Кубын сонирхогчдын боксын шигшээ баг Мексикт хамтарсан бэлтгэлд гарах үеэр олимпийн хошой аварга Робейси Рамирес зугтсан гэдгийг албан ёсоор зарлав. Куба эр 2012 онд 18 настайдаа Лондоны олимпийн аварга болж, сонирхогчдын боксын түүхэнд хамгийн залуу аваргаар тодорсон билээ. Дөрвөн жилийн дараа Риогийн зуны олимпод тэр аварга цолоо хамгаалсан.
Ийнхүү олимпийн хошой аварга болсон найм дахь куба боксчин болсон юм. Сонирхуулахад, Р.Рамерис Лондоны олимпод түрүүлэхдээ Монголын Н.Төгсцогтыг ялж байв. Харин Риод жин өгсөөд АНУ-ын Шакур Стивенсоныг дийлж, хошой аварга болсон юм.
Гэхдээ Р.Рамерист олимпийн аварга цол амархан олдоогүй аж. 2011 оны ДАШТ-д шөвгийн 16-д ялагдсан бол 2014 онд шигшээ багаасаа хасагдаж, зургаан сарын дараа эргэн ирсэн ч 2015 оны ДАШТ-д Куба улс түүний оронд өөр тамирчин илгээж байв.
Р.Рамерис одоо мэргэжлийн бокст орох эсэх нь олны анхаарлыг татаж байна. Өдгөө 25 настай куба эр Кубын шигшээ багт эргэн ирэхгүй бол мэргэжлийн бокст орох эрх нь нээлттэй болно. Тэрбээр нэгэн үе мэргэжилд өрсөлдөх бодолгүй, Токиогийн олимпод гурав дахь алтан медалиа авахыг хүсч байна гэж хэвлэлд ярилцлага өгч байлаа.