Бельгийн “Улаан чөтгөрүүд” эцсийн мөчид хожлоо

1243

Бельги 3:2 Япон

Гоол: Ян Вертонген 69, Мароун Феллани 74, Насер Чадли 90 + 3, Генки Харагүчи 48, Такаши Инүй 52

Тоглолтын шилдэг: Эден Азер


Энэ тэмцээнд түрүүлэх өндөр магадлалтай багийн тоонд орж буй Бельгийн шигшээ багийг шавилхан япончууд хэсэгтээ л сандаргав. Хэсгийн сүүлийн тоглолтод Польшийн эсрэг бөмбөг барьж, хойноо дамжуулсан хөлбөмбөг үзүүлсэндээ дасгалжуулагч нь уучлалт хүсч, алдаагаа залруулахыг хичээнэ гэдгээ амласан.

Эхний хагаст хоёр багийн довтолгоо үр дүнгээ өгсөнгүй. Харин хоёрдугаар хагас дөнгөж эхлээд л япончууд эсрэг багаа сандаргаж, хамгаалалтын ханыг шалгав.

48 дахь минутад Японы сөрөг довтолгоо амжилттай боллоо. Ян Вертонген довтолгоог зогсоох гэж оролдоод бүтэлгүйтэж, Генки Харагүчид “бэлэн хоол” бэлдээд өгчихөв. Ийнхүү Г.Харагүчи Японы шигшээ багийн түүхэнд хасагдах шатанд гоол оруулсан анхны тоглогч болжээ.

Энэ гоолоос хойш удалгүй Такаши Инүй тооны харьцааг холдуулав. Түүний 16 метрийн гаднаас цохисон бөмбөг гоол болсноор бас л нэг түүхийн хуудас нээсэн. Япончууд ДАШТ-ий түүхэнд хамгийн олон гоол оруулсан нь нутагтаа зохион байгуулсан 2002 оны ДАШТ. Тэр үед наран арлынхан таван гоол оруулсан бол Такашигийн энэ гоол энэ ДАШТ-д оруулсан зургаа дахь гоолоор бүртгэгджээ.

2:0-ээр хожигдож эхэлсэн тул Роберто Мартинес сэлгээ хийх шаардлагатай боллоо. Тэрбээр М.Феллани болон Н.Чадли нарыг 65 дахь минутад сэлгээгээр оруулсан. Харин Бельгийн шигшээгийн эхний гоол тун санамсаргүй байдлаар оров. Хамгаалагч Ян Вертонген 18.6 метрийн зайнаас төв рүү толгойгоороо дамжуулалт өгсөн ч өнөөх нь гоол болж орхив. Ян ДАШТ-ий түүхэнд ийм хол зайнаас мөргөж гоолдсон анхны тоглогч болжээ.

Энэ гоолоос сэргэлт авсан бельгичүүд үргэлжлүүлэн довтолсоор багийн ахлагч Э.Азерийн хөндлөн дамжуулалтаар М.Феллани тооны харьцааг тэнцүүллээ.

Хэдийгээр тооны харьцаа тэнцүү байсан ч япончууд бусад жижиг багууд шиг хамгаалалтад бүх хүчээ дайчилсангүй. Тэд ижилхэн довтлох тактик барьж, дахин гоол оруулахыг хүсч байлаа. Шүүгчийн мэдлийн цаг бараг дуусч байхад К.Хонда булангийн цохилт гүйцэтгэв. Түүний цохисон бөмбөгийг Бельгийн хаалгач Т.Куртуа барьж аваад шууд сөрөг довтолгоог эхлүүлсэн. Кевин де Брюни бөмбөгийг талбайн төвөөр тууж яваад Тома Мёньед өгч, цаадахь нь 16 метрийн шугам дотор гүйж явсан Р.Лукакуд хаялаа. Бельги довтлогчийг хамгаалагч салахгүй дагаж байсан тул бөмбөгийг сул яваа Н.Чадлид өгч, хожлын гоолыг оруулав. Ийнхүү 69 минутын турш нэг ч гоол оруулж чадаагүй улаан чөтгөрүүд үлдсэн хугацаанд гурван гоол дараалан хийсэн юм.  Бельгийн шигшээ баг үндсэн 90 минутад хоёроос дээш гоолын зөрүүг барьж, ялалт байгуулсан нь 1966 оноос хойших анхны тохиолдол болжээ.