Улаанбаатар Амазонс багийн хожлын цуврал үргэлжилсээр

1

Улаанбаатар Амазонс баг 2025/26 оны Эмэгтэй Үндэсний Дээд Лигийн финалын цувралын эхний тоглолтод Аравт багийг 90:74-ийн харьцаатай буулган авч, энэ улиралд ялагдал хүлээгээгүй амжилтаа үргэжлүүлж байна.

Амазонс баг улирлыг 15 хожил гэсэн төгс амжилтаар өндөрлүүлж, плей-оффын өмнөх цувралыг 4:0-ийн харьцаатай дуусгасан. Финалын цувралын эхний тоглолтод ялалт байгуулснаар тэд улирлын туршид тоглолтын тогтвортой байдлаа дахин нотоллоо.

Тус тоглолт MBank Arena-д болж, Амазонс эхнээсээ онооны давуу байдлыг авч, эхний хагасыг 52:41-ээр тэргүүлэн дуусгасан. Улмаар тоглолтын туршид хяналтаа алдалгүй тоглож, онооны зөрүүг хамгийн ихдээ 21 (85:64) болгож чадсан юм.

Амазонс багийн довтолгоог О.Хулан 35 оноо, гурван онооны 70 хувийн амжилттайгаар тэргүүлсэн бол багийн ахлагч Б.Ариунцэцэг 27 оноо, 14 самбар авч, талбайн хоёр талд өндөр үр ашиг үзүүллээ. Мөн баг нийт 54 самбар, 20 дамжуулалт, хурдан довтолгооноос 20 оноо авсан нь ялалтын гол хүчин зүйл болов.

Харин Аравт багаас Б.Өнөрзаяа 31 оноо, Брайд Виктория Кеннеди 21 оноо, 11 самбар-аар багаа тэргүүлсэн ч самбар болон багийн довтолгооны үр ашигт үзүүлэлтүүдэд өрсөлдөгчөөсөө дутуу байв.

Ингэснээр Улаанбаатар Амазонс баг финалын цувралыг 1:0-ээр тэргүүлж эхэллээ. Финалын дараагийн тоглолтод Аравт баг хариу барих эсэх, эсвэл Амазонс ялагдалгүй цувралаа үргэлжлүүлэх эсэх нь сонирхол татаж байна.

📌 Финалын цуврал 2.4-ний өдөр үргэлжилнэ.