Хорватын шигшээ багийн хамгаалагч Домагой Вида ОХУ-ыг хожсоныхоо дараа цахим хуудсанд спортод тохирохгүй үйлдэл хийснийхээ төлөө уучлалт гуйж, Олон улсын хөлбөмбөгийн холбооноос сануулга авчээ.
Хорват, ОХУ-ын эсрэг тоглолтын гурав дахь гоолыг мөргөж оруулсан Д.Вида дараа нь торгуулийн цохилтоо оновчтой болгож, багаа ялалтад хүргэхэд том тус болсон билээ. Одоогоор Туркийн “Бешикташ” клубт данстай ч өмнө нь Украины “Динамо”-д зүтгэдэг байсан 29 настай эр тоглолтын дараа Украины спортын сэтгүүлч Андрей Шаховын хувийн цахим хуудсаар тавьсан бичлэгт “Украин мандтугай” хэмээн орилсон юм.
Энэ нь олон оросуудын дургүйг хүргэжээ. Бичлэгт Д.Видагаас гадна өмнө нь Хорватын шигшээ багт зүтгэж мөн Украины клубт тоглож байсан, одоо бол шигшээ багийнхаа шинжээчийн үүрэг гүйцэтгэдэг Огнен Вукоевич видео бичлэг хийж, өөрийн цахим хуудсанд тавихдаа “Энэ ялалтыг “Динамо Киев” болон Украины ард түмэнд зориуллаа” гэж ярьсан юм.
Уг хоёр бичлэгийг Youtube хуудсанд тавигдсанаас цагийн дотор 800 мянган хүн үзэж, хоёр улсын хэвлэл мэдээллээр цацагдсан юм. Түүнчлэн Москва болон Киевийн хүйтэн харилцааг сануулсан, улс төрийн санаатай үйлдэл болжээ.
Харин Д.Вида хэлсэн үг, хийсэн үйлдэлдээ харамсаж байгаагаа илэрхийлэв. Таван улирал Украинд зүтгээд энэ жилээс Туркт очсон хорват эр Украин дахь найзууддаа зориулсан наргиа байсан гэдгээ онцлоод “Оросуудад буруу санасан зүйл байхгүй. Улс төрийн ямар нэг зорилго агуулаагүй” гэж ярьжээ. Зарим оросууд түүнийг хийсэн үйлдэлд нь буруутгаж, Олон улсын хөлбөмбөгийн холбооноос торгууль оноох ёстой, Английн эсрэг тоглохгүй байх нь зөв гэж буруутгасан ч албаны төлөөлөгчид хатуу сануулга өгөөд өнгөрөх нь зүйтэй гэж үзсэн байна.