Хорват 2:2 ОХУ (4:3 т.ц)
Гоол: Андре Крамарич 38, Домагой Вида 101, Денис Черышев 31, Марио Фернандес 115
Тоглолтын шилдэг: Лука Модрич
Нутаг дээрээ буй оросуудын хувьд том давуу тал нь үзэгчид байлаа. Нэг жишээ дурдахад зохион байгуулагч орноос шөвгийн 8-д тоглосон сүүлийн таван тохиолдолд бүгдэд нь эзэн орны баг ялсан түүх бий. Тодруулбал, Италийн шигшээ баг 1990 онд, францчууд 1998 онд, Өмнөд Солонгос 2002 онд, Герман 2006 онд, Бразил 2014 онд ийм амжилт үзүүлж байлаа. Гэхдээ эдгээрээс ганцхан Франц улс л аварга болсон билээ.
Харин Хорватын шигшээ багийн хувьд эзэн орны багтай ДАШТ-д хоёр удаа таарч, хожигдсон юм. Францтай 1998 онд хагас шигшээд учраа таарч, 2:1-ээр хожигдсон бол дөрвөн жилийн өмнө Бразилтай хэсгийн хүчээ үзэж, 3:1-ээр дийлдсэн удаатай.
Тоглолтын эхнээс л хорватууд илүү бөмбөг эзэмшиж, довтолгоонд санаачилгатай байсан боловч төгсгөлөө гүйцээж чадахгүй байв. Харин оросууд сөрөг довтолгооноор гоолын салхийг хагаллаа. Артем Зюбагийн дамжуулалтаар Денис Черышев холоос ганган гоолын эзэн боллоо. Ийнхүү Д.Черышев энэ удаагийн ДАШТ-д дөрвөн гоол оруулсан үзүүлэлтээр Олег Саленкогоос хойш хамгийн олон гоол (6) оруулсан тоглогч болжээ.
Гэхдээ энэ гоолоос удалгүй Андре Крамарич хариуг нь барьсан юм. Марио Манзукичийн дамжуулалтаар мөргөж, Игорь Акинфеевийн хаалганы торыг хөдөлгөв. Ингэснээр Хорватаас ДАШТ-д гоол оруулсан долоо дахь тоглогчоор А.Крамарич тодорсон юм. Энэ үзүүлэлтээр Бельги улс тэргүүлж буй бөгөөд тус багийн 9 тоглогч гоолджээ.
Үүнээс хойш үндсэн цагт дахин гоол орсонгүй. Хорватууд илүү бөмбөг эзэмшиж, аюултай довтолгоог хийсэн ч эзэн орны сөрөг довтолгоо ч бас эсрэг багийн хамгаалагчдыг сандаргаад амжсан. Ялангуяа үндсэн цагийн 89 дэх минутад хаалгач Данэьл Субашичийн шөрмөсний бэртэл сэдэрсэн нь Хорватын хувьд аюулын дохио болов. Гэхдээ Д.Субашич шийр зааж, тоглолтын нэмэлт цагийг дуустал багийнхаа төлөө зүтгэсэн юм. Нэмэлт цагийн эхний хагаст Доменгой Видагийн мөргөж оруулсан гоолын ачаар хорватчууд тоогоор илүү гарсан ч 115 дахь минутад “бразил цагаач” Марио Фернандес чөлөөт цохилтоос ирсэн бөмбөгийг мөргөж тэнцүүлснээр энэ хоёр баг дараалан торгуулийн цохилтоор ялагчийг зарлах боллоо.
Талбайн эзэн оросууд шөвгийн 16-д Испанийг торгуулийн цохилтоор ялж, И.Акинфеевийн зүүн хөл ярианы сэдэв болж амжсан бол Хорватын баг Данийн шигшээтэй мөн л торгуулийн цохилтоор асуудлыг шийдвэрлэж, Д.Субашичийн гурван хаалтын ачаар ялсан билээ.
Оросууд анхны цохилтыг гүйцэтгэх боллоо. Эхний цохилтоо “Краснодар”-ын Фёдор Смоловт даатгалаа. 28 настай энэ довтлогч 2015 оноос хойш клубтээ 73 тоглолтод 52 гоол оруулсан. Оросын лигийн мэргэн буучаар хоёр удаа тодорч байсан их эр. Түүний өөртөө итгэлгүй, сулхан цохилтыг Д.Субашич алдалгүй хаалаа. Эсрэг талаас нь Марсело Брозович өөртөө олдсон боломжийг алдсангүй. Ингээд давуу тал талбайн эздэд бус Хорватад очив. Харин Оросын талаас Алан Загоев гоолдож, харин Матео Ковачич алдсанаар буцаад тэгээс эхлэхээр боллоо. Гэвч тэнцээний гоол оруулж, баатар болсон бразил гаралтай М.Фернандес цохилтоо алдсанаар энэ тоглолтод хожих баг тодорлоо. Лука Модрич, Домагой Вида, Иван Ракитич нар алдаа гаргаагүй тул талбайн эздийг хожиж, хоёр дахиа шөвгийн дөрөвт шалгарлаа.
Хорватууд ДАШТ-ий түүхэнд хоёр дараалан торгуулийн цохилтоор хожсон хоёр дахь баг болжээ. Өмнө нь 1990 онд Аргентинийн шигшээ баг Югослав болон Италийг торгуулийн цохилтоор хожиж, шигшээд шалгарсан удаатай.