“Формула 1” уралдааны 11 дэх гараа Германы Хоккейнхэм хотноо тун сонирхолтой өрнөлөө. Бямба гаригт болсон байрлал тогтоох уралдаанд “Феррари”-гийн Себастьян Феттель өнгөлж, түүнтэй аваргын төлөө өрсөлдөж буй “Мерседес”-ийн Льюс Хэмилтоны хөлөгт асуудал гарснаар 14-өөр гарах болсон юм.
ДАШТ-ий эхнээс л С.Феттель тун өнгөтэй байлаа. Тэр эхний хоёр гараанд дараалан түрүүлж, 10 гарааны дараагаар нийлбэр дүнгээр тэргүүлж байсан ч ганцхан гаргасан алдааныхаа уршгаар гол өрсөлдөгчөө урдаа алдав.
Хэдийгээр Л.Хэмилтон байрлал тогтоох уралдаанд азгүйтсэн ч жинхэнэ уралдаанд манлайлагч байж чадсан юм. Түүний гол өрсөлдөгч С.Феттель 52 дахь тойрогт замаас гарсан тул энэ боломжийг британи залуу овжин ашиглаж, нэг багийн хамтрагч, Финландын Валттери Боттасынхаа ачаар хэрэгтэй 25 оноогоо авлаа. Ингэснээр Л.Хэмилтон энэ улирлын дөрөв дэх гараандаа түрүүлж, 188 оноогоор нийт дүнгээр тэргүүлж эхэлсэн юм.
Л.Хэмилтоны ард 171 оноотой С.Феттель, 131 оноогоор Кими Райкконен нар удаалж буй. “Мерседес”-ийн нисгэгч, финланд залуу В.Боттас тав дахь гараандаа дэд байрт орсноор 122 оноогоор дөрөвдүгээр байрт жагсаж байна.
Британи нисгэгч Л.Хэмилтон Германы гараанд дөрөв дэх удаагаа түрүүлж буй. Ингэснээр домогт Михаил Шумахерийн дөрөв түрүүлсэн амжилттай зэрэгцэв.