ДАШТ-ий B хэсэгт багтсан Испани, Португалын шигшээ баг хоёр тоглолтын дараагаар яг ижил оноотой, гоолын зөрүү ч адил тэмцээнийг үргэлжлүүлж буй. Тэд эхний тоглолтод хоорондоо 3:3-ээр эвийн гэрээ байгуулж, дараагийн учраагаа ижилхэн 1:0-ээр буулган авсан тул хүснэгтэд адил оноо, ижил гоолын зөрүүтэй харагдаж байна.
Тэгвэл 1930 оноос эхлэлтэй хөлбөмбөгийн ДАШТ-д өнөө жил ямар дүрэм үйлчилж байгаа вэ. Португал ирэх тоглолтоо Азийн төлөөлөл Ираны багтай хийнэ. Тэд Испанийн багтай тун сайн өрсөлдөж, эцсийн дүнд нэг гоол алдсан. Иран гурван оноотой, тэдэнд хэсгээсээ гарахын тулд Португалыг заавал хожих хүнд даалгавартай үлдсэн. Тиймээс Испанийн эсрэг яаж тоглосон түүн шигээ зүтгэлтэй үзэх нь гарцаагүй. Испанийн эсрэг тэдэнд тэнцээ чухал байсан бол одоо ялалт бүхнээс илүү хэрэгтэй тул хамгаалалт, довтолгооныхоо хэмнэлийг тааруулах биз ээ.
Харин ялагдашгүй армаданууд К.Роналдуд нэг гоол алдсан Мороккогийн шигшээ багтай хүч сорино. Африкийн энэ багийн хувьд тэмцээн хэдийнэ дууссан. Гэхдээ нэр төрийн ганц гоол, нэг оноо ч гэсэн чухал. Хамгаалалт сайн баг, хоёр тоглолтын дараагаар хаалгандаа хоёр гоол алдаж хожигдсон ч нэгийг нь өөрсдөө хийчихсэн. Ираны хаалганд ганц гоол оруулсан испаничууд тэднээс дутахгүй хамгаалалттай хар тивийн багийн эсрэг олон гоол оруулж чадах эсэх нь тун сонин.
B хэсгийн хүснэгт
- Испани – 4
- Португал – 4
- Иран – 3
- Морокко – 0
Ингээд бид хэсгийн шатанд оноо тэнцсэн тохиолдолд ямар дүрэм үйлчилж байгааг судаллаа. Хэсгээсээ хамгийн өндөр оноо авсан хоёр баг хэсгээсээ шалгардаг гэдгийг бид сайн мэднэ. Харин эдгээр нь адилхан бол ямар дүрэм үйлчилдэг вэ гэдгийг төдий л сайн мэдэхгүй болов уу.
Оноо тэнцсэн тохиолдолд доорх 7 дүрмийг харах аж. Эдгээр нь:
- 1. Хэсгийн бүх тоглолтоос авсан оноогоор хамгийн илүү 2 нь хэсгээсээ шалгарна. Хожвол 3 оноо, тэнцвэл 1 оноо өгдөг.
2. 1 адилхан бол тухайн багууд дээр гоолын зөрүү харна.
3. 2 бас ижил бол оруулсан гоолын тоог харна.
4. 3 адилхан байвал хоорондын тоглолтын оноог харна.
5. 4 ижил байвал хоорондын тоглолтын гоолын зөрүүг харна(3 баг дээр)
6. 5 ижил байвал хоорондын тоглолтын гоолын тоог харна(3 баг дээр)
7. 6 ижил цэвэр тоглолтын дүрмийг харна. Энэ нь бүх тоглолтуудад багуудын авсан улаан ба шар картны тоог харна гэсэн үг. - Эхний шар хуудсанд -1 оноо тооцно.
- Хоёр дахь шар хуудсанд (шууд бус улаан): -3 оноо
- Шууд улаан хуудас авсан бол: -4
- Эхлээд шар, дараа нь шууд улаан авсан бол: -5
8. Сугалаагаар шодож аль баг цааш гарахыг шийднэ.
Дээрх бүгд ижил байгаа тохиолдолд сугалаагаар бүхнийг шийднэ. Аваргуудын лигийн сугалаа шиг хоёр багийн нэрийг хуванцар бөмбөгт хийгээд хэн эхэлж сонгогдсон нь дээр нь бичигдэх юм. Үүнийг тус тоглолт дууссаны дараа хэвлэлийн өрөөнд зохион байгуулах бөгөөд бүх сэтгүүлчдэд нээлттэйгээр явагдах аж. Тус тоглолтыг зохион байгуулагчдын зүгээс нэг хүн томилогдож, сугалааны үйл явцыг хариуцах юм.
Сонирхуулахад, хөлбөмбөгийн ДАШТ-ий сугалааг ашиглаж байсан тохиолдол үгүй. Харин ДАШТ-ий урьдчилсан шатанд ийм тохиолдол гарч байжээ. 1954 онд Италийн Ромд болсон урьдчилсан шатанд Испани, Туркийн багууд оноо тэнцсэн байна. Цэнгэлдэхийн нэгэн ажилтны хүү 14 настай Луижи Франко Геммагаар сугалааг явуулж, хүүгийн сугалсан сугалаанд Туркийн нэр байсан тул Швейцарийг зорьсон билээ. Энэ хүүгийн зургийг та дээр харж байна.