Бичлэг: Холимог тулаанч Жаред Гордоны зодооны бичлэг таржээ

1689

UFC-гийн тулаанч Жаред Гордон гудамжинд зодоон хийж, гарандаа 21 оёдол тавихад хүрсэн аж. Тэрбээр бараг гурван хуруугаа алдах дөхсөн гэнэ.

Уг хэрэг өнгөрсөн арванхоёрдугаар сард Нью-Йоркийн Куинс дүүрэгт болсон юм.

Өдгөө 29 настай Гордон өөрийн найз болох Жеффрей Гальардогийн хамт үсчний газрын өмнө кофе ууж, юм яриад зогсож байх үеэр дээрмийн бүлгийн хоёр гишүүн зөрөхдөө Жеффрейгийн найзтай үг зөрж, улмаар зодоон болжээ.

Зодооны үеэр үсчний газрын цонх хагарч, улмаар Ж.Гордон гарандаа гэмтэл авсан аж. Хожим 21 оёдол тавиулаад зогсохгүй, хурдан эдгээхийн тулд хагалгаанд хүртэл орсон удаатай. Учир нь Ж.Гордон UFC 126 тулаандаа бэлтгэх шаардлагатай байсан юм. Тэр Карлос Диего Феррейратай зодоон болсоноос хоёр сарын дараа тулалдах ёстой байлаа. Уг тулаан хоёрдугаар сарын 18-нд болсон ч харамсалтай нь, Ж.Гордон ялагдсан билээ.

Гордон болон Гальардо нарыг өөрийгөө хамгаалах зорилгоор зодоонд оролцсон гэж үзсэн тул шүүх хэрэгт холбогдолгүй, хохирогчоор оролцуулсан. Харин үсчний газар даатгалтай байсан тул ямар нэг нөхөн төлбөр нэхээгүй аж.