Адал явдалт кино төгсө

1195

Иран 1:1 Португал

Гоол: Рикардо Куаресма 45, Карим Ансарифард 90 + 3

Тоглолтын шилдэг: Рикардо Куаресма


Саранск хотын “Мордовия Арена” цэнгэлдэх хүрээлэнд парагвай шүүгч Касерес Энрекигийн дэнсэлсэн Португал, Ираны тулаан таамагласнаас тун сонирхолтой өрнөв. К.Роналду тэргүүтэй португалчуудыг илт илүүрхэх болов уу гэтэл тэднээс ердө нэг оноо дутуу Азийн төлөөлөл бууж өгөхийг хүссэнгүй. Португал мэргэжилтнээр удирдуулсан иранчууд энэ тоглолтод тун сайн бэлдсэн нь харагдаж байв. ДАШТ-ий турш бэлтгэл сайтай, нямбай хамгаалалттай байгаа нь илэрхий байсан мелличүүд шар тивийнхээ шилдгүүд гэдгээ нотолж байлаа.

Нэгдүгээр хагас өндөрлөх дөхөхөд хашир туршлагатай довтлогч Рикардо Куаресма эхний гоолыг оруулав. 2003 оноос шигшээдээ зүтгэж буй 34 настай түүний хувьд шигшээдээ 10 дахь, ДАШТ-ий анхны гоолоо бүртгүүлсэн юм. Тэрбээр өмнө нь ДАШТ-ий бүрэлдэхүүнд сонгогдож байгаагүй аж.

Өдгөө 34 нас, 372 хоногтой Рикардо Куаресма Ираны хөлбөмбөгч Яхья Голмохаммадигаас хойш ДАШТ-д гараанд гарсан эхний тоглолтдоо гоол оруулсан хамгийн ахмад тамирчин болжээ. Иран эр 2006 онд Мексикийн эсрэг гоолдохдоо 35 нас, 84 хоногтой байжээ.

Хоёрдугаар хагаст тооны харьцааг холдуулах сайхан боломжийг К.Роналду алдлаа. Торгуулийн цохилтоо хаалганы зүүн булан руу чиглүүлээд цохитол Али Бейранванд зогсоож дөнгөлөө. Торгуулийн цохилт заах үеэр португал мэргэжилтэн Карлуш Кэйрош ихэд бухимдаж, талбайг түр орхиж гарсан юм.

Тэд эцсээ хүртэл зүтгэсээр эцэст нь Португалын багийнхан өөрийн талбайдаа гар хүрсэн гэж шүүгч үзсэн тул торгуулийн цохилт заалаа. 93 дахь минутад Карим Ансарифард торгуулийн цохилт яаж цохидогийг К.Роналдуд харуулав. Ингээд зогсохгүй 94 дэх минутад аюултай сөрөг довтолгоо явуулсан ч гоол болгож чадсангүй. Хөлбөмбөг хэмээх агуу спорт урьдаас тааварлашгүй байдгийг Ираны хичээл зүтгэл тод харууллаа. Хэдийгээр тэд ялагдсан ч хожих ёстой юм шиг л зүтгэж, эцсээ хүртэл тэмцсэн юм.


Испани 2:2 Морокко

Гоол: Иско 19, Иаго Аспас 90+1, Халид Бутаиб 14, Юссеф Эн-Несири 81

Тоглолтын шилдэг: Иско


Португал, Иран амиа тавьж байхад испаничууд ч хүнд байдалд орсон. Мороккочууд хэдийгээр хоёр хожигдсон, хэсгээсээ шалгарах ямар ч найдваргүй болсон хэрнээ хөгжөөн дэмжигчдэдээ ялалтын амтыг мэдрүүлэхээр зүтгэсэн юм. Эхний гоолыг Халид Бутаиб оруулж, испаничууд хүнд байдалд орсон ч таван минутын дараа Иско хариуг нь барив. Хоёрдугаар хагаст Юссеф Эн-Несири тооны харьцааг 2:1 болгосон ч үндсэн цаг дуусч, шүүгчийн мэдлийн цаг явж эхлэхтэй зэрэгцээд Иаго Аспас тэнцээний гоолыг оруулав. Хүнд тоглолт хийж, тэнцээгээр тоглолтоо өндөрлүүлсэн ч тэд хэсгээ тэргүүлэх нь тодорхой болсон юм. Учир нь нөгөө талд португалчууд эцсийн мөчид тэнцэж, ялагдашгүй армадануудад сайхан бэлэг барив.

Испаничууд ДАШТ-д хийсэн сүүлийн зургаан тоглолтод 12 гоол алдсан нь өмнөх 18 тоглолтоос нь давж гарсан үзүүлэлт байлаа.

Харин Атласын арслангууд тоглолтын эхний хагаст дөрвөн шар хуудас авсан нь 1966 оноос хойш эхний хагаст хамгийн олон шар хуудас авсан багийн тоонд дээгүүр давхина. Сонирхолтой нь, энэ үзүүлэлтийг мороккочууд тэргүүлдэг бөгөөд 1994 онд Нидерландын эсрэг таван шар карт авсан тохиолдол байдаг аж.

Ийнхүү шөвгийн 16-д өрсөлдөх дөрвөн баг тодорлоо. “А” хэсгийн тэргүүн баг Уругвай – Португалтай, “Б” хэсгийн манлай баг Испани – Оростой учраа таарах болов.