Бельгийн алтан үе хүрэл медаль хүртлээ

1273

Бельги 2:0 Англи

Гоол: Тома Мёнье 4, Эдин Азер 82

Тоглолтын шилдэг: Эдин Азер


Бельгийн “Улаан чөтгөрүүд” 1986 онд ДАШТ-ий шөвгийн дөрөвт үлдэж байлаа. Тэр үед хасагдах шатанд Данийг 5:1-ээр, Испанитай 1:1-ээр тэнцсэн ч торгуулийн цохилтоор хожиж, улмаар Аргентинд 2:0, Францад 4:2-оор хожигдоод медальгүй хоцорч байв. Харин тэдэнтэй хүрэл медалийн төлөө өрсөлдсөн Английн “Гурван арслангууд” 1966 онд түрүүлснээс хойш 1990 онд л хагас шигшээд хүрсэн даруухан түүхтэй. Тэд Бельги, Камеруныг нэмэлт цагт дараалан хожсон ч Баруун Германы багт торгуулиар дийлдэж, Италид хүрэл медалиа алдсан юм.

Үүнээс хойш энэ хоёр багт хагас шигшээд шалгарах боломж гараагүй. Харин өнөө жил нэг хэсэгт таарсан хоёр баг хүрэл медалийн төлөө өрсөлдөх тавилантай байв. Хамгийн сүүлд нэг ДАШТ-д хоорондоо хоёр удаа учраа таарсан тохиолдол 2002 оны Бразил, Турк байлаа. 

Хэдийгээр хүрлийн төлөөх тоглолтыг Бразил, Герман, Итали, Франц зэрэг олон медальтай томчууд “тоодоггүй” ч дээрх хоёр багийн хувьд тун чухал тоглолт болох нь эндээс харагдана. Ялангуяа Английн шигшээ багийн хувьд ДАШТ, Еврог оролцуулаад 100 дахь тоглолт гэдгээрээ онцлог. “Гурван арслангууд” ДАШТ-д 69, Еврод 31 тоглолтод оролцжээ.

Эхний гоолыг Насер Чадлигийн дамжуулалтаар Тома Мёнье оруулсан бол удаах гоолыг багийн ахлагч Эдин Азер 82 дахь минутад оруулж, тооны харьцааг холдуулаад зогсохгүй, багийнхаа ялалтыг бататгасан юм.

Сонирхуулахад, Т.Мёнье ДАШТ-д гоол оруулсан Бельгийн 10 дахь тоглогчоор тодорчээ. Энэ нь 1982 оны Франц, 2006 оны Италийн багийн нийт 10 тоглогч гоол оруулсан үзүүлэлттэй тэнцсэн юм. Түүнчлэн багийн ахлагч Э.Азер ДАШТ-д нийт 40 хууралт амжилттай гүйцэтгэсэн дөрөв дэх тоглогч болов. Уг сонирхолтой үзүүлэлтийг 1966 оноос хойш тооцоход Диего Марадона 1986 оны ДАШТ-д 53 удаа өрсөлдөгчөө хуурсан үзүүлэлтээр рекорд тогтоож, араас нь Бразилын алдарт Жаирзиньо 1970 онд 47, Аргентинийн Леонил Месси 2014 онд 46 хууралт гүйцэтгэсэн үзүүлэлтээр удаалдаг аж.