Германчуудад Орос орон ээлгүй

1277

Герман 0:2 БНСУ

Гоол: Ким Ён Вон 90 + 3, Сон Хын Мин 90 + 6

Тоглолтын шилдэг: Чо Хён У


Тони Кроосын супер гоолын ачаар Шведийг хожиж, боломжоо хадгалж үлдсэн немцүүд БНСУ-ыг барсангүй. Шүүгчийн мэдлийн зургаан минутад амжиж хоёр гоол оруулснаар солонгосчууд хэсгээсээ гараагүй ч нүүр бардам нутаг буцах эрхтэй боллоо. Германчууд шүүгчийн мэдлийн цагт хоёр гоол алдсан нь тэдний хувьд шинэ зүйл байв. Үүгээр ч үл барам 1938 оноос хойш анх удаа хасагдах шатанд шалгарч чадсангүй. Тэд гурван тоглолтын турш хаалга руу 72 цохилт гүйцэтгэсэн ч ердөө хоёр гоол оруулсан. Энэ үзүүлэлтээр одоогоор гоол оруулж чадаагүй Коста Рикагийн л урд бичигдэж байгаа аж.

Германчууд тоглолтын турш 70 хувьтай бөмбөг эзэмшиж, хаалга руу 11 цохилт гүйцэтгэсэн ч аз тэдний талд байсангүй.


Швед 3:0 Мексик

Гоол: Людвиг Аугустинссон 50, Андреас Гранквист 62, Эдсон Алварес 74

Тоглолтын шилдэг: Людвиг Аугустинссон


Хэдийгээр эхний хоёр тоглолтод хожсон ч Шведэд ялагдвал хэсгээс мултрах аюул мексикчүүдийг хүлээж байлаа. Учир нь нөгөө талд Герман БНСУ-ыг ялвал тус хоёр багийн хэн хожигдсонд нь ашиггүй тусч мэдэх байв.

Хэдийгээр 3:0-ээр шведүүд өрсөлдөгчөө илт илүүрхсэн ч тэд хоёул хасагдах шатанд өрсөлдөх тийзээ авлаа. Эхний хагас 0:0-ээр өндөрлөсөн ч хоёрдугаар хагаст Людвиг Аугустинссон гоолын салхийг хагалж, дараа нь Андреас Гранквист торгуулийн цохилтоор тооны харьцааг холдуулав. Энэ нь тус тэмцээнд амжилттай болсон 18 дахь торгуулийн цохилтоор бүртгэгдэж, ДАШТ-ий рекорд тогтоов. Андреасын хувьд нэг ДАШТ-д хоёр торгуулийн цохилт амжилттай гүйцэтгэсэн анхны швед тоглогч болжээ.  Харин гурав дахь гоолыг Мексикийн Эдсон Алварес өөрийнхөө хаалганд оруулав. Ингэснээр энэ удаагийн ДАШТ-ий долоо дахь авто гоолоор бүртгэгдсэн юм.