Тоглолтын Анализ (KUL 4:2 BTM): “Хасын Хүлэгүүд” 9 дэх аваргын цомоо хүртлээ

358

Үндэсний “Дээд лиг”-ийн тэмцээний шигшээ цувралын 6 дахь тоглолт энэ жилийн аваргын төлөөх цуврал эхэлснээс хойших хамгийн өндөр хэмнэлтэй тоглолт боллоо. Тоглолт эхнээсээ тун тэнцүүхэн өрсөлдөөнтэй явагдаж, багууд эхний үед 16:16 харьцаатай тэнцсэн. Цувралын 5 дахь тоглолтод хожигдож, улмаар энэ өрсөлдөөнд дахин хожигдох эрхгүй болсон “Бишрэлт Металл” баг энэхүү хариуцлагатай тоглолтыг үндсэн гарааны бүрэлдэхүүнээрээ эхлүүллээ. Өмнөх хоёр тоглолт дараалан сэлгээний тоглогчдоо гараанаас тоглуулаад байсан тэд Т.Ууганбаяр, А.Энхбаясгалан, Л.Цэдэвсүрэн нарыг шууд гараанаас оруулсан. Хожил алдах эрхгүй болсон тэдний хувьд энэ нь зайлшгүй өөрчлөлт байлаа. Мөн Байрон Уэсли, З.Энхтөр гэсэн өмнөх тоглолтуудад гараанд гарч байсан хоёр тоглогч нь тоглолтын эхнээс талбайд тоглолоо.

Нөгөө талд “Хасын Хүлэгүүд” багаас Жордан Толберт, А.Азбаяр, С.Биндэрьяа нарын гурван өндөр тоглогчоо дахин гараанд гаргаж, эхнээсээ нурууны илүү гарган будагтай талбайд давуу байдал үүсгэхийг зорьж байлаа. Гэхдээ тэд 2-р үеэс ганцхан Толбертыг талбайд үлдээж бусад байрлал дээрээ О.Сэргэлэн, Э.Түшиг, Д.Мөнхтүвшин, Иан Миллер нарын бөмбөг эзэмшилт сайтай, жижиг, хурдтай бүрэлдэхүүнээр тоглож эхэлсэн юм. Энэ нь эхний үеийн өндөр бүрэлдэхүүнийх нь эсрэг тоглохоор бэлтгэсэн “Металл”-ын тактикийн эсрэг “хариу нүүдэл” болж байгаа нь шууд харагдсан. Улмаар илүү хурдан довтолгоотой, бөмбөгний шилжилт сайтай, сул гарч шидсэн тоглолтуудыг үзүүлж чадсанаар энэ үед нийт 6 удаа холын шидэлтээ оруулжээ. Эхний үед 16 оноо авсан “Хүлэгүүд” энэ үед 28 оноо авч бүх үзүүлэлтээ ахиулсан юм. Нөгөө л бүрэлдэхүүний жигд оролцоотой байдлынх нь дахин нэг давуу тал. “Металл”-ын довтолгоо муу байгаагүй ч “Хүлэгүүд” энэхүү өөрчлөлтийнхөө нөлөөгөөр 7 оноо илүү гарж 37:44 харьцаатай эхний хагас дуусав. 

Эхний хагасын хамгийн зөрүүтэй байсан гол үзүүлэлт самбараас бөмбөг авсан тоогоор “Хүлэгүүд” хоёр дахин илүү (13:26) байлаа. Үүний 9 нь довтолгооны самбар байсан нь онцлууштай. Энэ үед Б.Барсболд талбайд хамгийн дайчин тоглолтыг үзүүлж байсан тоглогчдын нэг бөгөөд 4 удаа самбар авсны 2 нь довтолгооны самбар байлаа. Тэрээр тоглолтын турш нийт 8 самбар авчээ. Мөн Толберт 6, С.Биндэрьяа 4 удаа самбараас бөмбөг авсан нь эхний хагаст багаа тэргүүлэх үзүүлэх боллоо. 

Иан Миллер эхний хагаст довтолгооны онцлох үзүүлэлттэй тоглогч нь байлаа. Тэрээр 63%-ийн өндөр оновчтой (5/8) довтолж, 17 оноо авсан нь бүх тоглогчийг тэргүүлсэн бөгөөд холын зайн шугамны араас 5 удаа шидсэний 4 нь оновчтой болжээ. Мөн 3 самбар, 4 ашигтай дамжуулалт гээд бүх талаар жигд байлаа. Нөгөө талд Уэсли 13 оноо, 5 ашигтай дамжуулалт өгч багаа тэргүүлсэн бол Н.Мөнхчөдөр 2 удаа холын шидэлтээ оруулж 8 оноо авсан юм. 

ХОЁРДУГААР ХАГАС

Тоглолтын 3-р үе эхлээд 44 секунд өнгөрөхөд “Хүлэгүүд”-ийн багийн алдаа 3 болохын зэрэгцээ Ч.Ихбаяр 3 алдаатай болж сэлгээний сандалд шилжсэн юм. Дараа нь үе талдаа ороогүй байхад багийн алдаа нь дөрвөөс дээш болж, Б.Барсболд 3, С.Биндэрьяа 4 алдаатай болсон юм. Гэхдээ “Металл” энэ байдлыг ашиглаж өөрсдийн талд давуу байдал үүсгэж чадсангүй. Тэд сул довтолгоонуудаа алдах, өөрсдөө бөмбөгөө алдах тохиолдол цөөнгүй гарж байв. Мөн 3-р үе дуусахад 2 минут дутуу байхад төвийн тоглогч С.Дугар-Эрдэнэ 5 алдаатай болж тоглолтыг чөлөөллөө. “Хүлэгүүд”-ийн хувьд тоглогчид нь алдааны асуудалд орсон ч нэгнээ сайн нөхөж тоглохын зэрэгцээ эсрэг багийнхаа гол сул тал болсон байрлал будагтай талбай руу нь илүүтэй дайрч тоглож байсан юм. 

Шийдвэрлэх 4-р үеийн эхний 2 минутад “Металл” 1 удаа бөмбөг тасалж, өрсөлдөгч нь 3 удаа бөмбөг алдсан. Гэхдээ тэд боломжийг ашиглаж чадаагүй бөгөөд оноо илүү гарч эсвэл тэнцүүлж чадахгүй  хэвээр л байлаа. 4-р үеийн дунд хэсэгт хоёр талаас бужигнасан тоглолтыг үзүүлж, тоглолт хаашаа ч эргэж болохоор нөхцөл байдал үүссэн. Энэ мөчид “Металл” тэргүүлэл авч чадах л юм бол тоглолтын хэмнэл тэдний талд бүрэн шилжихээр эгзэгтэй байв. Гэвч “Хүлэгүүд”-ээс О.Сэргэлэн талбай дээрх хамгийн туршлагатай тоглогч гэдгээ баталж, багийнхаа тоглолтыг тэр чигт нь удирдаж, хэмнэлийг барьж чадсанаар онооны тэргүүллийг хадгалахад гол үүрэг гүйцэтгэсэн юм. Зөв газраа, зөв цагтаа ч байж чадаж байлаа. 

Харин нөгөө талаас тоглолтын турш чимээгүй бас оноо ч аваагүй байсан Б.Сүхбат сүүлийн 2 минутад 2 дараалан довтолгооны самбараас бөмбөг авсан нь баг нь оноо ойртоход том тус болсон. Араас нь А.Энхбаясгалан бөмбөг таслаад 2 оноо авснаар цаг дуусахад 23 секунд үлдээд байх үед онооны харьцаа 74:74 болж тэнцсэн юм. Ийнхүү үлдсэн хугацаанд багууд оноо авч чадалгүй цаг дуусаж тоглолт нэмэлт үед шийдэгдэхээр болсон. “Металл” 4-р үед 6 оноо илүү авч (18:12) оноог тэнцүүлжээ. 

“Хүлэгүүд”-ийн талаас дасгалжуулагч багийн довтолгооны гол тоглогч Миллер мөн “талбайн жанжин” болж чадаж байсан О.Сэргэлэн нарын хэнийг нь ч төгсгөлийн мөчид талбайд гаргаагүй нь гол алдаа боллоо. Толбертыг талбайд байлгасан нь илүү ашигтай гэж үзэж байгаа бол О.Сэргэлэн шиг туршлагатай тоглогч нь шийдвэрлэх мөчид талбайд зайлшгүй байх хэрэгтэй байлаа. Улмаар багийнх нь довтолгоо ч эмх замбараагаа алдаж, сүүлийн 1 минут 40 секундэд оноо авч чадаагүй юм. 

НЭМЭЛТ ҮЕ

Нэмэлт үед болон 4-р үед “Хасын Хүлэгүүд” баг энэ жилийн плэйоффын хамгийн муу тоглолтоо үзүүлсэн ч байж магадгүй. Энэ нь тоглолтын турш өндөр хэмнэлтэй байсан ачаалалтай нь ч бас холбоотой. Маш олон бөмбөг алдалт нэмээд хамгаалалтын самбараасаа бөмбөгөө авч чадалгүй дараалан алдсаар байсан. Тодруулбал бөмбөг алдсан тоо 9:25 харьцаатай байсан нь “Хүлэгүүд”-ийн хувьд энэ жилийн плэйоффт байгаагүй муу үзүүлэлт. Түүнчлэн “Металл” бөмбөг тасалсан тоогоор 13:2 харьцаатай илт илүү байлаа. Гэсэн ч “Металл” довтолгооны хувь үнэхээр муу байсан (29/77) нь хожигдсон гол шалтгаан боллоо. Товчхондоо довтолгооноос бусад бүх зүйл нь болж байлаа. Харин довтолгоонд бүх боломж тэдний гарт байсан ч ашиглаж чадсангүй. “Металл” энэ тоглолтод эсрэг багаасаа 20 довтолгоо илүү гүйцэтгэсэн үзүүлэлтийг дурдахад л юу болсныг дүгнэхэд хангалттай болов уу. Харин “Хүлэгүүд” 43%-ийн (25/57) оновчтой довтолж, 78:81 харьцаатай хожсоноор цувралыг 6 тоглолтод дуусгаж, аварга цолоо хамгааллаа. 

“Хүлэгүүд” хэдийгээр довтолгооны оролдлого дутуу байсан ч торгуулийн шугамны араас авсан оноогоор 11/15 – 20/27 харьцаатай илүү байсан. Энэ нь мэдээж тэдний будагтай талбайн тоглолтынх нь өөр нэгэн давуу тал байсан бөгөөд алдаа авсан харьцаа нь 17:25 байснаас ч үүнийг харж болно. 

Ian Miller

Энэ тоглолтод Миллер 19 оноо 6 оновчтой дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Толбер (37 минут) 17 оноо, 11 самбар, А.Азбаяр  (33 минут) 16 оноо, 11 самбар авч самбарын хоёр тоглогч нь хоёулаа дабль дабль хийсэн юм. Тэдний тоглосон минут болон статистик бол яах аргагүй дасгалжуулагчийн самбарын тоглогчдынхоо давууг ашиглах гэсэн тактиктай шууд холбоотой. Тэдний сайн тоглолтын нөлөөгөөр самбараас бөмбөг авсан үзүүлэлт 30:49 харьцаатай тоглолт дууссан байна. 

Цувралын эхний тоглолтод гэмтсэн А.Азбаярын хувьд 4 дэх тоглолтоос тоглож эхэлсэн ч өмнөх 2 тоглолтод хангалттай сайн байгаагүй. Тэгвэл энэ өдөр тоглолтын турш тун жигд байж, зүгээр ч нэг улирлын үнэ цэнтэй тоглогч болоогүй гэдгээ харууллаа. Тэрээр 5/8 оновчтой довтолж, торгуулийн шидэлтийг 6/7 оновчтой гүйцэтгэсэн. Мөн 2 удаа хаалт хийж, сүүлийн мөчид торгуулийн 2 шидэлтээ алдалгүй оруулсан нь багийнхаа 1 онооны тэргүүллийг 3 болгон холдуулж чадсан юм. Нэгийг нь алдахад л эсрэг баг нь заавал гурваас шидэх шаардлагагүй болохоос гадна сэтгэл зүйн хувьд ч бүх зүйл өөр болох байлаа. А.Азбаяр яах аргагүй энэ тоглолтод чухал нөлөө үзүүлсэн. 

Э.Саруул-Эрдэнэ аваргуудаас 30+ минут тоглосон 3 тоглогчийнх нь нэг болж, хамгаалалтад мөн л чухал үүрэгтэй тоглолоо. Цувралын турш эсрэг багийн гол тоглогч Т.Ууганбаярыг хамгаалах хариуцлагатай үүргийг хүлээсэн тэр энэ тоглолтод дахин 3 удаа холын шидэлтээ оруулж 9 оноо авчээ. Мөн 6 самбар, 3 оновчтой дамжуулалт.  Харин Ч.Ихбаярын тоглолт, довтолгооны оролцоо илт дутаж байлаа. Тэр ердөө 3 оноотой тоглолтыг дуусгасан юм. Нөгөө талд Уэсли 24 оноо, 5 самбар, 6 оновчтой дамжуулалт өгсөн бол  Т.Ууганбаяр, А.Энхбаясгалан, Н.Мөнхчөдөр нар 10-аас дээш оноо авчээ. 

17 ЖИЛД 9 ЦОМ

МСБХ-ны 30 дахь удаагийн Үндэсний “Дээд лиг”-ийн тэмцээний аваргаар “Хасын Хүлэгүүд” баг тодорч 21 жилийн түүхэндээ 9 дэх удаагаа лигийн түрүү хүртлээ. Тэд 2008 онд анх аварга болсноос хойш ийнхүү 17 жилийн хугацаанд 9 удаа аварга болж байна. Аварга баг 45 тоглолтын дараа цомын эзэд болж, Азийн “Аваргуудын лиг”-ийн тоглолтуудыг нэмээд үзвэл 51 тоглолт хийж, хамгийн ачаалалтай байдлаар лигийн аварга болсон баг гэдгээрээ бас нэг онцлогтой. 

“Бишрэлт Металл” багийн хувьд мөн 50 тоглолт хийсэн маш хүнд улирлыг дуусгаж, 3 дахь жилээ дараалан мөнгөн медаль хүртэж байна. Олон тоглогчийн гэмтэл, легионер тоглогчийн хариуцлагагүй үйлдлээс болж бүрэлдэхүүн дутуу болсон зэрэг олон асуудал байсан ч тэд хүчтэй өрсөлдөөнийг үзүүлж чадлаа. Мөн хагас шигшээд 3:0 гэсэн харьцаанаас дараалан 4 хожиж түүх бүтээсэн мартагдашгүй бөгөөд түүхэн улирал байлаа. Учир нь “Дээд лиг”-ийн түүхэнд өмнө нь 3 дараалан мөнгөн медаль хүртэж байсан баг байгаагүй. 

Шигшээ цувралын хамгийн үнэ цэнтэй тоглогчоор Иан Миллер тодорлоо. Тэрээр аваргын төлөөх 6 тоглолтод 19.5 оноо, 3.0 самбар, 4.0 оновчтой дамжуулалт өгсөн үзүүлэлтийг дунджилсан байна. Ингэснээр сүүлийн 3 улирал дараалан легионер тоглогчид энэ шагналыг хүртэж байна. Энэ жилийн “Дээд лиг”-ийн тэмцээн ийнхүү 7 сар гаруйн хугацаанд үргэлжилсний эцэст “хөшгөө хаалаа”. Хагас шигшээ шатанд л гэхэд хоёр талд 7 тоглолт үзсэн онцгой өрсөлдөөтэй улирал байлаа. 

Хамгийн сүүлд 2020 онд “Алдар Танан Гарьд” баг лигт аваргаа хамгаалж байснаас хойш 5 жилийн дараа нэг баг 2 улирал дараалан түрүүлсэн нь ийнхүү “Хасын Хүлэгүүд” баг боллоо. Мөн тэд өөрсдөө хамгийн сүүлд 2017, 2018 онд дараалан түрүүлж байснаасаа хойш 7 жилийн дараа дахин дараалсан түрүү хүртлээ.

Аваргууд улиралд 27 тоглолтоос 19 хожил аван хүснэгтийг тэргүүлж, плэйоффт 12 хожиж, 6 хожигдсон үзүүлэлттэй түрүүллээ. Ингэхдээ Демаркус Казинс тэргүүтэй “Бодонгууд” болон гурван улирал дараалан шигшээд шалгарсан “Металл” гэсэн хүчтэй өрсөлдөгчдийг “өвдөг сөхрүүллээ”. Мөн плэйоффт ахлах дасгалжуулагчаа сольсон ч багийн систем, багийн философи нь ямар хүчтэй гэдгийг өөрөөр хэлбэл “Хүлэгүүд хүчтэй” гэдгээ дахин нэг удаа баталсан онцгой улирал байлаа.