Эхний 4 тоглолтын дараах байдлаар 2:2 харьцаатай үргэлжилж байсан “Дээд лиг”-ийн шигшээ цувралын 5 дахь тоглолт даваа гарагт боллоо. Энэ тоглолтод хожсон нь дараагийн тоглолтод цувралыг дуусгах боломжтой болох бол хожигдсон баг нь дараагийн тоглолтод хожигдох эрхгүй болж хувирах чухал тоглолт байлаа.
“Бишрэлт Металл” баг өмнөх тоглолтын адилаар гарааны бүрэлдэхүүндээ сэлгээний тоглогчдоо оруулж, улмаар Т.Ууганбаяр, А.Энхбаясгалан, Б.Сүхбат нарын гол тоглогчдоо сэлгээнээс тоглуулав. Тоглолтын эхний үед “Хүлэгүүд” 15:14 харьцаатай тэргүүлж дуусгасан бөгөөд энэ нь цуврал эхэлснээс хойш 1-р үед багууд хамгийн цөөн оноо авсан тохиолдол нь боллоо. Шалтгаан нь гэвэл багууд тоглолтын эхнээс маш нягт хамгаалалттай тоглож, бөмбөг бүрийн араас ширүүн тэмцэж байв. Идэвхтэй хамгаалалтынхаа нөлөөгөөр эхний үед “Хүлэгүүд”-ийн дөрвөн тоглогч нь 2 алдаатай болсон нь тэдний хувьд анхаарах асуудал болсон.


Гэсэн ч 2-р үеэс “Хүлэгүүд”-ийн довтолгоо сэргэж, улмаар тоглолтын хэмнэлийг гартаа авч эхэлсэн юм. Ялангуяа А.Азбаяр, Жордан Толберт нарын төвийн тоглогчдынхоо байрлал дээр давуутай гэдгээ дасгалжуулагчдын баг сайн мэдэж байлаа. Тийм учраас будагтай талбайн тоглолт, самбарын тоглогчдоо ашигласан хувилбаруудаар оноогоо түлхүү ахиулж байлаа. Өмнөх тоглолтод тааруу байсан А.Азбаяр эхний хагаст 3/4 оновчтой довтолж 9 оноо, Толберт 6 оноо (3/4) гээд самбарын хоёр тоглогч нь л гэхэд 15 оноо авсан юм. Улмаар баг нь 2-р үед 23 оноо авахдаа 12 оноо л алджээ. Мөн урд шугамны тоглогчдын шахсан хамгаалалт сайн болж, бөмбөг таслалтаар 6:3 харьцаатай илүүрхсэн байна.
Харин нөгөө талд “Металл”-ын хамгаалалт сайн байсан ч довтолгоо нь огт болсонгүй. Тэд эхний хагаст 30 довтолж 7 нь амжилттай болсон үзүүлэлтээр үүнийг баталж болно. Гол шалтгаан нь багийн онооны лидер Уэсли байлаа. Цувралын өмнөх тоглолтод мөн гарааны өөрчлөлтийн улмаас эхний хагаст монгол тоглогчдынх нь довтолгооны оролцоо тийм сайн байгаагүй. Гэсэн ч Уэсли ганцаараа 22 оноо авч байсан бол энэ тоглолтын эхний хагаст ердөө 6 оноо авсан юм. Ингэхдээ 1/7 гэсэн тун тааруу ончтой довтолсон бөгөөд торгуулийн шугамны араас 4 оноо авчээ. Мөн оновчтой дамжуулалт ч байгаагүйн дээр нийт үзүүлэлт нь -9 байв.
Тоглолтын 3-р үе эхлээд хэмнэл төдийлөн өөрчлөгдсөнгүй. “Хүлэгүүд” энэ үед мөн л илүүрхэж 25 оноо авч 16 оноо алдсанаар 64:42 харьцаатай дууслаа. Тоглолтын 2-р хагас эхлээд “Металл”-ын довтолгоо болохгүй хэвээр байсан бөгөөд тэд тоглолтын турш 24%-ийн оновчтой (15/61) довтолсон бол “Хүлэгүүд” 24/54 буюу 44%-ийн оновчтой довтолжээ.
Үүний дээр самбарын хамгаалалт нь “Металл”-ын гол асуудал болж байлаа. Улмаар 3-р үе талдаа ороогүй байхад А.Энхбаясгалан, Б.Сүхбат нар 4 алдаатай болж сэлгээнд шилжихээс аргагүй болж хувирав. Мөн багийн алдаа нь ч дөрвөөс дээш болсон нь “Хүлэгүүд”-ийн хувьд том давуу тал болсон. Тэд тоглолтын турш торгуулийн шугамны араас 27 оноо авсан (38 шидэж) бол “Металл” 19 удаа буюу хоёр дахин цөөн шидэж 14 оноо авсан байна. Энэ үед С.Биндэрьяа эсрэг багийн гол тоглогч Уэслиг маш сайн хамгаалахын зэрэгцээ, хоёр ч удаа довтолгооны самбараас бөмбөг авч онцлох тоглолтыг үзүүлэв. Тэрээр энэ тоглолтод нийт 5 удаа бөмбөг тасалжээ.
Улмаар 21 онооны зөрүүтэй эхэлсэн шийдвэрлэх 4-р үед лигийн аваргын цомын эзэн “Хасын Хүлэгүүд” баг давуугаа хадгалж, тэргүүллээ холдуулснаар 84:48 харьцаатай буюу 36 онооны зөрүүтэй хожлоо. Ийнхүү “Дээд лиг”-ийн энэ жилийн шигшээ цуврал эхэлснээс хойш хамгийн олон онооны зөрүүтэй дуусан тоглолт энэ болж байна. “Металл” багаараа 4-р үед ердөө 6 оноо авсан нь маш хангалтгүй үзүүлэлт болсон бөгөөд үеийн дундаас гол тоглогчдоо талбайгаас авсан юм.
Сэлгээний тоглогчдын оноо 44:12, хоёр дахь боломжоор авсан оноо 16:4, хурдан довтолгоогоор авсан оноо 16:5, бөмбөг таслалт 12:7, алдсан бөмбөгнөөс авсан оноо 21:8 гээд багийн бүх статистик үзүүлэлтээр “Хасын Хүлэгүүд” илүү байсан. Мөн хамгийн олондоо 19 оноог дараалан авч, хамгийн холдоо 40 онооны тэргүүлэл үүсгэсэн байна. Өмнөх тоглолтод хангалттай сайн байгаагүй Иан Миллер энэ тоглолтод 26 минут тоглож 21 оноо авч, 6 оновчтой дамжуулалт өгсөн үзүүлэлтээр тоглогчдыг тэргүүллээ. Мөн А.Азбаяр 15 оноо, 14 самбар, Толберт 12 оноо, 9 самбар авчээ. Хамгаалалтад дахин нэг удаа сайн тоглолтыг үзүүлсэн Э.Саруул-Эрдэнэ 3 удаа холын шидэлтээ оруулж 9 оноо авсны дээр +22 үзүүлэлттэй тоглосон байна.
Өмнөх тоглолтоос ялгаатай гол зүйл нь “Хүлэгүүд”-ийн хамгаалалт тоглолтын турш онцгой байхаас гадна легионерууд нь энэ тоглолтод сайн тоглолтоо эргэн оллоо. Мөн Девон Скотт байхгүй учраас будагтай талбайд илүү боломж бий гэдгийг тэд ухамсарлаж гарч ирсэн нь чухал байв. Эсрэгээрээ “Металл”-ын хувьд самбарын хамгаалалт үнэхээр асуудалтай байна. Ганц л жишээ дурадахад энэ тоглолтод холбон тоглогч Т.Ууганбаяр 6 самбар авсан нь багаа тэргүүлэх үзүүлэлт болжээ. Самбараас бөмбөг авсан тоогоор “Хүлэгүүд” 46:33 харьцаатай илүүрхсэн байна.
Харин “Бишрэлт Металл” багаас Байрон Уэсли 35 минут тоглохдоо 13 оноо авсан (4/13) нь тун хангалтгүй үзүүлэлт байсан ч энэ нь багаа тэргүүлэх үзүүлэлт болов. Шигшээ цувралын эхний 4 тоглолтод 29.2 оноо дунджилж байсан түүний энэ цуврал дахь хамгийн муу үзүүлэлт нь болохоос гадна -28 үзүүлэлттэй тоглолтыг дуусгажээ. Түүнчлэн Т.Ууганбаяр (1/8), А.Энхбаясгалан (1/8), Б.Сүхбат (0/10) нарын гол монгол тоглогчид нь нийлээд 10 оноо авсан гэдгээс багийнх нь довтолгоо ямар байсныг харж болно. Тэд нийт 26 довтолгоо хийснээс ердөө хоёр нь л оновчтой болжээ.
Цувралын 6 дахь тоглолт лхагва гарагт болно. “Хасын Хүлэгүүд” баг цувралыг дуусгаж, 9 дэх удаагаа лигийн аваргын хүртэх үү эсвэл 7 дахь тоглолт гарах уу гэдгийг шийдэх учиртай.