Л.Месси + К.Роналду ДАШТ-ийг орхилоо

1243

Уругвай 2:1 Португал

Гоол: Эдинсон Кавани 7, 62, Пэпэ 55

Тоглолтын шилдэг: Эдинсон Кавани


Португалын алдарт тоглогч Криштиану Роналду энэ тоглолтыг оролцож, бас нэгэн өвөрмөц амжилтын эзэн болсон. Тэрбээр ДАШТ + Еврод нийт 38 тоглолтод оролцсон амжилтаараа Германы Бастиан Швайнштайгерийн рекордтой тэнцсэн юм.

Гэхдээ тэр энэ тоглолтод гоол оруулж чадсангүй. Хэсгийн шатанд гурван хожил авсан гуравхан багийн нэг, нэг ч гоол алдаагүй уругвайчууд энэ цаг үеийн шилдэг довтлогчийг хэрхэн зогсоохоо тун сайн мэдэж байлаа. Харин урд шугам нь асуудалтай, гоол хийдэггүй гэсэн шүүмжлэлд Эдинсон Кавани хариу өгөв. Луис Суаресийн дамжуулалтаар Э.Кавани долоо дахь минутад л эхний гоолыг орууллаа. Энэ гоол 1986 онд Уругвайн Антонио Алзаменди Германы эсрэг дөрөв дэх минутад гоол оруулснаас хойших хамгийн эрт хийсэн гоолоор тооцогджээ.

Үүнээс хойш уругвайчууд хамгаалалт шилжсэн. Эхний хагасын сүүлийн хэдэн минутад энэ байдал өөрчлөгдөөгүй бол хоёрдугаар үе эхлээд ч өөрчлөгдсөнгүй. Харин бөмбөг илүү эзэмшиж байсан португалчуудын довтолгоо аюултай байлаа. 55 дахь минутад К.Роналдуд анхаарал тавьж байх хооронд Пэпэ мөргөж, тооны харьцааг тэнцүүлсэн. Өдгөө 35 нас, 124 хоногтой Пэпэ ДАШТ-д анхны гоолоо оруулаад зогсохгүй тус тэмцээнд гоол оруулсан хамгийн ахмад португал тоглогч болжээ. Гэхдээ тэдний баяр хөөр удаан үргэлжилсэнгүй. 62 дахь минутад л сөрөг довтолгооноор Э.Кавани гайхалтай гоол оруулж, багтаа дахин тэргүүлэл авчирсан. Үүнээс хойш К.Роналду тэргүүтэй португалчууд тоог тэнцүүлж чадсангүй.

Пэпэгийн гоол Уругвай шигшээ багийн 597 минут хаалгандаа гоол алдаагүй гэсэн үзүүлэлтэд цэг тавьсан. Тэд өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Австрид гоол алдаж байв. Гэхдээ тус багийн хамгаалалт үнэхээр гайхалтай болохыг К.Роналдугийн жишээнээс харж болно. ДАШТ-д дөрвөн гоол оруулсан үзүүлэлтээр мэргэн буучийн жагсаалтад дээгүүр бичигдэж байсан К.Роналду тоглолтын турш эсрэг багийнхаа 16 метрийн талбайд бөмбөгт хүрээгүй юм.

Ийнхүү энэ цаг үеийн шилдэг хөлбөмбөгчид болох Л.Месси, К.Роналду нар нэг өдөр ДАШТ-ийг орхилоо. Өдгөө нас нь 30 гарсан шилдгүүд дөрвөн жилийн дараа ахин ДАШТ-д оролцох магадлал нь эрс бага. Тиймээс тэднийг шигшээгийнхээ өмсгөлтэй сүүлийн дэлхийн аваргын тэмцээнээ орхилоо гэхэд буруу хэлсэн болохгүй биз ээ.