлэх үед довтолгооны самбараас олон удаа бөмбөг авч чадсан нь тоглолтын шийдэх хэмжээний том давуу тал үүсгэсэн. Улмаар хоёр дахь боломжоор авсан оноонуудынхаа шууд нөлөөгөөр 4-р үеийн дундаас эхлэн онооны давуутай болж чадсан юм. Тэр дундаа Т.Ууганбаяр хоёр дахь боломжоор үүсгэсэн довтолгооны төгсгөлүүдийг тун сайн хийж байсныг онцлох хэрэгтэй. “Металл” довтолгооны самбараас бөмбөг авсан тоогоор 11:17, хоёр дахь боломжоор авсан оноогоор 10:13 гээд аль аль үзүүлэлтээр тоглолтыг дутуу дуусгасан ч зөвхөн 4-р үеийн үзүүлэлтээр харин илүү байлаа. 

“Металл” эхний гурван үед оноо илүү авч чадаагүй (14-18, 26-26, 21-21) байсан бол 4-р үед илүүрхэж, 25 оноо авахдаа өрсөлдөгч багтаа ердөө 13 оноо алдсан. Энэ нь тэдний хамгийн сайн хамгаалсан буюу хамгийн цөөн оноо алдсан үе нь болсон юм. Улмаар “Металл” 86:78 харьцаатай хожиж, цувралын харьцааг 2:2 болгон тэнцүүллээ.

УЭСЛИ 4 ТОГЛОЛТ 40 МИНУТ

Байрон Уэсли аваргын төлөөх цувралд 3 дахь удаагаа 30 оноонд хүрсэн үзүүлэлтийг гаргалаа. Тэрээр энэ өдөр 30 оноо, 10 самбар авч, 3 ашигтай дамжуулалт өгсөн байна. Мөн нийт үзүүлэлтээр +36 байсан нь бүх тоглогчийг тэргүүлэв. Гэхдээ тэр 4 дэх тоглолтоо дараалан 40 минут тоглолоо. “Эйпс”-тэй хийсэн хүндхэн 7 тоглолтын дараа тэрээр өөрийн тоглолт, ур чадвараас гадна үнэхээр ачаалал даах чадвартай, мэргэжлийн тамирчин гэдгээ батлан харуулсаар байна. Баг нь түрүүлэх эсэхээс үл хамаарч хожим тэрээр манай лигийн түүхэн дэх хамгийн шилдэг гадаад тоглогчдын нэгт зүй ёсоор нэрлэгдэх нь ойлгомжтой. 

Тэгвэл энэ цувралд 14.0 оноо, 7.7 самбар, 7.0 оновчтой дамжуулалт дунджилж байгаа Т.Ууганбаяр энэ өдөр 18 оноо авахын зэрэгцээ 10 удаа самбараас бөмбөг авч, 4 оновчтой дамжуулалт өгчээ. Өмнөх 3 тоглолтод дунджаар 37 минут тоглож байсан тэрээр өнөөдөр 25 минутад +25 үзүүлэлттэй тоглолоо. Энэ нь дасгалжуулагч А.Батхуягийг  гараан гаргаж, нийт 19 минут тоглуулсан зөв хуваарилалттай шууд холбоотой юм. Түүнчлэн А.Энхбаясгалан гэмтээд ирсэн гэхэд энэ тоглолтод 32 минутыг талбайд өнгөрүүлсэн нь багийнхаа хожилд том нэмэр боллоо. Хэрвээ тэр тоглоогүй бол баг нь энэ хожлыг авч чадах эсэх нь үнэхээр эргэлзээтэй. 

“Бишрэлт Металл” багийн хувьд гурав дахь жилээ дараалан “Дээд лиг”-ийн аваргын төлөө өрсөлдөж байгаа нь үнэхээр сайн амжилт. Гэвч тэд өнгөрсөн жилийн шигшээ цувралд “Хүлэгүүд” багт 4-1 харьцаатай, 2023 оны шигшээ цувралд “Эрдэнэтийн Уурхайчид” багт 4-0 харьцаатай ялагдаж байсан билээ. Тэгвэл тэд энэ жил хэдийгээр бүрэлдэхүүний хувьд дутуу мэт байдалтай байгаа боловч өрсөлдөөн өөр байна гэдгийг мэдэгдсэн тоглолтыг үзүүлж, цувралын 2 дахь хожлоо авлаа. Өмнө жилүүдэд тэд эхний 4 тоглолтын дараах байдлаар 2 хожилтой байсан тохиолдол байгаагүй юм.

Нөгөө талд “Хүлэгүүд”-ээс Иан Миллер талбайд 30 минут тоглож, 25 оноогоор багаа тэргүүлсэн ч ашигтай дамжуулалт байгаагүйн дээр хамгаалалт дээр төдийлөн нөлөөтэй байж чадсангүй. Төвийн тоглогч Жордан Толберт эхний хагаст ердөө 4 оноо, 2-р хагаст 9 оноо, нийт 13 оноо авлаа. Цувралын эхний тоглолтоос хойш “Металл”-ын легионер Девон Скотт дахин талбайд гарах боломжгүй болсон учраас будагтай талбайд Толбертод том давуу тал үүсгэх боломж бүрдээд байгаа юм. Баг нь ч энэ давуу талыг өнөөдөр ашиглахыг хичээж, Толбертын нөлөөгөөр эсрэг багийн төвийн тоглогчдын алдаа эрт олон болсон ч хожил авах хэмжээнд үр нөлөө үзүүлж чадсангүй. 

Аваргуудын бүрэлдэхүүнээс энэ цувралд тун жигд байгаа Э.Саруул-Эрдэнэ монгол тоглогчдоосоо хамгийн удаан буюу 27 минут талбайд тоглолоо. Тэрээр хамгаалалтад тун сайн тоглохын сацуу гурван удаа холын шидэлтээ оруулж, нийт 13 оноо авсан байна. “Хүлэгүүд”-ээс 10 тоглогч талбайд гарсан бөгөөд ачаалал ч жигд байж, зөвхөн Толберт л гучаас дээш минут тогложээ. 

“Хасын Хүлэгүүд” энэ тоглолтод ихэнх үзүүлэлтүүдээр илүү байж чадсан. Гэсэн ч багууд тоглолт ирэх тусам улам нягт тоглолтыг үзүүлж байгаа учраас нэгнээсээ илт илүү байсан онцлох үзүүлэлт байсангүй. “Хүлэгүүд”-ийн хувьд довтолгооны оновч нь тэдний гол асуудал байлаа. Тэд 25/68 буюу 36.8%-ийн оновчтой довтолсон нь шигшээ цуврал эхэлснээс хойших хамгийн муу үзүүлэлт нь болов. Ялангуяа холын зайн шугамны араас 10/34 оновчтой шидсэн бол “Металл” 20 шидэж 11 оруулсан байна. Өөрөөр хэлбэл “Хүлэгүүд” олон удаа гурваас шидсэн нь тэдний гол асуудал болсон бол “Металл” илүү будагтай талбай руу дайрсан, дундын зайнаас шидсэн тоглолтуудыг үзүүлсэн нь энэ хожлын гол шалтгаан боллоо. Найдвартай довтолгоонууд хийх зорилготой тоглосон тэд дундаас 19/46 оновчтой довтолсон бол “Хүлэгүүд” дундаас 15/34 гэж довтолсон байна. 

Ийнхүү цуврал дахин эхлэхээр болж бид цөөндөө 6 тоглолт үзэх нь тодорхой боллоо. Дараагийн тоглолт тавдугаар сарын 19-ний даваа гарагт…