Райан Лохте 14 сар тэмцээнд оролцох эрхгүй

1429

АНУ-ын нэрт усанд сэлэгч Райан Лохте дахиад л асуудалд оржээ. Риогийн олимпийн үеэр өөрийгөө зодуулж, дээрэмдүүлсэн хэмээн худал мэдүүлж, дуулиан тариад амжсан энэ эр допинг хэрэглээгүй ч АНУ-ын допингийн эсрэг хуулийг зөрчсөн тул тэмцээнд оролцох эрхээ 14 сараар хасууллаа. Өдгөө 33 настай түүний хувьд энэ шийдвэр их спортоо орхих шалтгаан болж магадгүй юм.

Олимпийн 12 медальт, АНУ-ын усанд сэлэлтийн түүхэнд Майкл Фелпсийн дараа бичигдэх амжилттай Р.Лохтег ямар дүрэм зөрчөөд эрхээ хасуулсан юм бэ гэж та гайхаж магадгүй. Тэгвэл дээрх зурагнаас болоод л түүний эрхийг хязгаарлах шийдвэр гаргажээ. Цахим ертөнцөд тавьсан уг зурагт Р.Лохте дусал залгуулж байгааг та анзаарсан байх. Тамирчид эмнэлэгт хэвтэх, чөлөөлөгдөхөөс бусад тохиолдолд дусал залгуулах нь хориотой байдаг учир түүнд арга хэмжээ авахаас өөр аргагүй болжээ.

Гэм буруугаа Р.Лохте хүлээн зөвшөөрсөн юм. Энэ талаар хэвлэлийн бага хурал дээр “Дүрэм бол дүрэм. Би техникийн зөрчлийг хүлээн зөвшөөрч байна. Би допинг хэрэглээгүй ч дүрэм зөрчсөн. Бусад тамирчид миний алдаанаас суралцах байх” гэж ярьжээ.