10 настай хүү домогт Майкл Фелпсийн дээд амжилтыг эвдэв

1321

Калифорнид амьдардаг 10 настай Кларк Кент Апуада хүү 1995 онд Майкл Фелпсийн тогтоосон дээд амжилтыг эвджээ. Нутагтаа зохиогдсон “Far West International Championship” хэмээх тэмцээнд К.Апуада 100 метрийн эрвээхэй сэлэлтэд 1:09:38 секундэд барианд орж, одоогоос 23 жилийн өмнө тогтоосон М.Фелпсийн дээд амжилтыг нэг секундээр шинэчлэв.

23 жилийн турш хэний ч эвдэж, давтаж чадаагүй энэ рекордыг олимпийн 23 алтан медальт М.Фелпс мөн 10 насандаа тогтоож байв.

Тус тэмцээний хамгийн залуу оролцогч гэгдэх К.Апуада нийт долоон алтан медаль хүртэж, ирээдүйтэй усанд сэлэгч гэдгээ зарласан юм.

Энэ хүүгийн талаар багш Диа Риана CNN-д өгсөн ярилцлагадаа “Дасгалжуулагчийн ажил хийснээс хойш түүн шиг хүүг өмнө нь харж байгаагүй. Тэр бол төрөлхийн авьяастай нэгэн” гэж магтжээ.

Харин 10 настай шинэхэн аварга хүү “Би энэ спортод хайртай. Маш олон хүмүүс надад тусалдаг. Багш, гэр бүлийнхэн бүгд намайг дэмждэг” гэж ярьсан юм.

Тэр хэдийнэ шинэ хочтой болсон. Хүмүүс нутгийн хүүг “Суперман” гэж хочлох болжээ.