Хорват 2:1 Англи
Гоол: Иван Перишич 68, Марио Манзукич 109, Киран Триппьер 5
Тоглолтын шилдэг: Иван Перишич
Одоогоос 28 жилийн шөвгийн 4-т шалгарч байсан 1966 оны дэлхийн аварга Англи, 1998 оны ДАШТ-ий хүрэл медальт Хорватын шигшээ багийн гал гарсан ганган тулаан Лужники цэнгэлдэхэд хурсан олныг хөгжөөв.
Энэ тоглолтын эхний гоолыг англичууд оруулав. Хорватын багийн ахлагч Лука Модричийн гаргасан алдаанд шүүгч чөлөөт цохилт заасан бөгөөд “Тоттенхэм”-ийн Киран Триппьер олдсон боломжоо ашиглаж, гоолын салхийг хагаллаа. Английн багийн хувьд энэ тэмцээний 12 дахь гоолоо бүртгүүлсэн бөгөөд стандарт цохилт, булангийн цохилт зэргээс 9 гоол оруулсан нь 1966 оноос хойших хамгийн олон гоол оруулсан баг болжээ. Харин залуу К.Триппьерийн хувьд ДАШТ-д чөлөөт цохилтоос гоол оруулсан хоёр дахь англи тоглогч болов. Өмнө нь 1998, 2006 онд алдарт Дэвид Бекхэм гоол оруулж байлаа.
Эхний хагаст англичууд үл ялиг давуу тоглолт үзүүлсэн. Бүр тооны харьцааг холдуулах алтан боломж ч гаргасан юм. Харин хоёрдугаар хагаст оноо дутуу яваа Хорватын бүрэн давамгайлал дунд өндөрлөв.
Тэдний олон удаагийн оролдлого 68 дахь минутад амжилттай боллоо. “Атлетико Мадрид”-ын жигүүрийн хамгаалагч Шиме Врсалькогийн төв рүү өгсөн дамжуулалтыг Иван Перишич гоол болгож тооны харьцааг тэнцүүллээ. Үүнээс ердөө дөрвөн минутын дараа өнөөх л И.Перишич багтаа тэргүүлэл авчрах тун дөхөв. Английн багийн хамгаалалтад гарсан алдааг хорватууд чадварлаг ашиглаж, И.Перишич цохисон ч шон оносон юм. И.Перишич ийнхүү ДАШТ-д дөрөв дэх гоолоо оруулав. Түүний өмнө Хорватын алдарт Давор Шукер зургаан гоолтой бичигддэг.
Хэдийгээр хорватууд эхний гоолоо оруулаад тоглолтын санаачилгыг гартаа авсан ч Ж.Пикфордын хаалгыг мялааж чадсангүй. Ингээд нэмэлт цаг гарах нь тодорхой боллоо. Нэмэлт цагийн эхний хагаст хоёр баг гоол оруулаагүй бол хоёрдугаар хагаст 108:03 минутад И.Перишичийн дамжуулалтаар Марио Манзукич хожлын гоол орууллаа. Тэрбээр 108 дахь минутад гоолдсон үзүүлэлтээр Хорватын шигшээгийн хамгийн орой орсон гоолыг хийсэн бол түүнчлэн Английн шигшээгийн хамгийн орой алдсан гоол болжээ.
Сонирхуулахад, сүүлийн 18 ДАШТ-ий хагас шигшээд шалгарсан баг эхний хагаст тэргүүлж эхэлсэн бол хоёрдугаар хагаст тэр чигтээ дуусдаг уламжлалтай. Энэ 18 хагас шигшээд ганцхан удаа буюу 1990 онд Итали, Аргентинийн тоглолт торгуулиар шийдэгдэж, Аргентин хожсон түүхтэй.