Англи 2:0 Швед
Гоол: Харри Магуайр 30, Дэлэ Али 59
Тоглолтын шилдэг: Жордан Пикфорд
Хөлбөмбөгийн эх орон гэгддэг Будант Албион арлынхан 1950 оноос хойш ДАШТ-д оролцож эхэлсэн. Энэ хугацаанд гурван удаа өнжиж (1974-78, 1994) байсан бол хагас шигшээд хоёр удаа шалгарч байв. 1966 онд нутагтаа дэлхийн аварга цолыг авсан бол 1990 онд дөрөвдүгээр байр эзэлсэн удаатай. Энэ удаад шөвгийн 8-д тал таардаггүй Шведтэй учраа таарсан. Тэд хоорондоо 25 удаа учраа таарч, Англи 8-д нь хожсон бол 9 удаа тэнцэж, 7-д нь Скандинавын хойгийн баг ялжээ. ДАШТ-д бол хоёр удаа эвийн гэрээ байгуулж байлаа.
Тэгвэл энэ удаа залуухан Гурван арслангууд 2:0-ээр ялж, гурав дахиа хагас шигшээд тунаж үлдлээ. Эхний гоолыг булангийн цохилтоор “Гурван арслангууд”-ын хамгийн өндөр (194 см) хамгаалагч Харри Магуайр мөргөж оруулав. Өдгөө 25 настай “Лестер Сити”-гийн хамгаалагч шигшээдээ анхны гоолоо оруулсан нь энэ юм.
Х.Магуайр ДАШТ-ий хасагдах шатанд шигшээгийнхээ анхны гоолыг оруулсан дөрөв дэх англи тоглогч болсон юм. Түүнээс өмнө Алан Мульери, Дэвид Платт, Рио Фердинанд нар улсынхаа төлөөх эхний гоолыг ДАШТ-ий хасагдах шатанд оруулж байжээ.
Английн шигшээ баг ДАШТ-д хийсэн 22 тоглолтын эхний хагаст тэргүүлсэн үедээ ердөө ганцхан хожигдол амсаж байжээ. Бусад 17 тоглолтод хожиж, 4-т нь тэнцсэн түүхтэй. Ганц ялагдал нь 1970 оны шөвгийн 8-д Баруун Германы багт дийлдсэн аж.
Гэхдээ “Тоттенхэм”-ийн залуу од Дэлэ Али хоёрдугаар хагаст мөргөж гоол оруулснаар тооны харьцааг холдуулж, ялалтаа баталгаажуулав. Англичууд ийнхүү нэг ДАШТ-д 11 дэх гоолоо оруулсан нь 1966 онд түрүүлсэн багийнхантай ижил бол Д.Али гоол оруулснаар хамгийн олон англи тоглогч буюу 5 өөр хүн ДАШТ-д гоолдсон дээд амжилтыг давтлаа. Өмнө нь 1954, 1998, 2002 онд л таван англи тоглогч гоолдсон удаатай.
Түүнчлэн 22 нас, 87 хоногтой Д.Али ДАШТ-д гоол оруулсан Английн хоёр дахь залуу тоглогчоор тодров. Энэ рекордыг Майкл Оуэн эзэмшдэг. Тэрбээр 1998 онд Румыний эсрэг 18 нас, 190 хоногтойдоо гоол оруулсан билээ.