Энэ жилийн ДАШТ-ий өмнөх сүүлийн сорилго гэж хэлж болох Унгарын Будапештийн гранпри тэмцээний сугалаа тодорчээ. Тэмцээний эхний дөрвөн жингийн барилдаан өнөөдөр явагдах юм.
Манай улсаас эрэгтэйчүүдийн 60 кг-д дэлхийн аваргын алт, хүрэл медальт Ганбатын Болдбаатар, залуу жүдоч Лхагважамцын Өнөболд нар зодоглож буй бол 66 кг-д Довдонгийн Алтансүх, Адьяагийн Батсуурь, 73-т Ганбаатарын Одбаяр, эмэгтэйчүүдийн 48 кг-д залуу жүдоч Ганбаатарын Наранцэцэг нар өрсөлдөх юм.
ЭМЭГТЭЙ
48 кг:
- Г.Наранцэцэг “С” хэсэгт багтсан бөгөөд эхний тойрогт ОХУ-ын Сабина Гилиазоватай хүч үзнэ. Түүний эхний өрсөлдөгч нь өдгөө 23 настай, их дуулгаас мөнгө, хүрэл гранпри тэмцээнээс хүрэл медаль хүртсэн жүдоч. Түүнийг ялвал 22 настай Аргентинийн Кейси Перафантай учраа таарна. Хоёр ялж дөнгөвөл “С” хэсгийг тэргүүлж буй олимп, дэлхийн хүрэлтэй Унгарын жүдоч Эва Черновицки, Их Британийн Кимбэрлэй Реникс нарын ялсантай өрсөлдөх аж.
ЭРЭГТЭЙ
60 кг:
- Гавьяат тамирчин Г.Болдбаатар “С” хэсэгт багтсан. Тэрбээр эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Чилийн Уго Вератай хүч сорино. Өрсөлдөгчөө ялвал Унгарын Чаба Сабо, Эквадорын Ленин Пресиадо нарын хожсонтой нь таарах юм. Энэ хэсгийг ОХУ-ын Роберт Мшвидобадзе тэргүүлж буй.
- Залуу жүдоч Л.Өнөболд “А” хэсэгт багтсан. Эхний тойрогт хийлээд Украины Вадим Черновтой барилдана. Түүнийг ялвал энэ жингийг тэргүүлж буй Японы жүдоч Рюжү Нагаяама, Балбын Мохан Бам нарын хожсонтой хүч сорих гэнэ.
66 кг:
- Д.Алтансүх “Д” хэсэгт багтсан бөгөөд эхний тойрогт Италийн Мануэль Ломбардо, түүнийг ялвал Польшийн Патрик Вавршичек, Бельгийн Кеннет ван Гансбеке нарын ялсантай нь барилдана. Энэ хэсгийг Беларусийн Дмитри Минкоу тэргүүлжээ.
- Харин А.Батсуурь Украины алдарт бөх Георгий Зантарайагийн тэргүүлж буй “А” хэсэгт оржээ. Эхний даваанд Бостванагийн Гавин Могопаг дийлвэл Сербийн Страина Бунчич, Гвини-Биссаугийн Диого Сесарь нарын ялсантай нь барилдана.
73 кг:
- Г.Одбаяр энэ жингийг тэргүүлж байгаа. Эхний тойрогт хийлж, Унгарын Андрас Матиц, Австрийн Кристофер Вагнер нарын ялсантай нь хүч үзнэ.