Мэнни Пакьяо дахин дэлхийн аварга боллоо

1504

Филиппиний боксчин Мэнни Пакьяо Аргентинийн боксчин Лукас Матиссетэй Малайзид тулалдлаа. Өнгөрсөн жил бокс сонирхогчдын хувьд төдий л нэр алдартай бус Австралийн Жефф Хорнд шүүгчийн саналаар ялагдаж, аваргын бүсээ алдсанаас хойш бүтэн жил гаруй хугацаанд рингэн дээр гараагүй М.Пакьяог нас нь явсан гэж шүүмжлэгсдэд энэ тулаан их зүйлийг харуулав. Өдгөө 39 настай, ирэх арванхоёрдугаар сард 40 нас хүрэх филиппин боксчин рингэндээ эргэж ирэхийн тулд олон ажлаа хойш тавьсан. Сагсан бөмбөгөөс албан ёсоор зодог тайлж, зөвхөн тулаандаа анхаарч эхэлсэн юм. Үр дүнд нь Л.Матиссег “будаа” болгов.

Түүний өрсөлдөгч нь амархан эр биш. WBA холбооны аваргын бүс эзэмшдэг аргентин боксчин замналдаа 45 тулаан хийж, 39-д нь ялсан бөгөөд 36-г өрсөлдөгчөө хүнд цохилтоор буулган авчээ.

М.Пакьяо тулааны эхнээс л залуугийнх шигээ эрч хүчтэй тоглолт үзүүлсэн. Түүний зүүн гарын хүчтэй цохилт байндаа тусч, гуравдугаар үед өрсөлдөгчөө хүнд цохилтод оруулсан юм. Энэ үед шүгэл дуугарч, завсарлагын цаг болсон нь Л.Матиссед сэргэх боломж олгов. М.Пакьяогоос ийм тоглолт харалгүй удсан. Тэрбээр хамгийн сүүлд 2009 онд Пуэрто Рикогийн Мигель Коттог хүнд цохилтоор ялж байв. Түүнээс хойш бүх өрсөлдөгчөө шүүгчийн саналаар илүүрхэж, ганцхан Хуан Мануэль Маркест л цагаасаа өмнө ялагдсан удаатай.

Ийм эрт, хүчтэй өрсөлдөгчөө хүнд цохилтод оруулсан нь М.Пакьяод ч улам эрч хүч хайрлав. Дараагийн дөрвөн үед тэр зогсоо зайгүй нүдсэн. Өөрийнхөө алдсан нэр хүндийг сэргээх, дэлхийн аварга болох сайхан боломж байгааг хашир боксчин мэдэрсэн биз. Тавдугаар үеийн төгсгөлд өрсөлдөгч нь түүний дайралтыг тэвчиж чадалгүй, өөрөө сөхрөв. Энэ үед бас л цаг дуусч, аргентин эрийг аварлаа. Гэхдээ долдугаар үед гурав дахиа унахад нь шүүгч шууд тоглолтыг зогсоож, М.Пакьяод ялалт өгөв. Ийнхүү филиппин тулаанч мэргэжлийн боксын рингэнд 60 дахь ялалтаа авч, харих болоогүй гэдгээ зарласан юм.

Мэнни Пакьяо энэ тулаанд эртнээс бэлдсэн. Өнгөрсөн жил ялагдсанаасаа хойш олон жил хамтарсан дасгалжуулагч Фредди Роачийн оронд Бубой Фернандестай хамт бэлтгэл хийх болсон юм. Хүчний болон сэргэлтийн дасгалжуулагчаар Жастин Фортен ажиллаж байгаа хэвээрээ ч Б.Фернандесийн туслахаар Нонито Донайрыг томилсон.

Үүнээс гадна М.Пакьяо “Top Rank Boxing”-той гэрээ нь дуусгавар болсон юм. Энэ тулааныг түүний өөрийн эзэмшилийн “MP Promotions” компани “Golden Boy”-той хамтарч, зохион байгуулсан юм.