Өнөө цагийн NBA-гийн шилдэг довтлогч Кевин Дюрант ахлах сургуульд байхаасаа л бүх шагналыг түүж ирсэн. Тэрбээр 12 жилийн өмнө МакДоналдсын бүх америкийн үнэ цэнэтэй хоёр тоглогчийн нэгээр тодорч, дараа нь коллежийн шилдэг тоглогчоор нэрлэгдсэн удаатай. 2007 онд драфтад нэр дэвшин, №2-оор сонгогдсон К.Дюрант 2014 онд лигийн үнэ цэнэтэй тоглогчоор нэрлэгдэж, одоо бол лигийн аваргаар хоёр удаа тодорч, финалын үнэ цэнэтэй тоглогч болсон удаатай.
Тэгвэл ахлах сургуулийн үнэ цэнэтэй тоглогчийн шагналыг түүнтэй хуваасан тэр эрхэм хэн бэ? Энэ бол Чэйз Бадинжер юм. Хожим Аризонагийн их сургуульд гурван жил номын дуу сонсоод NBA-д элссэн Ч.Бадинжер 2009 оноос “Хьюстон”, “Миннесота”, “Индиана”, “Финикс” багуудад зүтгээд Испанийн “Баскониа” багт нэг жил тоглосон билээ.
Ахлах болон их сургуульд чадварлаг тоглогчийн тоонд багтсан түүний мэргэжлийн замнал нь урт байгаагүй. Тиймээс 30 хүрэхээсээ өмнө NBA-гээс явж, Испанид очоод бүтэн жил болсныхоо дараа эргэн ирсэн юм. Харин энэ удаа тэр арай өөр замыг сонгожээ.
Тэр ахлах сургуульд байхаасаа л волейбол тоглодог байсан юм. Авьяаслаг ч байлаа. Зургаан настайдаа сагсан бөмбөг тоглож сурсан бол үүнээс таван жилийн дараа волейболд хорхойтой болжээ. Бяцхан Чэйзийг ийм авьяастай болоход энэ хоёр спортоор хичээллэдэг эгч Британи болон ах Данкан нарынх нь нөлөө их байв. Харин хүүхдүүдээ их спортод дөртэй болоход аав, ээжийнх нь сонирхол хамгийн их нөлөөлсөн зүйл.
Ахлах сургуульд спортоор авьяаслаг явсан Чэйзийн төлөө гурван их сургууль хоорондоо өрсөлджээ. Эд бол Аризона, USC болон UCLA. Лос Анжелесийн их сургууль түүнд сагсан бөмбөг, волейболоор тоглох боломж олгохоо амлаж байсан бол Аризонад эрэгтэй волейболын систем байсангүй. Гэхдээ “Уайлдкатс”-ын дасгалжуулагч Лют Олсений түүнд тавьсан санал хамгийн их таалагджээ. Тиймээс Лютийн шавь болохоор “Аризона”-г сонгосон аж.
Тэр волейболыг орхихыг хүсээгүй ч сагсан бөмбөгөөр илүү хол зам туулах боломжтой байсан тул энэ хоёр спортоос сонголтоо хийсэн юм. Тиймээс Аризонагийн их сургуулийн системд найдсан хэрэг.
Чэйз гурван жил их сургуульд тоглоод 2009 оны драфтад нэр дэвшиж, хоёрдугаар бүсийн 44-өөр “Детройт Пистонс”-т сонгогдсон. Гэхдээ драфтын өдрөө л “Хьюстон Рокитс” руу солилцоогоор явж, албан ёсоор мэргэжлийн тамирчны замналаа эхлүүлсэн билээ. Бүтэн 7 улирал лигт данстай байхдаа дунджаар 7.9 оноо авч байв. Харин сагсан бөмбөгийн замналаа өндөрлөөд Чэйз шууд өөр сонирхлоо дагахаар шийдсэн байна.
NBA-гийн тоглогч байхдаа зун бүр элсний волейбол тоглодог байв. Энэ нь түүнийг элдэв бэртлээс сэргийлдэг аж. Ялангуяа шагай, өвдөг болон хөлөндөө эрс ачаалал өгч, гэмтэхээс сэргийлнэ. Биеийн бүх булчинг ч жигд хөгжүүлдэг гэнэ. Долоо хоногт 2-3 удаа элсний волейболд цаг гаргадаг байсан юм.
Ингэж яваад Лондоны олимпод оролцож байсан Шен Росенталтай танилцжээ. Шен 2008 оноос АНУ-ын элсний волейболын шигшээ багийн тамирчин гэгдэж, Жэйк Гиббийн хамт Лондоны олимпод хүч сорьсон удаатай. Түүнд мэргэжлийн волейболчин бус Чэйзийн тоглох арга барил таалагдсан учир нэг бус удаа сагсан бөмбөгийн карьераа орхиж, волейболын тамирчин болохыг санал болгож байжээ. Гэхдээ тэр үед Чэйзийн сагсан бөмбөгийн замнал дуусаагүй байсан тул америк эр үүнийг наргианаар хэлж байсан юм.
Сагсан бөмбөгийн замнал нь ид үедээ явж байхад Чэйз хэд хэдэн хүнд хагалгаанд орсон юм. 2013 онд өвдгөндөө хүнд хагалгаа хийлгэсэн нь хожим түүний спортын замналыг үндсээр нь өөрчилсөн. Хүнд бэртлийн улмаас өмнөх шигээ эрч хүчтэй, агаарт “нисч” чадахаа больсон Чэйз тоглолтын арга барилаа эрс өөрчлөөд ч нэмэр болоогүй юм. Бадинжер эцэст нь Испанийг зорьсон ч амралтаараа эх орондоо ирээд бодлоо өөрчилжээ.
Росентал түүнийг сагсан бөмбөгийн замналаа дуусгавал элсний волейболын хамтрагч болох боломжтой гэсэн саналыг Чэйз хэдэн өдрийн турш бодсон бөгөөд эцэст нь энэ спортод зүтгээд үзэхээр шийдсэн гэдэг. Тэр Росентал руу утасдаад “За, сагсан бөмбөгөө орхиж, волейбол руу орохоор шийдлээ” гэж ярьжээ.
Ингэж 38 настай мэргэжлийн волейболчин Шен Росинтал, энэ спортын замналаа дөнгөж эхлүүлж буй 30 настай Чэйз Бадинжер нар Токио 2020-д оролцох эрх авахаар орон нутгийн тэмцээнд хүч сорьж эхэллээ. Нью Йоркийн нээлттэй тэмцээнд гурван ялалт байгуулсан нь энэ хосыг чадварлаг баг гэдгийг нь харуулав.
Лэброн Жэймс, Дуэйт Ховард, Кевин Дюрант, Харрисон Барнс. NBA-гийн чадварлаг тоглогчид юугаараа ижилхэн бэ? Тэд бол энэ зуунд ахлах сургуулийн МакДоналдс бүх оддын тэмцээний үнэ цэнэтэй тоглогч болсон, олимпийн алтан медальтнууд аж. Хэрвээ Чэйз Токиод алтан медаль хүртвэл энэ тоог нэгээр нэмэх боломжтой.