Уругвай 3:0 ОХУ
Гоол: Луис Суарес 10, Денис Черышев 23 (өөрийн хаалганд), Эдинсон Кавани 90
Тоглолтын шилдэг: Луис Суарес
Уг тоглолтоос өмнө оросууд найман гоол оруулж, хаалгандаа нэгийг ч алдаагүй бол уругвайчууд Египет, Саудын Арабыг 1:0-ээр илүүрхсэн. Тэд хоёул зургаан оноотой хэсгээс шалгарах нь тодорхой болсон тул энэ тоглолтоор хэн нь хэсгээ тэргүүлэхийг шийдэх учиртай байв.
Эхний гоолыг 10 дахь минутад Луис Суарес чөлөөт цохилтоос оруулав. Ингэснээр ДАШТ-д долоо дахь гоолоо бүртгүүлсэн уругвай эр нутаг нэгт Оскар Мигесийн найман гоолын дараа жагсах боллоо. Хоёр дахь гоолыг Денис Черышев өөрийнхөө хаалганд мялааж, үүний дараа Игорь Смолников хоёр дахь шар хуудсаа авснаар талбайг чөлөөлөв. Ингэснээр И.Смолников 1998 онд Францын Марсел Десайли улаан хуудас авснаас хойш нутаг дээрээ зохиосон тэмцээнд талбайг орхисон анхны тоглогч болжээ.
Тоглолтын төгсгөлд Эдинсон Кавани гоол оруулснаар гурван ДАШТ дараалан гоолдсон хоёр дахь уругвай тоглогч болов. Э.Кавани болон Л.Суарес нар хамтдаа сүүлийн гурван ДАШТ-д дараалан гоол оруулж, нэгэн шинэ түүхийн хуудас нээжээ.
Сонирхуулахад, уругвайчууд хэсгийн гурван тоглолтод гоол алдаагүй. Ийм үзүүлэлтийг хамгийн сүүлд 1998 онд Аргентинийн шигшээ баг үзүүлж байв.