Шөвгийн 16-д учраа таарсан багуудын сонирхолтой баримтууд

1604

Франц – Аргентин


  • Франц, Аргентинийн шигшээ баг хоорондоо 12 удаа таарч байв. Өмнөд Америкийн баг зургаан удаа ялалт байгуулж, үүнээс хоёрт нь хаалгаа хуурай манаж байлаа.
  • ДАШТ-ий дэвжээнд Аргентин хоёр удаа өрсөлдөгчөө хожсон. 1930 онд 1:0-ээр, 1978 онд 2:1-ээр өрсөлдөгчөө илүүрхсэн удаатай. Аргентин ялснаар цаашаа финалд хүрч, 1930 онд Уругвайд ялагдсан бол 1978 онд аваргалж байлаа.
  • Францчууд 1978 онд Аргентинд ялагдсанаас хойш ДАШТ-ий дэвжээнд Өмнөд Америкийн багуудад хожигдож үзээгүй. Энэ тивийн багуудтай 8 удаа таарч, дөрөв хожиж, дөрөв тэнцсэн.
  • Аргентинчууд ДАШТ-ий шөвгийн 16-д ердөө ганц удаа л хожигдсон удаатай. 1994 онд цагаан цэнхэрүүд Румынд 3:2-оор дийлдэж байв. Үүнээс бусад дэлхийн аваргад багадаа шөвгийн 8-д хүрч байсан бол муудсан үедээ хэсгээсээ шалгарч байсангүй.
  •  Торгуулийн цохилтыг хасаад францчууд хасагдах шатанд хийсэн сүүлийн 11 тоглолтод ердөө нэг удаа хожигдсон.

Уругвай – Португал


  • Уругвай, Португал хоорондоо гурав дахь удаагаа таарч буй. Гэхдээ ДАШТ-д бол анх удаа өрсөлдөх аж. Тэд 1972 оны долдугаар сард Рио Де Жанейрогийн Маракана цэнгэлдэхэд учраа таарч, 1:1-ээр тэнцэж байв. Португал улс Уругвайд хожигдож үзээгүй бөгөөд хоорондын тоглолтод нэг хожсон, нэг тэнцсэн.
  • Торгуулийн цохилтыг эс тооцвол португалчууд томоохон тэмцээнд хийсэн сүүлийн 17 тоглолтод ганц л хожигдсон. (8 хожил, 8 тэнцээ). Дөрвөн жилийн өмнө Германы шигшээд 4:0-ээр хожигдсон билээ. Гэхдээ сүүлийн гурван ДАШТ-ий хасагдах шатанд ялагдсан аж. (1 гоол оруулж, 5-ыг алдсан)
  • 1986 онд шөвгийн 16 гэх одоогийн хэв маягт орсоноос хойш уругвайчууд дөрвөн ДАШТ-ий гуравт нь энэ шатнаас хасагдсан билээ. 1986, 1990, 2014 онд. Харин 2010 онд БНСУ-ыг ялсан.
  • Уругвайчууд хэсгийн гурван тоглолтод дараалан хожоод буй. Энэ удаад тэд ялвал дөрөв дараалсан хожил нь 1930 оны ДАШТ-ээс хойш анхных болно. Тэр жил уругвайчууд түрүүлж байлаа.
  • Уругвай улс хэсгийн гурван тоглолтод гоол алдаагүй. Хамгийн сүүлд Өмнөд Америкийн багуудаас дөрвөн тоглолт дараалан гоол алдаагүй баг 1986 оны Бразил юм.

   Испани – ОХУ


  • Зөвлөлт холбоот улс салсанаас хойш оросууд Испанийг хөлбөмбөгөөр хожиж үзээгүй. (2 тэнцэж, 4 ялагдсан). Хамгийн сүүлд 2017 оны арваннэгдүгээр сард 3:3-аар тэнцэж байлаа.
  • Испаничууд Оростой хийсэн сүүлийн гурван тоглолтод 10 гоол оруулжээ.
  • Испанийн шигшээ баг сүүлийн 23 тоглолтод ялагдал амсаагүй явна. (15 ялж, 8 тэнцсэн). Энэ нь ДАШТ-д оролцсон 32 багаас хамгийн удаан үргэлжилж буй үзүүлэлт. Ялагдашгүй армаданууд хамгийн сүүлд хоёр жилийн өмнө тивийн аваргад Италид хожигдсон аж.
  • 2006 оны ДАШТ-ээс хойш испаничууд том тэмцээнд (ДАШТ + Евро) 33 тоглолт хийснээс 32-т нь бөмбөгөө эсрэг багаас илүү хувьтай эзэмшжээ. Евро 2008-ын шигшээд л Германы эсрэг 46 хувьтай эзэмшсэн билээ.
  • Зөвлөлт холбоот улс задарсанаас хойш оросууд ДАШТ-ий хасагдах шатанд анх удаа хүч сорино. Том тэмцээнд буюу Евро 2008-д хасагдах шатанд анх удаа өрсөлдөөд хагас шигшээд Испанид хожигдсон.

Хорват – Дани


  • Тус хоёр баг өмнө нь хоорондоо таван удаа таарч, тус бүр хоёр хожсон бөгөөд нэг удаа тэнцжээ.
  • Том тэмцээнд харин нэг удаа таарч байв. 1996 оны Европын аваргад хэсэгтээ таарахад Давор Шукер, Звонимир Бобан нарын гоолын ачаар 3:0-ээр хорватууд ялсан.
  • Хорватын шигшээ баг ДАШТ-д 1998 онд анх удаа оролцоод хүрэл медаль хүртсэн. Тэгвэл үүнээс хойш хасагдах шатанд өрсөлдөөгүй явсан ч сүүлийн 20 жилд анх удаа хасагдах шатанд өрсөлдөх болов.
  • Лука Модрич тэргүүтэй хорватууд хэсгийн шатанд гурав дараалан ялсан нь тэдний хувьд хамгийн урт үргэлжилж буй цуврал. Энэ гурван тоглолтод ердөө нэг л гоол алдсан бөгөөд Исландын баг торгуулийн цохилтоор гоол оруулсан билээ.
  • Хорватын шигшээ багийн өрсөлдөгчийнхөө хаалганд оруулсан 7 гоолын 6 нь хоёрдугаар хагаст оржээ.

Бразил – Мексик


  • Бразил, Мексикүүд бие биенийхээ тоглолтыг тун сайн мэднэ. Тэд хоорондоо 40 удаа таарч байв. Харин Бразилчууд 23 удаа хожиж, 7 хожигдсон, 10 тэнцсэн юм.
  • Мексикийн шигшээ баг ДАШТ-д таарсан сүүлийн дөрвөн тоглолтод Бразилыг хожиж чадаагүй. (1 тэнцэж, 3 ялагдсан) Эдгээр дөрвөн тоглолтод эл тричүүд нэг ч гоол оруулаагүй бол 11-ийг хаалгандаа алдсан юм.
  • Тэд хоорондоо ДАШТ-ий дэвжээнд тав дахиа учраа таарсан. Энэ нь Бразил, Швед 7 удаа, Аргентин, Герман 7 удаа, Герман хуучин Сербийн шигшээтэй 6 удаа дэлхийн дэвжээнд хүч сорьсоны дараа орох үзүүлэлт.
  • Бразил улс 1990 оны дэлхийн аваргад шөвгийн 8-д хүрч чадаагүй. Харин сүүлийн 8 дэлхийн аваргад тэд шөвгийн 16-д хожигдож үзээгүй юм.
  • Бразил гурав дараалсан ялалт байгуулахыг хичээж буй. 2006 оноос хойш тэд ДАШТ-д гурав дараалж хожоогүй.

Бельги – Япон

 


  • Бельги Японы шигшээ баг хоорондоо таван удаа таарч, Улаан чөтгөрүүд нэг хожсон. Япончууд хоёр ялсан бол хоорондоо хоёр тэнцжээ. 2017 оны арваннэгдүгээр сард хийсэн нөхөрсөг тоглолтод Ромелу Лукакугийн ганц гоолын ачаар бельгичүүд анхны хожлоо авч байв.
  • Тэд ДАШТ-д нэг удаа буюу 2002 онд учраа таарсан. Тус тоглолт 2:2-оор төгссөн юм.
  • Бельгийн шигшээ баг сүүлийн 7 ДАШТ-ий 6-д нь хэсгээсээ гарсан. 1998 онд хасагдах шатанд өрсөлдөөгүй бөгөөд шөвгийн 8-д хоёр удаа л өрсөлджээ. (1986, 2014)
  • Бельгичүүд хасагдах шатанд 11 тоглолт хийгээд хаалгаа хуурай манаж байсангүй. Эдгээр 11 тоглолтын 8-д нь хожигдсон. Сүүлийн 9 тоглолтын 5 нь нэмэлт цаг сунгаж, нэг удаа торгуулийн цохилт гүйцэтгэсэн.
  • Бельгичүүд хэсгийн шатанд 9 гоол оруулсан нь бусад багуудаас хамгийн олон юм. Тэд хэсгийн шатанд гурав хожсон гуравхан багийн нэг.

 

Швед – Швейцарь


  • Швед, Швейцарь хоорондоо 29 удаа тоглосон ч том тэмцээнд анх удаа таарч байна. (ДАШТ + Евро)
  • Шведүүд сүүлийн гурван тоглолтод Швейцарьт хожигдоогүй. (1 хожиж, 2 тэнцсэн). Хамгийн сүүлд 2002 оны гуравдугаар сард хоорондоо 1:1-ээр тэнцжээ. Швейцарийн хувьд Рой Хожсоны удирдлага дор 1994 оны Европын аваргын урьдчилсан шатанд 4:2-оор ялсан удаатай.
  • Швед 1958 онд нутагтаа дэд аварга болсоноос хойш шөвгийн 16-г ердөө ганцхан удаа буюу 1994 онд давсан. Тэр жилээ хүрэл медаль хүртсэн билээ.
  • Шведүүд 1958 оноос хойш хоёр дараалан өрсөлдөгчөө хожиж байгаагүй. 1994 онд шөвгийн 16-д Румынтай 2:2-оор тэнцэж, торгуулийн цохилтоор ялсаныг эс тооцвол.
  • Шведүүд ДАШТ-д 50 дахь тоглолтоо хийнэ. Ийм үзүүлэлтэд хүрсэн дэлхийн 11 дэх баг болж байгаа аж.

Колумб – Англи


  • Английн шигшээ баг Колумбид хожигдож үзээгүй. Тэд хоорондоо таван удаа таарахад Будант Албион арлынхан гуравт нь илүүрхсэн. Хамгийн сүүлд тус хоёр баг 2005 онд учраа таарч Майкл Оуэний хэт трикийн ачаар англичууд 3:2-оор хожсон.
  • Тус хоёр баг ДАШТ-д  нэг л удаа таарч, 1998 оны хэсгийн шатанд Даррен Андерсон, Дэвид Бекхэм нарын гоолын ачаар тэд ялж байв. Одоогийн Английн шигшээгийн дасгалжуулагч тэр үед сэлгээний тоглогч байлаа.
  • Колумбчууд хасагдах шатанд гурав дахиа гарч ирсэн. Гэхдээ дараалан хоёр ДАШТ-д хасагдах шатанд өрсөлдөж байгаа нь анхных аж.
  • Колумбын шигшээ багийн оруулсан таван гоолын гурав нь чөлөөт цохилт, булангаас оржээ.
  • Колумбын шигшээ баг ДАШТ-д хийсэн сүүлийн 8 тоглолт дараалан гоол оруулсан. Хамгийн сүүлд гоол оруулж чадаагүй тоглолт нь 1998 онд Английн эсрэг байв.