Бельги 5:2 Тунис
Гоол: Эден Азер 6, 51, Ромелу Лукаку 16, 45+3, Миши Батшуайи 90, Дилан Бронн 18, Вахби Хазри 90+3
Тоглолтын шилдэг: Эден Азер
Энэ тэмцээнд түрүүлэх багийн тоонд орж буй Бельгийн шигшээ баг эхний хоёр тоглолтод найман гоол орууллаа. Дөнгөж 6 дахь минутад Э.Азер дээр алдаа гаргаж, мань эр торгуулийн цохилтоос гоолын салхийг хагалсан. Энэ нь ДАШТ эхлэснээс хойш шүүгч нарын зааж буй 13 дахь торгуулийн цохилт болж, дөрвөн жилийн өмнөхтэй тэнцжээ. 10 орчим минутын дараа Р.Лукаку тооны харьцааг холдуулсан. Гэвч удалгүй Тунисын багийн чөлөөт цохилтоос ирсэн бөмбөгийг Дилан Бронн мөргөж гоол оруулснаар тооны харьцаа 2:1 боллоо.
Эхний хагас өндөрлөх дөхөхөд Р.Лукаку дахин гоол оруулж, энэ тэмцээний дөрөв дэх гоолоо гүйцээснээр К.Роналдугийн хамт ДАШТ-ий мэргэн буучийн жагсаалтыг тэргүүлж эхэллээ. Түүн шиг нэг тэмцээнд дөрвөн гоол оруулах бельги тоглогч өмнө нь тодорч байгаагүй юм. Түүнчлэн 1986 онд Аргентинийн домог Диего Марадона Англи болон Бельгийн эсрэг тус бүр хоёр гоол оруулснаас хойш Р.Лукаку дээрх амжилтыг давтлаа.