Ямайкийн нэрт гүйгч, олимпийн найман удаагийн аварга Усайн Болт гүйлтээс гадна өөр олон спортод авьяастай нэгэн. Түүний хувьд №1 спорт нь крикет аж. Пакистаны шигшээ багийг үнэн сэтгэлээсээ дэмждэг У.Болт хэрвээ хөнгөн атлетикаар хичээллээгүй бол крикетийн тамирчин болох байсан гэж ярьсан удаатай. Түүнчлэн 2013 онд сагсан бөмбөгийн бүх оддын тоглолтод оролцож, хөлбөмбөгөөр нөхөрсөг тоглолтод оролцоод амжсан.
Өдгөө 31 настай нэрт гүйгч Английн “Манчестер Юнайтед” багийг дэмждэг. Тэрбээр өнгөрсөн жил их спортоо орхисноос хойш “Борусси Дортмунд”, Норвегийн “Стрёмсгодсет” багуудад бэлтгэл хийж байв.
Дэлхийн хамгийн хурдан хүнийг Австралийн “A” лигийн баг болох “Централ Коаст Маринерс” баг сонирхож буй аж. Австралийн хөлбөмбөгийн дээд лигт багтдаг 10 багийн нэг “Централ Коаст Маринерс” клубийн эзэд “Цахилгаан” хочит Болттой цалин мөнгөний асуудал дээр тохиролцсон бололтой. Хэрвээ гэрээ байгуулвал авах цалингийн 70 хувь нь баталгаатай буюу гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан ч У.Болт цалингийнхаа ихэнх хувийг авах аж.
Гэхдээ одоогоор баттай гэрээ байгуулаагүй. Учир нь У.Болтын хөлбөмбөгчин болох хүслийг нь биелүүлэх ганц баг бол тэд биш. Түүнд Турк, АНУ-ын лигээс багтаа тоглуулах хүсэлт ирж байгаа учир бодох хугацаа хэрэгтэй байгаа бололтой.