Бразил, Швейцарь хасагдах шатанд үлдлээ

1191

Бразил 2:0 Серб

Гоол: Паулиньо 36, Тиаго Сильва 68

Тоглолтын шилдэг: Паулиньо


“E” хэсгээ тэргүүлэх нь бразилчуудын хувьд чухал даваа байлаа. Үүний тулд тэд эхлээд Сербийг хожих ёстой байв. Дэлхийн таван удаагийн аварга, энэ цаг үеийн олон шилдэг хөлбөмбөгчтэй бразилчууд уг үүргээ ч 100 хувь биелүүлсэн. Эхлээд Филипе Коутиньогийн дамжуулалтаар Паулиньо гоолын салхийг хагалсан бол дараа нь Тиаго Сильва мөргөж, тооны харьцааг холдуулав. Ф.Коутиньо энэ ДАШТ-д хэсгийн гурван тоглолтод гоол болон дамжуулалт өгсөн цор тоглогчоор бүртгүүлэв. Харин өдгөө 33 нас, 278 хоногтой Т.Сильва ДАШТ-д гоол оруулсан хамгийн ахмад бразил тоглогчийн нэг болжээ. Түүний өмнө 1998 онд 34 насандаа гурван гоол оруулсан Бебето бичигдэж буй.

ДАШТ-ий эхний тоглолтоо Коста Рикагийн эсрэг хийж, гурван оноотой эхлүүлсэн сербчүүд Швейцарь, Бразилд дараалан хожигдоод нутаг буцлаа.

Хэдийгээр гоол оруулаагүй ч багийн лидер Неймар эсрэг багийн 16 метр дотор 16 удаа бөмбөгөнд хүрсэн нь 1966 оны ДАШТ-д Португалын эсрэг Жаирзиньогоос хойш анхных гэнэ.


Швейцарь 2:2 Коста Рика

Гоол: Блерим Жемайли 31, Йосип Дрмич 88, Рэндолл Уастон 56, Янн Зоммер 90 + 3

Тоглолтын шилдэг: Блерим Жемайли


Швейцарь энэ тоглолтод олон гоолын зөрүүтэй өрсөлдөгчөө ялвал Бразилын тоглолтоос үл хамаарч, хэсгээ тэргүүлэх боломжтой байв. Гэвч тэд ДАШТ-ий турш гоолдож чадаагүй Коста Рикаг хожих нь бүү хэл эвийн гэрээ байгууллаа. Эхний гоолыг Блерим Жемайли оруулсан ч коста рикачууд 56 дахь минутад тооны харьцааг тэнцүүлэв. Р.Уастоны гоол нь Коста Рикагийн энэ ДАШТ-д оруулсан анхны гоол. Тэд дэлхийн аваргыг зорьсон 32 багаас хамгийн сүүлд гоол оруулжээ. Түүнчлэн нийт 423 минут дэлхийн аваргад гоолдоогүй үзүүлэлт нь үүгээр дууссан. Швейцариас хоёр дахь гоолыг Йосип Дрмич оруулсан ч шүүгчийн мэдлийн минутад алдаа гаргаснаар төв америкийн багт торгуулийн цохилт хийх эрх олдсон. Үр дүнд нь Швейцарийн хаалгач Янн Зоммер ДАШТ-д өөрийнхөө хаалганд гоол оруулсан гурав дахь хаалгач болов. Түүнэс өмнө 1998 онд Испанийн хаалгач Андони Субисаррета, 2014 онд Хондурасын Ноэль Вальядарес нар азгүйчүүдийн эгнээнд багтсан билээ.