Тал нутгаас Дакарт: Монгол залуус дэлхийн дэвжээг зорьж байна

15

Монголын авто спортын шинэ үеийн төлөөлөл, олон улсын хэмжээний мастер Б.Батмөнх “Тал Нутгаас Дакарт” төслийн хүрээнд хамтран ажиллахаар боллоо. Энэ нь Монголын тамирчид дэлхийн хамгийн нэр хүндтэй уралдаануудын нэг болох Дакар Раллиг зорих томоохон алхам болж байна.

Б.Батмөнх нь сүүлийн зургаан жилийн хугацаанд ралли төрлөөр тууштай хичээллэж, Мотокросс, Баха, Седан болон холын зайн ралли зэрэг олон төрөлд амжилт гаргасан залуу тамирчин юм. Тэрээр Монгол Ралли, Мастер Ралли, Японы SSER Rally Mongolia зэрэг тэмцээнүүдэд мото ангилалд удаа дараа тэргүүн байр эзэлж, ур чадвараа батлан харуулсан билээ. Ийнхүү тэрээр дараагийн Дакар Раллиг зорих Монгол залуусын нэг болоод байна.

“Тал Нутгаас Дакарт” төсөл нь 2027 оны Дакар Раллиг илүү өргөн бүрэлдэхүүнтэй, системтэйгээр зорих зорилготойгоор үйл ажиллагаагаа эхлүүлээд байна. Төслийн эхний шатанд дэлхийн аваргын гараанд оролцож оноо цуглуулах, улмаар Дакарт уралдах эрх авах бэлтгэл ажлууд эрчимтэй өрнөж байна.

Энэхүү зорилго нь зөвхөн спортын амжилтаар хязгаарлагдахгүй. Монголын нэрийг олон улсын тавцанд гаргах, эх орноо сурталчлах, залуу үеийг спортод уриалах чухал ач холбогдолтой юм.

Хамтдаа Монголын бахархлыг Дакарт хүргэе.