Австралийн нэрт хөлбөмбөгчин Тим Кэхилл шигшээ багаасаа албан ёсоор зодог тайллаа. Тэрбээр Австралийн шигшээ багт 50 гоол оруулсан үзүүлэлтээр тэргүүлж, дөрвөн ДАШТ-д дараалан оролцсон анхны тоглогчоор тодорч байв.
Цагтаа Английн “Эвертон”, АНУ-ын “Нью Йорк Ред Буллс”, БНХАУ-ын “Шанхай Шенхуай” клубт зүтгэж байсан австрали довтлогч 20 жилийн өмнө мэргэжлийн хөлбөмбөгчний гараагаа эхэлсэн нутгийнхаа “Миллуолл” багт буцаж, хэдийнэ 10 тоглолтод оролцоод буй.
Шигшээ багийнхаа төлөө 107 тоглолтод оролцсон үзүүлэлтээр хаалгач Марк Шварцерын (109) ард бичигддэг Т.Кэхилл анхны тоглолтоо 2004 оны гуравдугаар сарын 30-нд хийж байлаа.
Тим бол Австралийн шигшээ багтаа домог болсон тоглогч юм. 2006 онд анхны ДАШТ-д оролцож, улсынхаа түүхэн дэх анхны гоолын эзэн болж байлаа. Түүний хоёр гоолын ачаар австраличууд өрсөлдөгч болох Японы багийг 3:1-ээр буулган авч, улмаар анх удаагаа шөвгийн 16-д шалгарсан түүхтэй. Улмаар Т.Кэхилл гурван ДАШТ-д (2006, 2010, 2014) дараалан гоол оруулсан билээ.