Египетийн хэвлэл мэдээллээр тус улсын спортын нэгэн албан тушаалтан 2032 оны олимпын сонгон шалгаруулалтад тус улс өрсөлдөнө гэдгийг мэдээлэв. Одоогоор энэ мэдээлэл баттай бус, учир нь 2032 оны сонгон шалгаруулалтад албан ёсоор нэр дэвшсэн улс одоохондоо тодроогүй. Олон улсын олимпын хороо тэр үед аль улсад олимп болохыг 2025 онд шийднэ.
Египет улс олимп зохион байгуулсан Африк тивийн анхдагч улс болохыг хүсдэг. Тэд эртнээс ийм хүсэлтэй байсан бөгөөд хамгийн анх 1916 оны олимпд Александр хот нэр дэвшиж байлаа. Хожим Германы Берлинд болохоор шийдвэрлэсэн ч дэлхийн нэгдүгээр дайны улмаас цуцлагдсан түүхтэй.
Дараа нь 1936, 1940 оны олимпыг Александр хотод зохион байгуулахаар төлөвлөсөн ч зөвхөн яриа, цуурхал төдийгөөр л үлджээ. Өнөөгийн Египетийн нийслэл Каир хот 2008 оны олимпын сунгаанд өрсөлдсөн ч эхний шатаа давж чадаагүй.
Хар тивийнхэн нутагтаа олимп зохион байгуулах хүсэлтэй. Энэ хүслийг биелүүлэх дөхсөн улс бол Өмнөд Африк. Тэд 2004 оны олимпын сунгаанд Кейптаун хотоо өрсөлдүүлсэн ч Афин болон Ромын ард гуравдугаарт жагссан. Өмнөд Африкийн спортын албаныхан 2024 оны сунгаанд өрсөлдөх хүсэлтэй хэмээн мэдэгдсэн ч хүчтэй нэр дэвшигч болж чадаагүй юм.
Сонирхуулахад, өнгөрсөн дөрөвдүгээр сард Энэтхэгийн олимпын хороо 2032 оны олимпын сунгаанд өрсөлдөх хүсэлтэйгээ зарласан. Энэтхэгчүүд олимпын сунгааны эцсийн шатанд өрсөлдөж байгаагүй ч 2010 онд Хамтын нөхөрлөлийн орнуудын наадмыг зохион байгуулсан туршлагатай. Гэхдээ Шинэ Дели хотод болсон тус тэмцээний үеэр олон байшинд гал гарч, аюулгүй байдал, дэг журам алдагдсан асуудал их гарсан юм. Түүнчлэн тамирчдын тосгон бусдын сэтгэлд хүрээгүй, авилгал хээл хахуулийн асуудал гарч, хэл ам дагуулсан билээ.